<< 1999-2002 он >>
Иргэний нисэхийн ерөнхий газар

Үндсэн зорилт

  • Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх;
  • Нислэгийн болон нисэхийн аюулгүй байдлыг хангах;
  • Техник технологи, материаллаг баазыг бэхжүүлэх, нислэгийн хөдөлгөөний удирдлага, газрын холбоо, навигаци, цахилгааны тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн сайжруулах, аэродром, нисэх буудлыг өргөтгөх;
  • Мэргэжлийн боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, зөв зохистой байрлуулах;
  • Санхүүгийн чадавхитай байдал;
  • Агаарын зайн ашиглалтыг сайжруулах;
  • Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр нисэх өнгөрөх гадаадын нисэх компаниудын нислэгийн тоог нэмэгдүүлэх;
  • Гадаад харилцааг өргөжүүлэх, агаарын харилцааны талаар харилцан ашигтай хамтран ажиллах гэрээ хэлэлцээр байгуулах;
  • Гадаадын хөнгөлөлттэй, удаан хугацааны зээл, тусламжийг ашиглан хөрөнгө оруулалтын үр ашигтай бодлого явуулах;
  • Өр авлага барагдуулах, өмч хөрөнгөнд бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах;

Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхдээ ИКАО-гийн зөвлөмж, Монгол Улс нэгдэн орсон иргэний нисэхийн тухай олон улсын Конвенц, Конвенцийн хавсралтууд, гэрээнүүдийн заалтад нийцүүлэн, гадны өндөр хөгжилтэй орны зөвлөх мэргэжилтнүүдийн зөвлөмж, зөвлөгөөг өөрийн орны онцлог, мэргэжилтнүүдийн ур чадвар, туршлагад тулгуурлан ажиллаж байна.

 

<< 1999 он >>
Иргэний нисэхийн ерөнхий газар

1999 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр батлагдсан Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулиар ИАТУГ-ыг Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ) болгон өөрчилж хуульчлан баталлаа. ИНЕГ нь Олон улсын байгууллагын өмнө ижил үүрэг хүлээсэн байдгаас үндэслэн ИКАО-гийн гишүүн орнууд адил төстэй зохион байгуулалт бүхий ИНЕГ-тай байдаг тэр зохион байгуулалтын бүтцийн жишгээр 2000 оны эхний байдлаар тус газар ДБХ-ийн сайдын 1999 оны 139 тоот тушаалаах батлагдсан бүтэц орон тоогоор төв аппарат 82 хүний бүрэлдэхүүнтэйгээс 30 нь аюулгүй байдал, зохицуулалтын, 10 нь бодлого гадаад харилцааны, 21 нь санхүү, эдийн засгийн, 11 нь захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцан ажилладаг болсон байна. ИНЕГ-ын нисэхийн үйлчилгээний үйл ажиллагааг хэрэгжүүлэгч Буянт-Ухаагийн олон улсын нисэх буудал, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Техникийн хангалтын албан болон орон нутгийн 17 нисэх буудал нийт 1200 гаруй ажилтантай байв. Нийт ажилтнуудын 27 хувь буюу 337 хүн дээд боловсролтой, 19,5 хувь буюу 239 хүн тусгай мэргэжлийн дунд боловсролтой, 38,9 хувь буюу 420 нь иргэний нисэхийн мэргэжлийн ажилтнууд байжээ.

<< 1997 он >>
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

1993-1999 оны хооронд ИАТУГ нь өөрийнхөө бүтцэд удаа дараа өөрчлөлт хийж байсан боловч тэр нь зах зээл өндөр хөгжсөн орнуудын иргэний нисэхийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, олон улсын иргэний нисэхийн салбарт мөрдөж байгаа нийтлэг стандарт, шаардлагыг төдийлэн хангаж чадахгүй байсан учраас олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-ын стандарт зөвлөмж, бусад орнуудын иргэний нисэхийн салбарын бүтэц, зохион байгуулалтын жишиг, Монголын иргэний нисэхийн салбарт Азийн хөгжлийн банкны техникийн буцалтгүй тусламжаар Австралийн MKI зөвлөх компанийн хэрэгжүүлсэн MON 1963 төслийн хүрээнд гаргасан зөвлөмж зэргийг үндэслэн Монгол Улсын засгийн газрын 1996 оны 300 дугаар тогтоол, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1997 оны а/14 тоот тушаалаар ИАТУГ нь иргэний нисэхийг хөгжүүлэх талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөр, ДБХЯ-ны стратегийн төлөвлөгөө, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд тусгагдсан бодлогыг хэрэгжүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт нислэг үйлдэж байгаа болон тус улсын бүртгэлтэй агаарын хөлгүүд гадаад улсад үйлдэх нислэгийн аюулгүй байдлыг хангах, үүний тулд иргэний нисэхийн материаллаг баазыг хөгжүүлэх, тус салбарт дэлхийн түвшинд хүрсэн техник, технологийг нэвтрүүлэх, нислэгийн хөдөлгөөний болон иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах, нисэх буудлын үйлчилгээ үзүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, хангах зорилго, үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болсон юм.

<< 1993 он >>
МИАТ, ИАТУГ салав.

