Нийтлэгдсэн 2018-11-21

ЭМГЭНЭЛ

Хошууч, генерал, ахмад нисгэгч Сандагийн Санжмятав өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж нисэхийн салбарынханд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Тэрбээр 1928 онд Богдхан уул аймгийн Зүүнбаян хан уулын хошуу, одоогийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг, Хүдэрийн бүрэнгийн дов гэдэг газар мэндэлсэн. 1945-1951 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерийн сургууль, 1951-1954 онд Цэргийн ерөнхий сургуулийн нисэхийн ангийг нисгэгчээр, 1957-1958 онд ЗХУ-д Ил-14 онгоцны курс, 1965-1968 онд Москва хотод М.В.Фрунзийн нэрэмжит Цэргийн академи, 1969 онд К.Е.Ворошиловын нэрэмжит ЗХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийн дээд курс, 1971-1973 онд тус академид тус тус суралцаж төгсжээ. 1945 онд цэргийн албанд татагдаж 1954-1957 онд нисгэгч, 1958-1961 онд агаарын хөлөгийн дарга, 1961-1965 онд нисэх эскадрилийн дарга, 1968-1970 онд Ардын цэргийн жанжин штабын офицер, ахлах офицер, 1970-1971 онд Жанжин штабын Оперативын хэлтсийн дарга, 1973-1974 онд Монголын ардын армийн  Жанжин штабын нэгдүгээр орлогч бөгөөд Оперативын хэлтсийн дарга, 1974-1979 онд Иргэний агаарын тээврийг удирдах газрын дарга, 1979-1980 онд Улсын төлөвлөгөөний комисст газрын дарга, 1980-1982 онд Батлан хамгаалах яамны Нисэхийн хэлтсийн дарга, 1982-1984 онд Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч бөгөөд Оперативын газрын дарга, 1984-1989 онд Монголын ардын армийн нисэх хүчний командлагч, авиацыг удирдах газрын даргаар тус тус ажиллаж байлаа.

Нэгдүгээр зэргийн, саятан нисгэгч, Хошууч генерал С.Санжмятавын хөдөлмөр зүтгэлийг төр, засаг өндөр үнэлж Д.Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Байлдааны гавьяаны одон болон бусад медаль, ЗХУ, ОХУ-ын ойн медалиудаар шагнажээ.

Талийгаачийн хань, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Хошууч генерал С.Санжмятавын гэгээн дүр, ажилч хичээнгүй, хөдөлмөрч, нямбай зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно.

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ЗӨВЛӨЛ