Нийтлэгдсэн 2019-01-04

НИСЭХИЙН ӨНДӨР НАСТАН Г.НАМХАЙДАГВАД БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОЛОО

ИНЕГ-ын Ахмадын хорооноос харьяа алба, салбар байгууллагуудын ахмадын төлөөлөл болох 170-аад өндөр настныг шинэ оны босгон дээр хүлээн авч 2018 оны ажлын тайлангаа танилцуулжээ. Ахмадууд нисэхийн салбараас тэтгэвэрт гарсан өндөр настнуудад нийгмийн халамж, тусламжийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагууд болоод Ахмадын хорооныхон санаачлагатай ажиллаж байгаад талархал илэрхийлсэн байна. Цаашид ч ахмадуудыг дэмжсэн үйл ажиллагаагаа уламжлал ёсоор тасалдуулалгүй зохион байгуулж байхыг хүсчээ. Энэ үеэр ахмадын хорооныхон өндөр настнуудад мөн гарын бэлэг гардуулсан байна.

Түүнчлэн ИНЕГ-ын даргын А/863 тоот тушаалаар иргэний нисэхийн салбарт ажиллаж байсан,  өдгөө Төв аймгийн Батсүмбэр сум дахь Улсын асрамжийн газарт амьдарч буй өндөр настан Г.Намхайдагвад “Ахмадын сан”-гаас 1 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосныг ИНЕГ-ын болон Ахмадын хорооны төлөөлөл очиж гардуулж өглөө. Г.Намхайдагва гуай нь харж хандах төрөл садангүй, улсаас өндөр настны тэтгэвэрийн тэтгэмж авдаггүй, улсын асрамжинд байдаг зэргийг харгалзан дээрх тусламжийг олгожээ.

“Ахмадын сан” нь ИНЕГ-ын даргын А/240 тоот тушаалаар 2018 оны 5 дугаар сард  байгуулагдаад байгаа юм.