Монголын Иргэний нисэхийн үйл ажиллагааг удирдах байгууллага нь Зам, тээврийн яамны харьяалалд Монголын иргэний агаарын тээврийн МИАТ нэгтгэл нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад, 1992 онд Зам, тээврийн ерөнхий газрын дэргэд төрийн хяналтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Агаарын харилцааны газрыг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр төрийн өмчийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх улсын үйлдвэрийн МИАТ компаниас салган зохион байгуулжээ. 1993 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Иргэний агаарын тээврийг удирдах газар (ИАТУГ) нэртэй, иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, нислэгийн аюулгүй байдлыг хангах төрийн хяналтыг гүйцэтгэх, иргэний нисэхийн үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий байгууллага болсон билээ.

<< 1991-1993 он >>
МИАТ компани бие даасан улсын үйлдвэрийн газар болж үйл ажиллагаа явуулсан нь

МИАТ нэгтгэлийн удирдлага 1991 оны 04 дүгээр сараас 1993 оны 04 дүгээр сарын хоорондох 2 жилийн хугацаанд зорилт болгож дэвшүүлсэн ажлуудаа амжилттай хийж гүйцэтгэн улс, орон эдийн засгийн хүнд хямралд орсон тэр үед байгууллагаа эдийн засгийн хувьд хөл дээр нь авч гарч чаджээ. АНУ-д Боинг-757 онгоцны экипаж бэлтгэх сургуульд нисгэгч, инженер-техникийн бүрэлдэхүүн 60 хүнийг сургаж, БНХАУ-д Ю-12 онгоцны экипаж, инженер-техникийн ажилтан 40 гаруй хүн, Боинг-727 онгоцны нисэх бүрэлдэхүүн 40 орчим хүнийг Солонгос улсад сургаж, Ан-24 нисэх бүрэлдэхүүнийг дадлагыг Иркустк хотод, Ми-8 нисдэг тэрэгний акипажийн дадлагыг Новосибирск хотод, Боинг 727 онгоцны экипажийн дадлагыг Сөүл хотод, Ю-12 онгоцны экипаж бэлтгэх дадлага сургуулийг БНХАУ-ын Харбин хотод тус тус хийлгэж, Тайланд, Герман, Канад, Англи, Итали зэрэг улсуудад төрөл мэргэжлийн инженер-техникийн ажилтан, холбоо, үйлчилгээний албаны хүмүүсээ англи хэлний болон мэргэжлийн чиглэлээр сургалтанд хамруулах ажил өргөн далайцтай хийгдэж байжээ. БНСУ-аас бэлгэнд өгсөн Боинг-727 онгоцноос гадна БНХАУ-аас Ю-12 онгоц, тавыг шинээр худалдан авч ашиглах зэргээр онгоцны паркаа шинэчлэж зарим буудал аэродромын өргөтгөл хийж өөрсдийн инженер техникч ажилчдын хүчин чадал нөөц бололцоонд тулгуурлан эвдрэлтэй байсан Ан-24 онгоцыг засаж ашиглалтанд оруулах, ажилчдын нийгмийн асуудалд илүү анхаарч ажилчдыг орон сууцаар хангах зэрэг томоохон ажлууд хийгдэж байв.

1992 оны 07 дугаар сарын 10-нд БНСУ-ын Ханжин корпориациас 1054 дугаартай Боинг-727 нисэх онгоцыг жолоодон ирж Улаанбаатар хотын Буянт-Ухаагийн нисэх аэродромд анх удаа буулгажээ. 1992 оны 05 дугаар сард Харбин хотод угсарсан 17 хүний суудал бүхий Ю-12 онгоцыг манай нисгэгчид эх орондоо анх удаа жолоодож иржээ.

Зам тээвэр холбооны яамны сайдын 1993 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн иргэний агаарын тээврийг удирдах газар МИАТ Компанийг салгах тухай 180 дугаар тушаалыг үндэслэн Иргэний агаарын тээврийн удирдах газрын захирлын 1993 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/243 тоот тушаал гарч МИАТ компанийн удирдлагын орон тоог ерөнхий захирал 1, дэд захирал 3, захиргааны хэлтэс, нислэгийн хэлтэс, техник ашиглалтын хэлтэс, санхүү эдийн засгийн хэлтэс, тээвэр үйлчилгээний хэлтэс, аж ахуй хангамж, гадаад харилцааны тасагтайгаар бүтэц орон тоог баталж МИАТ компанийн ерөнхий захирлаар С.Хүрэлбаатарыг томилжээ. МИАТ компанийн харьяа агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар, тээвэр тусгай үйлчилгээний авто баазыг аж ахуйн тооцооны үндсэн дээр ажилуулахыг тус компанийн ерөнхий захирал С.Хүрэлбаатар зөвшөөрчээ. 1993 онд МИАТ компани Ан-24 онгоц 12, Ан-26 онгоц 3, Ми-8 нисдэг тэрэг 3, Ю-12 онгоц 5, Ан-2 онгоц 45, Боинг-727 онгоц 1, Ту-154 онгоц 1, Ан-30 онгоц 1, бүгд 71 онгоцтойгоор нислэг үйлчилгээний ажил зохион байгуулж байжээ.

