Нийтлэгдсэн 2018-09-03

“АВИОНИК”-ИЙН АНГИЙН ШИЛДЭГ ОЮУТНУУДАД ТЭТГЭЛЭГ ОЛГОЛОО

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын дарга П.Ариунболд нар оролцож авиацийн чиглэлээр амжилттай суралцаж байгаа зарим оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа.

55 жилтийн түүхтэй тус сургуульд “Нисэх, техникийн механик” нэртэй тэнхим байгуулагдаж “Механик”, “Авианик” гэсэн хоёр ангид 70-аад оюутан суралцаж байгаа юм байна. “Авианик”-ийн анги нь 4 жилийн өмнө байгуулагдаж өнгөрсөн хавар анхны төгсөлтөө хийжээ.

Энэ жил тус сургуульд баклавр, магистр, докторын ангид нийтдээ 2000-аад оюутан суралцаж байгаа.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Бие даасан “Авианик” анги байгуулан дотооддоо нисэхийн салбарын боловсон хүчин бэлтгэж байгааг ИНЕГ-аас дэмжиж энэ жилээс эхлэн “авианик”-ийн ангид сурч байгаа шилдэг 3 оюутанд тэтгэлэг олгож байхаар боллоо. Түүнчлэн нисэхийн салбарын боловсон хүчин болж бэлтгэгдэх оюутнуудын сурах идэвхи, зүтгэлийг нэмэгдүүлэх зорилгоор тус сургуулийн хичээлийн нэг танхимыг ИНЕГ-ын санхүүжилттэйгээр тохижуулна” гэдгийг нээлтэд оролцох үеэрээ хэллээ.

ИНЕГ-ын нэрэмжит бүтэн 1 жилийн сургалтын төлбөрын тэтгэлгийн батламжийг “Авианик”-ийн ангийн III курсийн оюутан Отгонбаярын Намуун, сар бүр олгох тэтгэлгийн батламжийг VI курсийн оюутан Мөнхтулгын Учрал, III курсийн оюутан Баянмөнхийн Булганбаяр нарт гардуулсан.

Дээрх оюутнуудыг сургуулийн захиргаанаас сурлаг, олон нийтийн ажилд оролцох байдал, бусад амжилт зэргээр нь сонгон шалгаруулж тодорхойлсон юм.