Нийтлэгдсэн 2018-03-10

1961 он

Буянт-Ухаа аэродромыг бетон зурвастай болгон ашиглалтад хүлээж авав. Сэлэнгэ аймгийн нисэх онгоцны буудал 

Буянт-Ухаагийн аэродромын дунд, хүнд онгоц хүлээн авах чадалтай болгоход анхаарч бетон зурвастай болгон 1961 оны 07 дугаар сарын эхээр ашиглалтад хүлээн авав. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл Сэлэнгэ аймагт нисэх онгоцны буудал байгуулах шийдвэрийг 1961 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргажээ. Мөн 05 дугаар сарын 17-ны 230 тоот тогтоолоор 1961 оны 06 дугаар сарын 15-аас эхлэн Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Сэлэнгэ аймгийн Зэлтэрийн сангийн аж ахуйд иргэний агаарын тээврийн шинэ шугам нээжээ. 1961 оноос Буянт-Ухаагийн Нисэх онгоцны буудалд, аэродром ба холбооны өргөтгөл хийгдэж, “Луч-2” хэмээх шөнийн гэрэл суултын систем, курс глисадын систем, уулын локатор, суултын локатор суурилуулан тавьж, холын болон ойрын чиглүүлэх “ПАР-7”, “ПАР-8” радиостанцууд, нисэх онгоцтой холбоо барих “Баклан-20”, “Баклан-5” зэрэг командын радиостанцуудыг тавьж шинэчилжээ. Мөн аймгууд дах нисэх онгоцны буудлуудад 1 квт-ын чадалтай “Р-820” маркийн богино долгионы радиостанцыг тавьж холбоожуулсан байна.