<< 1990 он >>
СИТА систем, ИАТА-ийн гишүүнчлэл

1990 оны өмнөх жилүүдэд тухайн үеийн удирдлагуудын идэвх санаачлага, уйгагүй хөдөлмөр хөөцөлдлөгөөний үр дүнд ЗХУ-аас Ту-154 онгоц түрээсээр авч олон улсын шугамд ашиглах болсон нь Монголын агаарын тээврийн хөгжлийг дэлхий дахины жишигт хүрч хөгжихийн үндэс суурь нь болсон байна. Манай агаарын тээвэр Ту-154 онгоцоор олон улсын шугамд нисэх болсноор Москва, Иркутск, Бээжин хотуудад төлөөлөгчийн газраа нээн ажиллуулах болсон юм. Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр БНПАУ-ын “ЛОТ”, БНАГУ-ын “Интерфлюг”, Финляндын “Финейр”, Скандинавын орнуудын “САС”, Холбооны Герман улсын “Люфтханза”, Францын “Эйрфранс” компанийн онгоцнуудыг өнгөрүүлж холбоо навигацаар үйлчлэх болсон нь манай эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлсэн юм. Олон Улсын нислэгийн суудал захиалгын систем СИТА-д бүрэн гишүүнээр, Агаарын тээврийн олон улсын үнэ тарифын байгууллага ИАТА-д хагас гишүүнээр элссэнээр манай Иргэний агаарын тээврийн байгууллага дэлхийн бүс нутгийн ажил хэрэгч асуудалд бүрэн эрхтэй оролцох өргөн боломж нээгдсэн байна.

<< 1989 он >>
Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гишүүн

Монгол Улс 1989 онд нэгдэн орсон олон улсын иргэний агаарын тээврийн тухай Чикагогийн конвенци, эгнээндээ дэлхийн 186 орныг нэгтгэсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон улсын иргэний нисэхийн байгууллага /International Civil Aviaition Organisation/-д 1989 онд гишүүнээр элссэнээр олон улсын иргэний нисэхийн байгууллагуудын өмнө нислэгийн аюулгүй байдал, иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах талаар зохих үүргүүдийг хүлээсэн юм.

<< 1988 он >>
Өнгөрөлтийн нислэг, Агаарын тээвэрчдийн баяр

Иргэний агаарын тээвэр түрээсээр авсан Ту-154 онгоц 1, Ан-24 онгоц 14, Ан-26 онгоц 4, Ан-30 онгоц 1, Ан-2 онгоц 57, Ми-8 нисдэг тэрэг 3-тайгаар тээврийн үүрэг гүйцэтгэж байжээ. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 1988 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 44 тоот тогтоолоор жил бүрийн 5-р сарын сүүлчийн 7 хоногийн бүтэн сайн өдрийг “Агаарын тээвэрчдийн баяр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. БНАГУ-ын “Интерфлюг” авиа компани, БНПАУ-йн “Лот” авиа компанийн БНМАУ-ын нутаг дээгүүр нислэг үйлдэх хүсэлтийг зөвшөөрсөн болон БНМАУ ба БНАГУ-ын хооронд байгуулах агаарын харилцааны талаарх хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Иргэний агаарын тээврийг удирдах газарт олгосон БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1988 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 26 тоот тогтоол гарчээ. Ингэснээр БНМАУ-ын нутаг дээгүүр ЗХУ, БНХАУ, БНАГУ, БНПАУ-ын Иргэний агаарын тээврийн онгоцнууд нисдэг болсон байна. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1988 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 71-р тогтоолоор Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн иргээний агаарын тээврийн байцаан шалгах газар, захиргаа, боловсон хүчний хэлтэс, нислэг, хөдөлгөөн, аэродромын хэлтэс, төлөвлөгөө, эдийн засгийн, техник ашиглалт, хэмжил зүйн, тээвэр үйлчилгээ, гадаад харилцааны, санхүү, тайлан бүртгэлийн гэсэн нэг газар, зургаан хэлтэс, санхүүгийн хянан байцаах, аж ахуйн гэсэн хоёр тасагтайгаар

<< 1987 он >>
Ту-154 онгоц

Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд анх удаа олон улсын агаарын тээвэрт үйлчилдэг хүнд даацын Ту-154 онгоцыг экипажийх нь хамт түрээсээр авах болсон том үйл явдал болжээ. Үүнтэй холбогдуулан Москва хотод МИАТ /Монголын иргэний агаарын тээвэр/ төлөөлөгчийг суулгах, Ту-154 онгоцны өөрийн нисэх багийг сургаж бэлтгэх, тус асуудлаар ЗХУ-ын Иргэний агаарын тээврийн ерөнхий газартай гэрээ хэлэлцээр байгуулах зэрэг олон арга хэмжээ авах шаардлагатай байв. Түрээсээр авсан Ту-154 онгоцыг Зөвлөлтийн нисэх баг жолоодож Улаанбаатар-Москвагийн олон улсын анхны нислэгийг 1987 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хийжээ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 269-р тогтоолоор олон улсын нислэгийн зорчигч, ачаа тээвэрлэх тарифыг 10 дугаар сараас эхлэн мөрдөж Москвад МИАТ-ийн төлөөлөгчийн газар түүний салбарыг Эрхүүд нээжээ.

<< 1986 он >>
Аэровокзал

1986 оны 07 дугаар сарын 28-ны БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 254-р тогтоолоор иргэний агаарын тээврийн албан хаагчдыг албан тушаалын зэрэглэл харгалзсан тэмдэгтэй дүрэмт хувцсанд шилжүүлж 1-11 хүртэл зэрэглэлтэй болгожээ. 07 дугаар сард Буянт-Ухаагийн аэровокзалыг ашиглалтанд хүлээн авч, 09 дүгээр сард Ховд аймгийн нисэх онгоцны буудлын хатуу хучилттай зурвасыг Аэровокзалын хамт ашиглалтанд оруулжээ.

<< 1985 он >>
Нисэх хүчний 60 жилийн ой

1985 он Монголын нисэх хүчний түүхэнд нэн тэмдэглэлтэй жил байв. Энэ онд иргэний агаарын тээвэрчид нисэх хүчний 60 жилийн ойг бүх ард түмэн, зэвсэгт хүчний дайчдын хамт өргөн тэмдэглэжээ.

