Нийтлэгдсэн 2019-02-02

МИАТ ШИНЭ БОЙНГТОЙ БОЛЛОО

АНУ-ын Боинг компанид үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий В737-МАХ8 маягийн агаарын хөлөг өнөөдөр Монголд ирлээ. Тус агаарын хөлгийг үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК агаарын хөлгийн парк шинэчлэлийнхээ хүрээнд 12 жилийн түрээсийн нөхцөлтэйгөөр авчирч байгаа юм. Ийм төрлийн нийт 4 агаарын хөлөг авах 3 талт хэлцлийг “Боинг” болон “Аволон” компанитай хийсэн. Эхний агаарын хөлөг нь ийнхүү Улаанбаатарт иржээ.

Монголын хамгийн ууган, хамгийн том агаарын тээвэрлэгч компанийн хувьд МИАТ компани агаарын хөлгийн тоогоо нэмэгдүүлж, орчин үеийн техник технологийн дэвшил бүхий “В737-МАХ8”-ыг авчирснаар хамгийн залуу насжилттай агаарын хөлөг бүхий авиакомпанийн нэг болж байна. Түүнчлэн цаашид олон улсын болон орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, шатахуун зарцуулалт багатай агаарын хөлөг ашигласнаар тийзний үнэ буурах зэрэг олон ач холбогдолтой.

Шинэ агаарын хөлөгийг хүлээн авах ёслолд ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, Дэд сайд Л.Халтар, ИНЕГ-ын Дарга Л.Бямбасүрэн, МИАТ компанийн гүйцэтгэх захирал Д.Баттөр, Монгол дахь АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч ноён Мануэл П. Микаллер болон бусад зочид, төлөөлөгчид оролцов.

EI-MNG бүртгэлийн дугаартай В737МАХ8 агаарын хөлгийн давуу тал

Эдийн засгийн үзүүлэлтийн хувьд:

  • Түлшний зарцуулалт 14 хувиар багассан.
  • Дуу чимээ 40 хувиар багассан.
  • Нэг төрлийн дадлагажуур ашиглах тул нисэх багийн тринажёрт шилжүүлэн сургах шаардлагагүй. Харин 4 цагийн онолын сургалт шаардлагатай. Өөрөөр хэлбэл нисэх баг шилжин нисэх боломжтой.
  • 737NG, 737MAX-8 агаарын хөлгүүдэд ашигладаг газрын тоног төхөөрөмжийн 85 хувь нь адилхан.
  • 737NG, 737MAX-8 агаарын хөлгүүдийн Засвар үйлчилгээний сэлбэг нь хоорондоо 75 хувь тохирдог.
  • 737MAX-8 бизнес 12, энгийн 150 суудалтай боловч 189 энгийн суудалтай болгох хувилбартай. Суудал бүр USB цэнэглэгчтэй.

Байгаль орчинд ээлтэй технологи:

  • Агаарт ялгаруулах нүүрс хүчлийн хий харьцангуй бага тул байгальд ээлтэй тээврийн хэрэгсэлд тооцогддог.

Зорчигчийн тав тухын хувьд:

  • Onboard wi-fi-тай /зорчигч өөрийн гар утас, таблетаараа Wi-fi сүлжээ ашиглан агаарын хөлгийн үзвэрийн системтэй холбогдож Hollywood-ийн кино, үзвэрээс сонгон үзэх боломжтой/
  • Зорчигчийн бүхээгийн гэрэлтүүлэг тав тух хуучин загвараас илүү сайжирсан.

Техникийн үзүүлэлтийн хувьд:

  • Хөөрөлтийн дээд жин 8219кг
  • Их биеийн онцлох өөрчлөлт шинэчлэлтүүд:
    • Хөдөлгүүрийг шинэчлэн CFM LEAP-1B хөдөлгүүртэй болсон, хөдөлгүүрийн хэмжээ томорсноор хүчин чадал сайжирсан.
    • Сүүл болон далалвчны дизайн шинэчлэн сайжирснаар аеродинамикийн үзүүлэлт нэмэгдсэн.
  • Нисэгчийн бүхээг доторх хянах самбар дэлгэцүүдэд дэвшилтэт технологийн дэлгэцээр солигдсон.
  • Дээрх өөрчлөлтүүдийн тусламжтайгаар нислэгийн алслалт тодорхой хэмжээгээр нэмэгдсэн.

МИАТ ТӨХК нь өнөөдрийн байдлаар  2 ширхэг В767-300, 3ш В737-800, 1 ш В737-700 агаарын хөлгөөр олон улсын 9, орон нутгийн 1 чиглэлд нислэг үйлдэж байна.  Ийнхүү В737МАХ-8 агаарын хөлөгтэй болсноор одоогийн байдлаар нийт 7 агаарын хөлөгтэй болж байна.

Дэлхийн агаарын тээвэрлэгч бүр эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, найдвартай ажиллагаатай, тохь тухтай агаарын хөлгийг эрэлхийлж буй өнөө үед В737МАХ-8 агаарын хөлөг нь агаарын тээврийн зах зээлд хамгийн их борлуулалттай байгаа дундын зайн агаарын хөлөг юм.