Нийтлэгдсэн 2018-03-10

1963 он

 Гэрэл суултын систем

1963 оны 05 дугаар сарын 28-ны 235-р тогтоолоор, 1963 оны 7-р сараас эхлэн агаарын харилцааны газар, аж ахуйн тооцоонд шилжиж, үүнтэй уялдуулан орон тоог нь шинэчлэн баталсан байна. Мөн агаарын харилцааны газрын нисэх онгоцны тарифыг Ил-14 онгоц 24 мөнгө, Ан-2 онгоц 20 мөнгөөр тус тус тогтоожээ. Иргэний агаарын тээврийн үйлчлэх хүрээ улам өргөжин материал, техникийн бааз хөгжин, тээврийн үйлчилгээ жилд өсөн нэмэгдснээс нисэх онгоц очдог аймгуудын төв, сум нэгдэл, САА-д радио холбоо, газрын тоног төхөөрөмжүүдийг суурилуулах ажлыг ээлж, дэс дараатай явуулж, Өвөрхангай аймгийн нисэх онгоцны буудалд шөнийн гэрэл суултын төхөөрөмж тавьжээ. Дараа нь Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Дорнод, Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгор Сүхбаатар зэрэг аймгуудад шөнийн гэрэл суултын системийг тавьж, хол ба ойрын чиглүүлэх “ПАР-7”, “ПАР-8” зэрэг радиостанцууд нэмж тавьсан байна. Мөн онд Дорнод аймгийн Гурванзагал, Дашбалбар, Эрээнцав, Галуут, Баяндун, Матад, Буйр, Завхан аймгийн Баян-Уул, Цэцэн-Уул, Сантмаргац, Тэс, Сонгино, Баянхайрхан сумдад агаарын шуудан нээгджээ.