<< 1979 он >>
Ан-30 онгоц

Иргэний агаарын тээвэрчид 44300 цагийн нислэг үйлдэж, 446700 хүн, 881300 кг ачаа тээвэрлэж, 65997900 төгрөгийн орлого оруулж, 6-р таван жилийн төлөвлөгөөт зорилтыг биелүүлжээ. Киевээс Ан-30 онгоцыг нисэх баг Улаанбаатар хотноо авчрав.

<< 1975 он >>
Нисэх хүчний 50 жилийн ой

Монголын иргэний агаарын тээвэрчдийн хувьд нисэх хүчний 50 жилийн түүхт ой, улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх тавдугаар таван жилийн төлөвлөгөөгөөр тавигдсан зорилтыг бүх үзүүлэлтээр нь давуулан биелүүлэх нэн хариуцлагатай жил байв. Иргэний агаарын тээврийн төв, хөдөөгийн байгууллага, хамт олон, нисгэгч, инженер, техникчид, нислэг хөдөлгөөнийг удирдах, аюулгүй байдлыг хангах хүрээнд ажиллаж байсан ажилчин, албан хаагчид, мэргэжилтнүүд түүхт ойгоо тавдугаар таван жилийн төлөвлөгөөт зорилтыг хугацаанаас нь 45 хоногийн өмнө биелүүлж, зорчигч тээвэрлэлтийн төлөвлөгөөг 106 хувь, зорчигч эргэлтийн төлөвлөгөөг 112 хувь, ачаа шуудан тээвэрлэлтийн төлөвлөгөөг 118 хувь, ачаа эргэлтийн төлөвлөгөөг 115,5 хувиар тус тус биелүүлж, хөдөлмөрийн бүтээмжийг 22,6 хувиар дээшлүүлж, тээврийн өөрийн өртгийг 9,1 хувиар хямдруулсан хөдөлмөрийн өндөр амжилтаар тэмдэглэжээ. 1975 онд 36,7 мянган цаг нисч, 316,4 мянган зорчигч, 5177,4 тонн ачаа тээвэрлэж, 3,2 сая га талбайд авиа химийн ажил хийж, 48,6 сая төгрөгийн орлого оруулсан томоохон салбар болсон байна. Төв, хөдөөгийн нисэх буудлуудыг тохижуулах, нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангасан шөнийн нислэгийн радионавигаци, гэрэл техникийн системээр тоноглох, холбоо, цаг уурын хангалтын найдвартай байдлыг бэхжүүлэх талаар том алхам хийжээ. Мөн Ан-26 онгоц хоёрыг худалдан авч паркаа өргөтгөжээ.

<< 1972 он >>
Нисэх буудлуудын шинэ зохион байгуулалт

1972 оны 11 сард Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын бүтэц, зохион байгуулалтанд зарим өөрчлөлт оруулж, нислэгийн инженер-материал хангамжийн, төлөвлөгөө эдийн засгийн, тайлан бүртгэлийн гэсэн 5 хэлтэстэй болгож, аймгуудын нисэх буудлуудын зохион байгуулалтанд Ховд, Хөвсгөл, Дундговь, Дорнод, Баянхонгор гэсэн 5 бүс болгон хувааж, нэгдсэн буудлуудыг байгуулж, удирдлагыг нэгдсэн буудлууд дээр төвлөрүүлсэн байна.

<< 1971 он >>
Орон нутгийн өдөр тутмын ачаа, шуудангийн нислэг

1971 оноос эхлэн зуны улиралд зарим аймагт 7 хоногт 4-5 удаа нисч байсныг өөрчилж, аймаг хот хооронд өдөр бүр шуудангийн нислэгтэй болгожээ. 1971 онд Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Онгон, Наран, Баяндэлгэр, Дарьганга, Эрдэнэцагаан зэрэг зургаан сум нэгдлийг агаарын шуудантай болгож, агаарын техникийн баазын өргөмжилсөн барилга ашиглалтанд орсон нь онгоцонд хийх техникийн үйлчилгээ, засварын чанарыг дээшлүүлэхэд чухал үүргийг гүйцэтгэсэн  байна.

<< 1966-1970 он >>
Үндэсний мэргэжлийн боловсон хүчний өргөтгөл

1969 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нисэх онгоцны буудлын аэродромд шөнийн гэрэл суултын системийг тавьж ашиглалтанд оруулжээ. 1970 он гэхэд Монголын иргэний агаарын тээвэр улсынхаа бүх аймгуудын 80 хувьд буюу 130 сум, сангийн аж ахуйд хүрч үйлчилж чаддаг болсон байна. Улаанбаатараас аймгуудын хооронд 7 хоногт 4-6 удаа, аймгийн төвөөс сумуудад 2-3 удаа тогтмол нислэг хийж, сумаас аймагт, аймгаас сумдад зорчиж байсан бүх хүмүүсийн 30 гаруй хувь нь аймгаас нийслэлд, нийслэлээс аймгуудад зорчиж байсан бүх хүмүүсийн 30 гаруй хувь нь аймгаас нийслэлд, нийслэлээс аймгуудад зорчиж байсан нийт хүмүүсийн 70 орчим хувь нь агаарын тээврээр үйлчлүүлж байжээ.1966-1970 онд мэргэжлийн инженер, нисгэгчдийн тоо, онгоцны парк 2 дахин өсч, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн буудлуудыг шөнийн нислэг үйлдэх, гэрэл суултын системээр тоноглон ашиглалтанд оруулсан ба зорчигч тээвэрлэлт 80 хувь, шинээр нээсэн агаарын замын урт 60 хувиар нэмэгджээ.

