Нийтлэгдсэн 2015-09-03

“ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ”-ЫН ӨРГӨТГӨЛИЙН АЖЛЫН ЯВЦ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын зай талбайг нэмэгдүүлэх, Транзит заал бий болгох төслийн ажлын явцтай өнөөдөр ИНЕГ-ын НААХЗГ-ын дарга М.Эрдэнэбатмөнх танилцлаа.

  2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхэлсэн нисэх буудлын зай талбайг нэмэгдүүлэх, Транзит заал бий болгох ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 45 хувьтай ид өрнөж байна. Гэрээнд заасан хугацааны дагуу тус ажлыг энэ сарын сүүлээр хүлээлгэн өгснөөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Олон улсын зорчигчдын явагчдын танхим 506 мкв-аар, ирэх зорчигчдын танхим 388 мкв-аар тус тус нэмэгдэх юм. Мөн 2088 мкв талбай бүхий, цагт 400 хүнд үйлчлэх хүчин чадалтай транзит заал шинээр ашиглалтад орно. Ингэснээр манай улсад зохион байгуулагдах АСЕМ-ын уулзалтад оролцох зочид төлөөлөгчдийг хүлээн авах, нисэх буудлын үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой болохын зэрэгцээ “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өргөтгөл хийж, транзит тээврийн үйлчилгээ үзүүлэх танхим шинээр нээснээр дотоодын агаарын тээвэрлэгч компаниудад транзит зорчигчдын тээвэр хийх, зорчигчдын шинэ чиглэл нээх бололцоог бий болгох, нисэх буудлаар үйлчлүүлэх зорчигчдын тоог нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

  Мөн энэхүү бэлтгэл ажлын хүрээнд тус нисэх буудлын аэродромын инженерийн байгууламжийн их засварын ажил хийгдэж байна. Хөөрч буух зурвасын төгсгөлийн 500 м талбайд их засварын ажил, 4С ангиллын 9 агаарын хөлгийн зогсоолыг шинээр барих ажил, агаарын хөлгийн явгалах замын их засварын ажил ид өрнөж байна. Үүн дотроос 4С ангиллын 9 агаарын хөлгийн зогсоол барих бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 49 хувьтай байна.

 “Хөөрч буух зурвасын төгсгөлийн 500 м талбайн суурийн засварын ажлууд хийгдэж байна. 9 сарын эхний 7 хоногт багтаагаад суурийн хучилт, хүчитгэлийн ажлуудыг эхлэнэ. Эдгээр ажлууд нь үндсэн зурваст хийгдэж байгаа учир шөнийн цагаар, нислэгийн завсар зайгаар гүйцэтгэж байгаа ч Нисэх буудлуудын удирдах газраас асуудлыг оновчтой зохион байгуулж байгаагийн үрээр өнөөдрийн байдлаар төлөвлөгөөт ажил саадгүй хэвийн үргэлжилж байна. Шинээр барьж буй 4С ангиллын 9 агаарын хөлгийн зогсоолыг оруулаад Буянт-Ухаа аэродромд нийтдээ 39 агаарын хөлөг зогсох зогсоолыг бий болгохоор ажиллаж байна” хэмээн “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Техник ашиглалтын газрын дарга Н.Мягмарсүрэн хэллээ.

  Эдгээр ажлын гүйцэтгэлд хяналт тавихаар ИНЕГ болон Нисэх буудлуудын удирдах газраас хяналтын баг томилогдон ажиллаж байгаа ба төслийн ажилтай холбоотой шийдэх асуудлуудыг дор бүр нь шуурхай шийдэж өгч байгаа нь төслийг хугацаанд нь ашиглалтад хүлээлгэн өгөхөд ихээхэн дэмжлэг үзүүлж байгааг төслийн гүйцэтгэгчид онцоллоо.