Нийтлэгдсэн 2018-07-30

САНСРЫН ХӨЛГИЙН БУУГЧ АППАРАТИЙГ ОЛЖ НИСГЭГЧ НАРЫГ АВАРЛАА

Монгол, ОХУ-ын иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах албадын хамтарсан “SAREX-2018” тавдугаар сургуулилт энэ сарын 22-27-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд найрамдах буриад улсын хот, Улаан-Үүдийн бүс нутагт боллоо.

Сургуулилтад Монголын талаас Иргэний нисэхийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Б.Алтанцомоор ахлуулсан ажлын хэсэг, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтсийн дарга, хурандаа Г.Бат-Орших, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга хурандаа Б.Мандахгэрэл, Онцгой байдлын байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн захирагч, хурандаа Д.Намсрай ангийн бие бүрэлдүүний хамт оролцсон.

Харин ОХУ-ын талаас Агаарын тээврийн холбооны агентлаг болон анх удаа Сибирийн нисэх сансрын Эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны төв оролцож Сансрын хөлгийн буугч аппаратийг эрэн хайх, сансрын нисгэгч нарыг авран туслах үйл ажиллагаагаар сургалтыг зохион байгуулсан юм.

Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ИКАО/-д өндрөөр үнэлэгддэг энэхүү хөрш хоёр улсын хамтарсан сургуулилт өмнө нь уулархаг нутаг, ой мод, ус далай, элсэн цөлд иргэний агаарын тээврийг эрж хайх, нисгэгч болоод зорчигчдод эмнэлгийн анхны тусламж үзүүлж аврах сургуулилт хийж байсан.
Харин энэ удаа сансарт хөөрсөн агаарын хөлөгт гэмтэл гарч эх дэлхий рүү буцсан буугч аппаратийг олох, сансрын нисгэгч нарт тусламж үзүүлэх сургуулилтыг анх удаа зохион байгуулж, оролцогч байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо, бэлэн байдлыг шалгасан сургуулилт болов.

Сургуулилтад зочноор Монголын анхны сансрын нисгэгч, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа, ОХУ-ын сансрын нисгэгч, Монгол Улсын баатар Владимир Александрович Жанибеков нар хүрэлцэн ирснээс гадна Буриад улсын төр захиргааны байгууллагын төлөөллүүд ач холбогдол өгч сургалтын явцтай танилцаж үйл ажиллагаанд нь оролцсон.

Энэхүү сургуулилтыг Монгол, ОХУ-ын иргэний нисэхийн салбарт мөрдөгдөж буй дүрэм журмын үйлчлэлийн хүрээнд зохион байгуулсанаар цаашид хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлсэн, өөр өөрсдийн улс оронд мөрдөгдөж буй хууль, дүрэм журам, төрийн байгууллагуудын уялдаа холбоог улам сайжруулсан чухал ач холбогдолтой боллоо хэмээн ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом үнэллээ.