<< 1965 он >>
Монголын нисэх хүчний 40 жилийн ой

Монголын иргэний агаарын тээвэрчид бүх ард түмнийхээ хамт Монголын нисэх хүчний 40 жилийн ойг өргөн тэмдэглэжээ. 1965 оны байдлаар иргэний агаарын тээвэр нь 13 аймаг, 55 САА, суманд 7 хоногт 2-7 удаа, олон улсын шугамд Ан-24 онгоц нисч байв. Мөн онд нисэх хүчний 40 жилийн ойгоор МАХН Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс агаарын харилцааны газрын хамт олонд ирүүлсэн баярын бичигт “МАХН-ын удирдлага, халамж анхаарал, аугаа их ЗХУ-ын тусламжийн ачаар БНМАУ-ын нисэх хүчин өнгөрсөн 40 жилийн дотор анхны жижиг нисэх хэсгээс орчин үеийн тэргүүний техник, өндөр мэргэжилтэй нисгэгч, инженер, техникч зэрэг үндэсний боловсон хүчнээр хангагдсан томоохон байгууллага хүртлээ алдарт сайхан замыг туулжээ. Олсон амжилтаа бататган орчин үеийн шинэ техникийг чадамгай эзэмшин, ЗХУ, социалист бусад орны агаарын тээврийн тэргүүний туршлага, дэвшилтэт арга барилыг ажилдаа өргөн нэвтрүүлж, ашиглалтын ажлын зохион байгуулалтыг эрс сайжруулж, тээврийн хэрэгслийн хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглаж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэн, тээвэрлэлтийн өөрийн өртгийг хямдруулах, улсын төлөвлөгөөт даалгаварыг эдийн засгийн үзүүлэлт бүрээр нь цаг хугацаанд нь хангаж, нам ард түмний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх чухал зорилт агаарын тээвэрчдийн өмнө тавигдаж байна.” гэжээ. 1965 оны 3 дугаар сараас Архангай аймгийн Ихтамир, Өндөр-Улаан, Хангай, Эрдэнэ-мандал, Чулуут, Цэцэрлэг, Хайрхан, Хашаат, Өлзийт, Батцэнгэл, 12 дугаар сараас Говь-Алтай аймгийн Цээл, Алтай, Баян-Уул, Хөх морьт, Жаргалан, Баянтоорой бригад, Увс аймгийн Наранбулаг, Завхан, Ховд, Бөхмөрөн, Давст зэрэг сумдад агаарын шуудан тээврийн нислэг хийх болжээ. 1965 онд Иргэний агаарын тээвэрчид 21000, 800 цаг нислэг хийж, 133000 зорчигч, 1 сая 810600 кг ачаа тээвэрлэсэн байна.

<< 1964 он >>
Ан-24 онгоц, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам

Агаарын харилцааны газрын шинэ зохион байгуулалтанд орж байгаатай холбогдуулан Сайд нарын зөвлөл 1964 онд 40 дүгээр тогтоолоор Агаарын харилцааны газрын цалин хөлсийг мөрдүүлэх тухай, нисгэгч техникч нарын ажил амралтын тухай дүрэм, шагналын зааврыг гарган 1964 оны 04 дүгээр сарын 01-ээс эхлэн мөрдүүлэхээр заасан байна. Мөн 1964 оны 10-р сарын 8-нд Зөвлөлтийн мэргэжилтэн, нислэгийн багш нисгэгч, Монгол нисгэгч Л.Лхамсүрэн нар “Ан-24” нисэх онгоцыг жолоодон ирж Буянт-Ухаагийн аэродромд анх удаа буухад, Иргэний агаарын тээвэрчид, пионер сурагчид ёслолын цуглаан хийж хүлээн авсан байна.

<< 1963 он >>
Гэрэл суултын систем

1963 оны 05 дугаар сарын 28-ны 235-р тогтоолоор, 1963 оны 7-р сараас эхлэн агаарын харилцааны газар, аж ахуйн тооцоонд шилжиж, үүнтэй уялдуулан орон тоог нь шинэчлэн баталсан байна. Мөн агаарын харилцааны газрын нисэх онгоцны тарифыг Ил-14 онгоц 24 мөнгө, Ан-2 онгоц 20 мөнгөөр тус тус тогтоожээ. Иргэний агаарын тээврийн үйлчлэх хүрээ улам өргөжин материал, техникийн бааз хөгжин, тээврийн үйлчилгээ жилд өсөн нэмэгдснээс нисэх онгоц очдог аймгуудын төв, сум нэгдэл, САА-д радио холбоо, газрын тоног төхөөрөмжүүдийг суурилуулах ажлыг ээлж, дэс дараатай явуулж, Өвөрхангай аймгийн нисэх онгоцны буудалд шөнийн гэрэл суултын төхөөрөмж тавьжээ. Дараа нь Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Дорнод, Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгор Сүхбаатар зэрэг аймгуудад шөнийн гэрэл суултын системийг тавьж, хол ба ойрын чиглүүлэх “ПАР-7”, “ПАР-8” зэрэг радиостанцууд нэмж тавьсан байна. Мөн онд Дорнод аймгийн Гурванзагал, Дашбалбар, Эрээнцав, Галуут, Баяндун, Матад, Буйр, Завхан аймгийн Баян-Уул, Цэцэн-Уул, Сантмаргац, Тэс, Сонгино, Баянхайрхан сумдад агаарын шуудан нээгджээ.

