АНУ-ЫН TSA-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД НИСЭХИЙН АЮУЛГҮЙН ХАМГААЛАЛТЫГ ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ
2025/04/04

АНУ-ын Тээврийн аюулгүй байдлыг хангах захирганаас 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 04 дүгээр сарын 04-ний өдрүүдийн хооронд нисэхийн аюулгүйн хамгаалалтыг хангах үйл ажиллагаанд үнэлгээ хийлээ. Энэхүү үнэлгээг АНУ-ын Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргааны тээврийн аюулгүйн хамгаалалтын ажилтан хатагтай Nyxica Blackshear, хатагтай Orla Walsh нар гүйцэтгэж, Тээврийн аюулгүй байдлыг хангах газрын БНХАУ-ын Бээжин хот дахь төлөөлөгч, атташе хатагтай Sherrie Soto оролцлоо. АНУ-ын Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргаанаас хийсэн үнэлгээнд Иргэний нисэхийн ерөнхий газар, “ИНҮТ” ТӨХХК-ийн Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын алба, “ИНҮТ” ТӨХХК-ийн Нисэхийн сургалтын төв болон “Чингис хаан” олон улсын нисэх буудал амжилттай хамрагдсан ба дараах чилэлээр үнэлгээ хийгдсэн. Үүнд: -               Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үндэсний баримт бичгийн хэрэгжилт; -               Чанарын хяналтын үйл ажиллагаа; -               “Чингин хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа; -               Аюулгүйн үзлэгийн ажилтнуудын сургалт болон аюулгүйн хамгаалалтын соёл. -               Зорчигч, тэдгээрийн гар тээш болон тээшинд хийх аюулгүйн үзлэг, шалгалт; -               Ачаа, шуудангийн аюулгүйн үзлэг, шалгалт; -               Агаарын хөлгийн аюулгүйн хамгаалалт; -               Иргэний нисэхийн эсрэг хөндлөгийн хууль бус үйлдлээс хамгаалах хариу арга хэмжээ; -               Нийтийн эзэмшлийн бүсийн аюулгүйн хамгаалалт байдал; -               Кибер аюулгүй байдал. Дээрх байгууллагаас АНУ-ын Юнайтэд Эйрлайнс компани Монгол Улс руу буюу Чингис хаан олон улсын нисэх буудал /UBN/ болон Нарита олон улсын нисэх буудал /NRT/-ын хооронд нислэг үйлдэх болсонтой холбогдуулан 2025 оны 05 дугаар эхээр тус нислэгийн аюулгүйн хамгаалалтыг хангах үйл ажиллагаанд хийхээр төлөвлөгдөөд байна.

“Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” MNS 6409:2024 стандартад санал авах
2025/04/15

Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн С/08 дугаар тогтоолоор батлагдаж, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон “Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” MNS 6409:2024 стандартад нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн батлуулах ажлын хүрээнд тус стандартын нэр томьёо, тодорхойлолтын нэршил, орчуулгад зөрүүтэй байдал байгаа эсэхэд дүн шинжилгээ хийж зөрүүтэй байдлыг гарган стандартад тусгах саналын хамт 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлнэ үү.Цахим хуудсанд байршуулсан “Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” MNS 6409:2024 стандартыг дараах холбоосоор орж үзнэ үү. javascript:nicTemp();Саналаа rule@mcaa.gov.mn  хаягаар ирүүлнэ үү.

ИНЕГ, ТРАНКСОН ХХК ХООРОНД ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025/04/02

Харилцан ойлголцлын санамж бичигт Иргэний нисэхийн ерөнхий газрыг төлөөлж дарга Э.Төрбаяр, “Транскон электрон систем” ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Владимир Драбек нар 2025 оны 03 дугаар сарын 11-ны өдөр Прага хотноо гарын үсэг зурлаа.Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Иргэний нисэхийн ерөнхий газар болон “Транскон электрон систем” ХХК хооронд байгуулагдах харилцан солилцох санамж бичиг нь иргэний нисэх, иргэний нисэхийн дэд бүтцийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой. Мөн тус газартай иргэний нисэхийн салбарт, тэр дундаа орон нутгийн нисэх буудлуудын шинэчлэлт, нисэхийн тоног төхөөрөмж, технологи нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх болно.

ИНЕГ-ЫН ХАМТ ОЛНЫ МОДОН МОГОЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН ЗОЛГОЛТ БОЛЛОО
2025/03/31

Хаврын тэргүүн шар бар сарын хөх нохой өдөр ИНЕГ-ын хамт олны Модон могой жилийн сар шинийн золголт боллоо. Золголтыг нээж ИНЕГ-ын дарга Э.Төрбаяр хамт олондоо 17 дугаар жарны “Элдэв эрдэнэт” хэмээгч модон могой жилийн сар шинийн мэнд дэвшүүлж, урган гарч буй жилдээ амьдрал нь сайн сайхнаар бялхаж, ажил үйлс нь амжилтаар арвин байхыг хүсэн ерөөлөө.  Золголтод ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан, техникийн ухааны доктор, хурандаа Л.Лхагва болон М.Дагва, 2 удаа ИНЕГ-ын даргаар ажилласан С.Батмөнх нар, мөн ИНЕГ-ын дэд дарга, “МИАТ” ХК-ийн захирлаар ажиллаж байсан С.Хүрэлбаатар, ахмад инженер П.Эрдэнэ-Очир, Иргэний нисэхийн Ахмадын хорооны дарга З.Наранцэцэг оролцож, хамт олонтойгоо сар шинийн золголтоо хийлээ. 

