Нийтлэгдсэн 2018-03-10

1965 он

Монголын нисэх хүчний 40 жилийн ой

Монголын иргэний агаарын тээвэрчид бүх ард түмнийхээ хамт Монголын нисэх хүчний 40 жилийн ойг өргөн тэмдэглэжээ. 1965 оны байдлаар иргэний агаарын тээвэр нь 13 аймаг, 55 САА, суманд 7 хоногт 2-7 удаа, олон улсын шугамд Ан-24 онгоц нисч байв. Мөн онд нисэх хүчний 40 жилийн ойгоор МАХН Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс агаарын харилцааны газрын хамт олонд ирүүлсэн баярын бичигт “МАХН-ын удирдлага, халамж анхаарал, аугаа их ЗХУ-ын тусламжийн ачаар БНМАУ-ын нисэх хүчин өнгөрсөн 40 жилийн дотор анхны жижиг нисэх хэсгээс орчин үеийн тэргүүний техник, өндөр мэргэжилтэй нисгэгч, инженер, техникч зэрэг үндэсний боловсон хүчнээр хангагдсан томоохон байгууллага хүртлээ алдарт сайхан замыг туулжээ. Олсон амжилтаа бататган орчин үеийн шинэ техникийг чадамгай эзэмшин, ЗХУ, социалист бусад орны агаарын тээврийн тэргүүний туршлага, дэвшилтэт арга барилыг ажилдаа өргөн нэвтрүүлж, ашиглалтын ажлын зохион байгуулалтыг эрс сайжруулж, тээврийн хэрэгслийн хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглаж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэн, тээвэрлэлтийн өөрийн өртгийг хямдруулах, улсын төлөвлөгөөт даалгаварыг эдийн засгийн үзүүлэлт бүрээр нь цаг хугацаанд нь хангаж, нам ард түмний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх чухал зорилт агаарын тээвэрчдийн өмнө тавигдаж байна.” гэжээ. 1965 оны 3 дугаар сараас Архангай аймгийн Ихтамир, Өндөр-Улаан, Хангай, Эрдэнэ-мандал, Чулуут, Цэцэрлэг, Хайрхан, Хашаат, Өлзийт, Батцэнгэл, 12 дугаар сараас Говь-Алтай аймгийн Цээл, Алтай, Баян-Уул, Хөх морьт, Жаргалан, Баянтоорой бригад, Увс аймгийн Наранбулаг, Завхан, Ховд, Бөхмөрөн, Давст зэрэг сумдад агаарын шуудан тээврийн нислэг хийх болжээ. 1965 онд Иргэний агаарын тээвэрчид 21000, 800 цаг нислэг хийж, 133000 зорчигч, 1 сая 810600 кг ачаа тээвэрлэсэн байна.