<< 1962 он >>
Шуудан тээврийн нислэг

Ховд аймгийн Мөст, Хөвсгөл аймгийн Хатгал, Их Жаргалант, Эрдэнэбулган, Галт, Цагаан нуур, Баянхонгор аймгийн Баянцагаан, Баацагаан, Байдраг, Баянбулаг, Баянговь, Шинэжинст сумдад шуудан тээврийн нислэг хийх болжээ.

<< 1961 он >>
Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын өргөтгөл

2600 м урт, 49 м өргөн бетон зурвасыг явгалах зурвас бусад тоноглолын хамт Зөвлөлтийн барилгачдаас хүлээн авчээ. Ингэснээр хүнд жингийн онгоц хүлээн авах боломжтой болов. Зөвлөлт-Монголын барилгачид Буянт-Ухаагийн буудлын өргөтгөлийн ажлыг асар их хүч, хөрөнгөөр тогтоосон хугацаанд хүлээлгэн өгсөн нь Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдсэн юм. 1961 оны 06 дугаар сарын 27-нд олон хүний суудалтай Ил-18 онгоцыг ЗХУ-ын баатар К.Ф.Соболев, нисгэгч А.М.Аверкин нар жолоодон Буянт-Ухаагийн нисэх онгоцны шинээр өргөтгөн засварласан буудалд анх удаа буулгажээ. 1961 онд агаарын тээвэрчид 12300 цаг, 2094.0 мянган км нислэг үйлдэж, 56900 зорчигч, 129000 ачаа тээвэрлэж, 3788.0 маянган төгрөгийн зардал гаргаж, балансын 5880.0 мянган төгрөгийн алдагдалтайгаар ажиллажээ.

<< 1961 он >>
Буянт-Ухаа аэродромыг бетон зурвастай болгон ашиглалтад хүлээж авав. Сэлэнгэ аймгийн нисэх онгоцны буудал

Буянт-Ухаагийн аэродромын дунд, хүнд онгоц хүлээн авах чадалтай болгоход анхаарч бетон зурвастай болгон 1961 оны 07 дугаар сарын эхээр ашиглалтад хүлээн авав. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл Сэлэнгэ аймагт нисэх онгоцны буудал байгуулах шийдвэрийг 1961 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргажээ. Мөн 05 дугаар сарын 17-ны 230 тоот тогтоолоор 1961 оны 06 дугаар сарын 15-аас эхлэн Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Сэлэнгэ аймгийн Зэлтэрийн сангийн аж ахуйд иргэний агаарын тээврийн шинэ шугам нээжээ. 1961 оноос Буянт-Ухаагийн Нисэх онгоцны буудалд, аэродром ба холбооны өргөтгөл хийгдэж, “Луч-2” хэмээх шөнийн гэрэл суултын систем, курс глисадын систем, уулын локатор, суултын локатор суурилуулан тавьж, холын болон ойрын чиглүүлэх “ПАР-7”, “ПАР-8” радиостанцууд, нисэх онгоцтой холбоо барих “Баклан-20”, “Баклан-5” зэрэг командын радиостанцуудыг тавьж шинэчилжээ. Мөн аймгууд дах нисэх онгоцны буудлуудад 1 квт-ын чадалтай “Р-820” маркийн богино долгионы радиостанцыг тавьж холбоожуулсан байна.

<< 1960 он >>
Сумдын нислэг, Агаарын шинэ шугам

1960 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08 тоот тогтоолоор Ховдын Булган сум, Хөвсгөлийн Мөрөн хотоос Хатгал, Ханх суманд нислэг үйлдэх агаарын шинэ шугам нээжээ. Мөн Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 02 дугаар сарын 07-ны тогтоолоор Говь-Алтай аймгийн Биж-Алтай суманд шаардлагатай үед онгоц явуулж, хүн тээвэрлэж, шуудан ачаа хүргэж байхаар шийдвэрлэжээ. 1960 оны эцэс гэхэд Монгол Улсын 15 гаруй суманд иргэний агаарын тээвэр үйлчилж, 1960 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн Ховд, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн онгоцны буудлуудад Ан-2 онгоц байрлаж, сумдын хооронд шуудангийн нислэг хийж эхэлжээ. 1960 оны 5-р сард Агаарын химийн нислэгийг анх удаа Монгол оронд хийжээ. Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 09 дүгээр сарын 27-ны 420 тоот тогтоолоор Улаанбаатарын Буянт-Ухаагийн аэродромын нисэх буух талбайг цардах тухай шийдвэр гаргаж, төв аэродромыг 1961 оны 06 дугаар сарын 20-ны дотор барьж дуусгах, уулын локаторыг Богд уулын 1700 тоот өндөрлөгт суурилуулж байрлуулах тухай шийдвэр гаргажээ. Суурь тавих ёслолын ажиллагаанд нам, төрийн удирдагч Ю.Цэдэнбал, Ж.Самбуу нар оролцсон байна.

<< 1959 он >>
Өдөр тутмын нислэг, Агаарын замын урт, Монголын иргэний агаарын тээвэр ашигтай ажиллаж эхлэв.