ИРГЭНИЙ НИСЭХИЙН АЮУЛГҮЙН ХАМГААЛАЛТЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
2025/02/19

Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Ази, Номхон далайн бүсийн Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөр (CASP-AP)-ийн гишүүн орнуудын техник, үйл ажиллагааны 11 дүгээр (11th ATOM) ээлжит хурал”-ыг 2025 оны 02 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.  Энэ удаагийн хуралд дээрх хөтөлбөрийн гишүүн 10 гаруй орны зочид, төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд төлөөлөгчид иргэний нисэхийн аюулгүйн хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, гишүүн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Тус хурлаар Сингапур, Тайланд, Филиппин зэрэг улсуудын аюулгүйн хамгаалалт, агаарын тээврийг хялбаршуулах болон аюулгүйн хамгаалалтын соёлыг сайжруулах чиглэлээр туршлага судлах танилцуулга хийгдсэн бол тус хурлыг зохион байгуулагч CASP-AP болон Нисэх буудлуудын холбооноос танилцуулсан нисэх буудлын нийтийн эзэмшлийн бүсэд үйлдэгдэж болох халдлага, хүнгүй нисэх төхөөрөмжийн халдлагаас сэргийлэх чиглэлээр хийгдсэн танилцуулгууд хуралд оролцогчдын сонирхлыг ихээхэн татсан байна. Хурлыг Монгол Улсад зохион байгуулснаар  Ази, Номхон далайн бүсийн Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн талаарх сургалтад аюулгүйн хамгаалалтын ажилтнуудыг түлхүү оролцуулж, олон улсын туршлага судлах боломж олгохоос гадна оролцогч төлөөлөгчидтэй санал солилцож, иргэний нисэхийн аюулгүйн хамгаалалтын чиглэлээрх Монгол Улсын өнөөгийн түвшнийг тодорхойлох, олон улсын мэргэжилтнүүдээс холбогдох заавар, зөвлөмж авах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025/01/24

Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргаа удирдлага, хууль эрх зүйн газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуульд заасан хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ  мэдүүлэхтэй холбоотой анхаарах асуудлаар сургалт зохион байгууллаа. Тус газрын хуулийн мэргэжилтэн, ажилтнуудын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан Ө.Маралмаа энэхүү сургалтыг зохион байгуулж, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн ХАСХОМ гаргах эрх бүхий албан тушаалтнуудад цахимаар болон танхимаар мэдээлэл өглөө. 

МОНГОЛ, ИТАЛИЙН ХООРОНД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЭРХ ЗҮЙН БОЛОМЖ БҮРДЛЭЭ
2025/01/24

“Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Итали Улсын Засгийн газрыг төлөөлж, Италийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын Дэд Ерөнхийлөгч Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Антонио Тажани нар энэ сарын 23-ны өдөр гарын үсэг зурлаа. Энэ онд Монгол, Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй бөгөөд Агаарын харилцааны хэлэлцээр байгуулснаар Монгол, Италийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. 

2025 ОНЫ ЗУНЫ УЛИРЛЫН ОЛОН УЛСЫН БОЛОН ОРОН НУТГИЙН ХУВААРЬТ НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ БАТЛАГДЛАА
2025/01/23

Иргэний нисэхийн ерөнхий газрын “Цагийн хуваарийн зөвлөл” хуралдаж, 2025 оны зуны улирлын олон улсын болон орон нутгийн хуваарьт нислэгийн цагийн хуваарийг баталлаа. Хурлаар гадаад болон дотоодын агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн нислэгийн хүсэлтийг хэлэлцэн, зуны улирлын хуваарьт нислэгийн цагийн хуваарийг 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд баталсан байна. Зуны улирлын хугацаанд олон улсын нислэгт нийт 17 агаарын тээвэрлэгчийн 10116 2025 нислэг төлөвлөсөн нь 2019 онтой харьцуулахад 100.9 хувиар, 2024 онтой харьцуулахад 8.9 хувиар өссөн байна. 2025 оны зуны улиралд шинээр Хо Ши Минь, Ордос болон Муан чиглэлүүдийн нислэг нэмэгджээ. Түүнчлэн орон нутгийн хуваарьт нислэгт “МИАТ” ТӨХК 6 чиглэлд 764 нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна.