Нийтлэгдсэн 2018-03-10

1991-1993 он

МИАТ компани бие даасан улсын үйлдвэрийн газар болж үйл ажиллагаа явуулсан нь

МИАТ нэгтгэлийн удирдлага 1991 оны 04 дүгээр сараас 1993 оны 04 дүгээр сарын хоорондох 2 жилийн хугацаанд зорилт болгож дэвшүүлсэн ажлуудаа амжилттай хийж гүйцэтгэн улс, орон эдийн засгийн хүнд хямралд орсон тэр үед байгууллагаа эдийн засгийн хувьд хөл дээр нь авч гарч чаджээ. АНУ-д Боинг-757 онгоцны экипаж бэлтгэх сургуульд нисгэгч, инженер-техникийн бүрэлдэхүүн 60 хүнийг сургаж, БНХАУ-д Ю-12 онгоцны экипаж, инженер-техникийн ажилтан 40 гаруй хүн, Боинг-727 онгоцны нисэх бүрэлдэхүүн 40 орчим хүнийг Солонгос улсад сургаж, Ан-24 нисэх бүрэлдэхүүнийг дадлагыг Иркустк хотод, Ми-8 нисдэг тэрэгний акипажийн дадлагыг Новосибирск хотод, Боинг 727 онгоцны экипажийн дадлагыг Сөүл хотод, Ю-12 онгоцны экипаж бэлтгэх дадлага сургуулийг БНХАУ-ын Харбин хотод тус тус хийлгэж, Тайланд, Герман, Канад, Англи, Итали зэрэг улсуудад төрөл мэргэжлийн инженер-техникийн ажилтан, холбоо, үйлчилгээний албаны хүмүүсээ англи хэлний болон мэргэжлийн чиглэлээр сургалтанд хамруулах ажил өргөн далайцтай хийгдэж байжээ. БНСУ-аас бэлгэнд өгсөн Боинг-727 онгоцноос гадна БНХАУ-аас Ю-12 онгоц, тавыг шинээр худалдан авч ашиглах зэргээр онгоцны паркаа шинэчлэж зарим буудал аэродромын өргөтгөл хийж өөрсдийн инженер техникч ажилчдын хүчин чадал нөөц бололцоонд тулгуурлан эвдрэлтэй байсан Ан-24 онгоцыг засаж ашиглалтанд оруулах, ажилчдын нийгмийн асуудалд илүү анхаарч ажилчдыг орон сууцаар хангах зэрэг томоохон ажлууд хийгдэж байв.

1992 оны 07 дугаар сарын 10-нд БНСУ-ын Ханжин корпориациас 1054 дугаартай Боинг-727 нисэх онгоцыг жолоодон ирж Улаанбаатар хотын Буянт-Ухаагийн нисэх аэродромд анх удаа буулгажээ. 1992 оны 05 дугаар сард Харбин хотод угсарсан 17 хүний суудал бүхий Ю-12 онгоцыг манай нисгэгчид эх орондоо анх удаа жолоодож иржээ.

Зам тээвэр холбооны яамны сайдын 1993 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн иргэний агаарын тээврийг удирдах газар МИАТ Компанийг салгах тухай 180 дугаар тушаалыг үндэслэн Иргэний агаарын тээврийн удирдах газрын захирлын 1993 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/243 тоот тушаал гарч МИАТ компанийн удирдлагын орон тоог ерөнхий захирал 1, дэд захирал 3, захиргааны хэлтэс, нислэгийн хэлтэс, техник ашиглалтын хэлтэс, санхүү эдийн засгийн хэлтэс, тээвэр үйлчилгээний хэлтэс, аж ахуй хангамж, гадаад харилцааны тасагтайгаар бүтэц орон тоог баталж МИАТ компанийн ерөнхий захирлаар С.Хүрэлбаатарыг томилжээ. МИАТ компанийн харьяа агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар, тээвэр тусгай үйлчилгээний авто баазыг аж ахуйн тооцооны үндсэн дээр ажилуулахыг тус компанийн ерөнхий захирал С.Хүрэлбаатар зөвшөөрчээ. 1993 онд МИАТ компани Ан-24 онгоц 12, Ан-26 онгоц 3, Ми-8 нисдэг тэрэг 3, Ю-12 онгоц 5, Ан-2 онгоц 45, Боинг-727 онгоц 1, Ту-154 онгоц 1, Ан-30 онгоц 1, бүгд 71 онгоцтойгоор нислэг үйлчилгээний ажил зохион байгуулж байжээ.