1959 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 390-р тогтоол гарч Агаарын шуудан тээврийн үйлчилгээг тогтмолжуулах зорилгоор нислэгийг өдөр бүр явуулж байхаар тогтоожээ. 1959 оны 03 дугаар сарын 25-нд Сайд нарын зөвлөлийн 123-р тогтоол гарч, олон улсын болон аймгуудын агаарын замын уртыг шинэчлэн тогтоож, агаарын тээврээр зорчигчдын хөлсийг газрын замын уртаар тооцоолж авч байсныг өөрчлөн агаарын замын уртын хэмжээгээр бодож авч байхаар шийдвэрлэжээ. Монголын иргэний агаарын тээвэр 1959 оноос эхлэн ашигтай ажиллаж улсад ашгийн татвар төлж эхэлжээ.

<< 1958 он >>
Монгол Улсын анхны Олон улсын нислэг. Агаарын харилцааны дүрэм, тээврийн 1 цагийн хөлсийг батлав. Анхны нисэх клуб, Агаарын харилцааны хэлэлцээр /БНХАУ/, Ерөнхий зориулалтын агаарын тээвэр

1958 онд хуралдсан МАХН-ын 12-р хуралд “Монголын ард түмний олсон ололт амжилтуудын “Монголын ард түмний олсон ололт амжилтуудын нэг бол иргэний агаарын тээвэртэй болсон явдал юм.” гэж тэмдэглэжээ. Иргэний агаарын тээвэр энэ онд 14 Ан-2 онгоц, 7 Ил-14 онгоц тээврийн зориулалттай нийт 21 онгоцтой болж, Г.Раднаа даргатай Ил-14 онгоцны I эскадриль, Ж.Очирсуурь даргатай тээврийн II эскадриль 11605 зорчигч, 363700 кг ачаа шуудан тээвэрлэж байв. 1958 оны 6-р сар гэхэд нисэх 5-р отръяд Буянт-Ухаад бүрэн бүрэлдэхүүнээрээ шилжиж, аж ахуйн зохион байгуулалтын хувьд бэхжиж байв. 1958 оны эхээр нисгэгч Б.Дашдорж, Д.Даваадорж, Ц.Өлзийтогтох, Г.Цэрэндорж нарын бүрэлдэхүүнтэй БНМАУ-ын Ил-14 онгоцны баг Москва-Улаанбаатарын анхны олон улсын нислэгийн үүргийг гүйцэтгэжээ. 1958 оны 01 дүгээр сарын 17-нд Улаанбаатар хотод БНМАУ, БНХАУ-ын Засгийн газрын хооронд Иргэний Агаарын харилцааны талаар хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1958 оны 04 дүгээр сарын 25-ны 112 тоот тогтоолоор агаарын харилцааны дүрмийг, мөн тээврийн 1 цагийн хөлсний тарифийг баталж, Ил-14 онгоц – 1800 төгрөг, Ан-2 онгоц – 600 төгрөг, Як-18, Як-12 онгоц – 270 төгрөгөөр тогтоожээ. Агаарын харилцааны төв, хөдөөгийн салбаруудад мэргэжлийн боловсон хүчин ихээхэн дутагдаж байсан тул гадаад, дотоодод нисэхийн мэргэжлээр бэлтгэгдсэн бэлтгэл хүмүүсээ олон тоогоор татаж, нисэх онгоцны 5-р отръядын бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын Нисэх онгоцны төв буудлыг харъяалуулж, нисгэгч, техникч нарыг мэргэжлийн зэрэгтэй болгох, мэргэжлийн хүмүүст халуун хоол олгож байхаар тогтоожээ. Мөн тус онд Ховдын Булган суманд анхны холбооны релейны станц байрлуулж, Улаанбаатарт холын привод станцыг тавьжээ. 1958 оны 04 дүгээр сарын 25-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс “Агаарын тээврийн ажиллагааг сайжруулах арга хэмжээний тухай” тогтоол гарган уг тогтоолд “тус улсын нисэх онгоцны хүчин чадал дотоодын ба олон улсын шугамд үйлчлэх бололцоотой байна” гэж тэмдэглээд цааш нь улсын хамгийн алслагдсан нутагт хүмүүс, ачаа, шууданг онгоцоор хүргэдэг болох зорилтыг тавих, агаарын тээврийн, эмнэлэгийн түргэн тусламж, ой хээрийн түймэр, хөдөө аж ахуйн хортонтой тэмцэх, байгаль хамгаалах зэрэг зориулалтаар өргөн ашиглах шаардлага тавигдаж байгааг цохон дурджээ.​

<< 1957 он >>
Олон улсын агаарын тээврийн шинэ хэлэлцээр, Буянт-Ухаа аэродром

1957 онд БНХАУ-ын иргэний агаарын тээврийн байгууллага, мөн ЗХУ-ын иргэний тээврийн ерөнхий газартай гэрээ хэлэлцээр байгуулан, хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд шуурхайлан зохион байгуулав. 1957 онд ЗХУ-аас Ан-2 онгоц 10-ыг худалдан авч, 1957 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ЗХУ-аас бэлгийн шугамаар Ил-14 онгоц 5-ыг хүлээн авсан байна. Дараа нь БНСЧСУ-ын Ил-14 онгоц 2-ыг худалдан авчээ. 1957 онд Бөхөг Цагаан толгойн аэродромоос Ж.Очирсуурь даргатай тээврийн эскадриль Буянт-Ухаад шилжин байрлажээ.

<< 1956 он >>
Агаарын навигацийн тоног төхөөрөмж

ИАТ-ийн талаар ЗХУ-тай 1956 онд байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу Улаанбаатар-Сайншандын нисэх онгоцны буудлын тоноглол, төхөөрөмж, эд хэрэглэл, ИЛ-14 онгоц 5-ыг хүлээн авч иргэний агаарын тээвэрт ашиглаж эхэлсэн байна. Мэргэжилтнүүдийг урьж авчран дагалдуулах, дотоод гадаадын агаарын шугамд Монгол Улс өөрийн багийг бие даан нисгэх болжээ. 1957 оны 11 дүгээр сарын сүүлчээр Улъяновскт суралцаж ирсэн “Ил-14”-ийн экипаж, Ил-14 онгоцоор Хөвсгөл, Дундговь аймагт техникийн анхныхаа нислэгийг амжилттай хийжээ. Улаанбаатар хот болон Сайншандын нисэх онгоцны буудалд ПАР-3 станц тавьжээ. Мөн энэ үед богино долгионы “РСБ-3” радио станцыг тавьж анхны холбоочид томилогджээ.

<< 1956 он >>
Олон улсын агаарын тээврийн шугамын нээлт /ЗСБНХУ/

Монголын агаарын тээврийг байгуулах, бэхжүүлэх асуудлаар БНМАУ ба ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд хэлэлцээр хийж, ЗХУ-ын Аэрофлот, Монголын агаарын харилцааны газрын хооронд олон улсын агаарын тээврийн шугамаар зорчигчид, ачаа тээш, шуудан тээвэрлэх журам, нөхцөлүүд, харилцан хүлээх үүрэг, хариуцлага, үзүүлэх тусламж, хамтын ажиллагааны болон үйлчилгээний үнэ, тооцоо хийх зарчмыг тодорхойлсон байна. Мөн уг хэлэлцээрээр Улаанбаатар, Москвагийн агаарын шугам нээх, БНМАУ-ын нутагт ЗХУ-ын хүч хөрөнгөөр байгуулагдсан Буянт-Ухаа, Сайншандын 20 сая төгрөгийн өртөг бүхий нисэх онгоцны буудлыг Монголын талд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөхөөр тохиролцож хэлэлцээрт БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Сономын Лувсан, ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх иргэний агаарын тээврийн удирдах ерөнхий газрын дарга С.Ф.Жаворонков нар гарын үсэг зуржээ.

<< 1955 оны 12 сар >>
Иргэний агаарын тээврийн шинэ онгоцууд хүлээн авах бэлтгэл

Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөнд “Зарим аймгийн төвийг агаарын тээврээр холбох”, хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнд “Иргэний агаарын тээврийг бие даасан тээврийн салбар болгох” гэсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор ЗХУ-ын Москва хотноо болсон социалист орнуудын иргэний агаарын тээврийн байгууллагуудын зөвлөгөөнд Д.Гунгаа тэргүүтэй Монголын нисэх хүчний төлөөлөгчид анх удаа оролцож, зөвлөгөөний явцад ЗСБНХУ-ын Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын удирдлага болон социалист орнуудын иргэний агаарын тээврийн төлөөлөгчтэй санал солилцож, хурлын дүнг МАХН-ын Төв хороо, Засгийн газрын зохих удирдах хүмүүст танилцуулан, иргэний агаарын тээврийн зарим шинэ онгоцуудыг хүлээн авах нисэх багийг бэлтгэх, нисэх хүчний нийт нисэх бүрэлдэхүүнийг шинэ эд ангийг хүлээж авах бэлтгэлд шилжүүлж эхэлсэн байна.

<< 1947 он >>

Иргэний агаарын нисэх отръядын анхны даргаар Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжны 1947 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 0167 тоот тушаалаар нисэх холимог 5-р хорооны нислэгийн туслах Дугарын Гунгааг томилжээ. Иргэний нисэхийн анхны отръяд “Супер” онгоц 7, По-2 онгоц 1-гээр байгуулагджээ. “Супер” онгоцыг 1945 онд Японоос 12-ыг олзолж, зохих шалгалт, техникийн үзлэг хийсний үндсэнд 7 онгоцыг нь нислэгт тэнцүүлж, иргэний тээвэрт шижүүлсэн байна. Тус онгоцыг Монголын цэргийн нисэх хүчний дунд үеийнхэн буюу хөгжлийн оргил үед нь алба хааж байсан алдарт нисгэгч Д.Гунгаа, У.Даравгар, М.Осор, Д.Жамбалдорж нар эзэмшин Дундговь, Сайншанд, Өндөрхаан, Сүхбаатарын чиглэлд иргэний нислэгийн үүргийг анх удаа биелүүлжээ.

<< 1946 он >>

Дэлхийн II дайны дараа БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс улс орны амьдралыг дайны үеийн байдлаас энх тайван цагт шилжүүлэх, эдийн засгаа хөгжүүлэх, ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэх талаар нийгэм, эдийн засаг руу чиглэсэн ажлуудын голлох хэсэг нь шуудан, харилцаа холбоо, авто ба агаарын тээвэр, төмөр замыг хөгжүүлэх талаар байв. Тус зорилгоор БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн “Иргэний нисэх онгоцны ангийг байгуулах тухай” 1946 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаар тогтоол гарчээ. Тогтоолд “Аймгийн төвүүдтэй харилцах харилцааг үндсээр нь сайжруулах, Засгийн газрын ба иргэний шуудан түргэн хүргэх, тэрчлэн тус улсын ард түмэнд хүн эмнэлэгийн яаралтай тусламжийг үзүүлэх цэргийн яамны шууд харъяанд Агаарын иргэний нисэх отръядыг байгуулсугай” гэж заажээ.