Нийтлэгдсэн 2018-10-05

НИСЛЭГИЙН УРСГАЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН МЕНЕЖМЕНТИЙГ НЭВТРҮҮЛНЭ

Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гишүүн улс орнууддаа Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэхийг уриалаад байгаа билээ.

Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлснээр нислэгийн аюулгүй ажиллагаа сайжран, үр ашиг дээшлэхээс гадна нислэгийн удирдагч нарын ажлын ачаалал багасах, хүний нөөц, үйл ажиллагаагаа зөв төлөвлөх, оновчтой шийдвэр гаргах боломжийг бий болгодог гэж үздэг. Тиймээс Иргэний нисэхийн ерөнхий газар нь шинэчилсэн зохион байгуулалтын бүтцээр Нислэгийн хөдөлгөөний менежментийн хамгийн чухал үүргүүдийн нэг болох Нислэгийн хөдөлгөөний урсгал, төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх, нислэгийн хөдөлгөөнийг төлөвлөн бүртгэх, бүс нутгийн хэмжээнд нислэгийн төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэхэд оролцох нэгжийг шинээр байгуулан ажиллаж байна.

Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газар болон Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба нь гадаад хамтын ажиллагааны ажлын хүрээнд энэ сарын 1, 2-ны өдрүүдэд Олон улсын иргэний агаарын навигацийн байгууллага /CANSO/-тай хамтран Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн менежментийн сургалт, семинарыг зохион байгууллаа.

Монгол Улсын агаарын зайд үйлдэгдэх нислэгийн тоо жил ирэх тутам өсөн нэмэгдэж байгаа тул агаарын зайн багтаамж, агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын чадамжид нийцүүлэн нислэгийн хөдөлгөөний урсгалыг хэрхэн зөв төлөвлөх, нислэгийн хөдөлгөөний менежментийг Ази, номхон далайн бүс нутагт амжилттай хэрэгжүүлж буй NARAHG болон Multi-Nodal зэрэг төсөл хөтөлбөрүүдтэй нийцэх бодит хэрэгцээ шаардлага үүсээд байгаа юм. Мөн агаарын зайг уян хатан, чөлөөт байдлаар ашиглах нь агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай ажил болоод байгаа юм.

Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлснээр дээрх ажлуудыг үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломж нээгдэх ба ингэснээр нислэгийн аюулгүй ажиллагаа сайжрахаас гадна үр ашиг дээшилж нислэгийн тоо нэмэгдэх боломжтой болно.
Тус семинарын үеэр Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газрын болон Нислэгийн урсгал төлөвлөлтийн удирдлагууд Олон улсын иргэний агаарын навигацийн байгууллагын төлөөлөгчийг хүлээн авч уулзан нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн менежментийн өнөөгийн байдал, түүнийг хэрхэн сайжруулах, хамтран ажиллах талаар талууд ярилцжээ.

Нислэгийн урсгал төлөвлөлтийн албаны зүгээс нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн байгууллагын бүтэц, хүний нөөц болон Монгол Улсад үйлдэгдэж буй нислэгийн тоо баримт зэргийг танилцуулсан. Түүнчлэн Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба болон Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны ажлын байруудтай танилцан, зарим мэргэжилтэн болон нислэгийн удирдагчидтай биечлэн уулзаж судалгааны ярилцлага хийв.
Ноён Stuart Ratcliffe /CANSO/ дэлхий нийтэд хэрэгжүүлж буй нислэгийн урсгал төлөвлөлтийн менежмент түүний хэрэгжилт, хэрэгжүүлэх арга зам, үе шатуудын талаар танилцуулга сургалт, семинарыг НУТА-ны нийт бүрэлдэхүүнд хийсэн. Энэхүү олон улсын түвшиний сургалт семинарыг өөрийн улсад зохион байгуулж нийт бүрэлдэхүүнээ хамруулсан нь цаашид энэхүү төслийг хэрэгжүүлэх арга замыг зөв тодорхойлох, хүний нөөцийн бэлэн байдлын түвшинг дээшлүүлэх, зардал хэмнэх зэрэг өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа болжээ.

Цаашид Олон улсын иргэний нисэхийн байгууллага болон Олон улсын иргэний агаарын навигацийн байгууллагаас Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зарим ажлын үнэлгээ хийх болон зөвлөмж гаргах юм. Ингэснээр Олон улсын иргэний нисэхийн байгууллага гишүүн улсуудаас шаардаж буй нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн менежментийг Ази, номхон далайн бүс нутагт амжилттай хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулагдана.