Нийтлэгдсэн 2019-02-01

АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Урвуулагч хэмээх Шарагчин гахай жилийн сар шинийн баярын босгон дээр Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөл  ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн улиран одож буй 2018 оны ажлын амжилт, бүтээл байгуулалтын талаар товч танилцуулсан. Тухайлбал, 2018 онд өнгөрөлтийн нислэг 120 мянгад хүрсэн, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаар үйлчлүүлэгчдийн тоо 1 сая 400 мянгад хүрсэн, навигацийн орлого нэмэгдсэн гэхчилэн олон ажлыг амжилттай гүйцэтгэсэн талаар хэллээ. Эдгээр олон ажлын нэгд иргэний нисэхийн салбарын ахмадуудад чиглэсэн ажил байгааг ч дурдлаа. Жишээ нь 2018 онд ИНЕГ, түүний харьяа байгууллагуудаас тэтгэвэрт гарсан өндөр настнууддаа зориулан “Ахмадын өргөө”-г бий болгон тохижуулж өгсөн, өдөр тутмын сонин захиалгад хамруулсан, “Ахмадын сан” байгуулж зарим ахмадын нийгмийн асуудлыг шийдэж өгсөн зэрэг ажлуудыг хийсэн талаар Л.Бямбасүрэн дарга хэллээ.

ИНЕГ, харьяа байгууллагуудаас өндөр насны тэтгэвэрт гарсан нийт 652 ахмад бий. Эдгээрээс 80-аас дээш насны 54 ахмад байдгаас 5 ахмад нь 90-ээс дээш настай. Эдгээр ахмадуудынхаа сургаалийг сонсч , санал хүсэлтийг нь хүлээж авахад ИНЕГ-ын өнөөгийн удирдлагууд хэзээд бэлэн байдаг шүү гэдгийг Тэргүүн дэд дарга Б.Алтанцом мөн хэлж байлаа.

Ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд 80 наснаас дээш насны нийт 26 ахмад урилгаар оролцсон. Эдгээр ахмадаас хамгийн өндөр настай нь 95-тай Б.Хоролжав, 91-тэй О.Загдсүрэн гуай байлаа.

ИНЕГ-ын даргын зөвлөл ирж буй Шарагчин гахай жилд ахмадууд маань залуу халаа үедээ түшигтэй, энх тунх байхыг хүсэн ерөөгөөд гарын бэлэг, алд цэнхэр хадгийн хамт гардууллаа.