AVAITION PHOTO NEWS XXXIII
2024/10/02

Иргэний нисэхийн салбарын ажилтан, албан хаагчдын хүүхдүүдэд зориулан бүтээн байгуулсан ИНЕГ-ын дэргэдэх “Буянт-Ухаа” салбар цэцэрлэг 4 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. “AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт Нийслэлийн 250 дугаар цэцэрлэг болон тус цэцэрлэгийн “Буянт-Ухаа” салбарын хамт олон оролцлоо. НИЙСЛЭЛИЙН 250 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ Хүүхдийн байгууллагын удирдлагын хувьд ажилтнууддаа тавьдаг шаардлага юу байдаг вэ?   Э.Батнавч /Нийслэлийн 250 дугаар цэцэрлэгийн эрхлэгч/ Сайн байцгаана уу? Намайг Энхтөрийн Батнавч гэдэг. 250 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 8 дахь жилдээ ажиллаж байна. Боловсролын салбар, тэр дундаа сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 33 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Багш ажилтнуудын хоорондын харилцааны ур чадвар нь ажлын үр дүнг шууд тодорхойлдог. Ямар хандлага, ямар тактикаар та ажилтантай харилцана, тийм л үр дүнг хүртэнэ гэсэн үг. Тэгэхээр хүүхдийн байгууллагын удирдлага хүний хувьд өөрөө байнга суралцаж, ажилтнуудаа илүү их хөгжүүлж байж, ажилтнуудаа зөв чиглүүлэхийг орчин үеийн харилцаа менежментийн тогтолцоо шаардаж байна. Иймд ажилтнууддаа шаардлага тавихаас гадна ажлын чиг үүрэг, хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаатай танилцуулах, багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг дэмжиж, шийдэх зэрэг суралцагч болон хамт олноо эрүүл аюулгүй, эко орчинд сурч хөгжих боломж бүрдүүлэхийг хичээж, “Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө” гэсэн уриан дор: 1.            Хувиа хичээхгүй, бусдын бодлыг хүндэтгэх 2.            Хариуцлагыг бусдад тохохгүй, найрсаг харилцаатай байх 3.         Бусдад тохиолдсон таагүй явдалд шийдэл эрж, зөв зүйтэй шийдвэрлэх 4.         Нэгнээ уучилж, багаар хамтарч ажиллах 5.         Хамт олноороо амжилтаа хуваалцах гэсэн багийн 5 системээр ажиллаж, эерэг зөв хандлагатай баг хамт олон бүрдүүлэн өглөөнөөс үдшийн бүрий хүртэл, ажил мэргэжлийнхээ төлөө сэтгэл оюунаа зориулан ажиллаж байна. Үүний нэг тод илрэл нь Ази тивийн 6 дахь удаагийн нийтийн гимнастикийн ЖИМНАЕСТРАДА-2024 соёл, спортын наадамд амжилттай оролцож, ШИЛДЭГ ҮЗҮҮЛБЭР цом, алтан медалийн эзэд болсноор удирдлага баг, хамт олны амжилтыг бид гаргасан. Энэ дашрамд бяцхан гимнастикчин хүүхдүүд, удирдлага, дасгалжуулагч багш нар, эцэг эхчүүд, хамт олныг дэмжиж, хамтран ажилласан Э.Төрбаяр дарга Иргэний нисэхийн үндэсний төв, Нисэхийн спорт цогцолборын Б.Цолмонтуяа захиралтай хамт олон та бүхэнд талархал илэрхийлье. 250 дугаар цэцэрлэгийн бяцхан гимнастикчдаа танилцуулаач. Дүүрэг, хот, улсын аварга, азийн наадам гээд маш их амжилт гаргажээ.   А.Өлзийтогтох /Бүлгийн багш/ Манай цэцэрлэгийн бэлтгэл ангийн 200 гаруй хүүхдээс шигшигдсэн 15 охин, 15 хөвгүүн, нийт 30 хүүхдийн бүрэлдэхүүнтэй баг байгаа. Гимнастикийн бэлтгэлээ 2024 оны 2 дугаар сараас хийж эхэлсэн. Бидний эхний тэмцээн 2024 оны 3 дугаар сард Хан-Уул дүүргийн цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Тэргүүн байр эзэлсэн. Дараа нь 4 дүгээр сард Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд Тэргүүн байр, 5 дугаар сард Монгол Улсын Аварга шалгаруулах тэмцээнд мөн Тэргүүн байр эзэлж, МОНГОЛ УЛСЫН АВАРГА баг тамирчид болсноор Ази тивийн 6 дахь удаагийн нийтийн гимнастикийн ЖИМНАЕСТРАДА-2024 соёл, спортын наадамд оролцох эрхийг авсан юм.  Ингээд 2024 оны 9 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд тус наадамд амжилттай оролцож, “ШИЛДЭГ ҮЗҮҮЛБЭР” цом, алтан медалийн эзэд болсондоо маш их баяртай байна. Цэцэрлэг үүсэн байгуулагдсан цагаасаа хойш хэчнээн хүүхдийг сургав. Мөн бусад хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаасаа танилцуулаач?   Т.Соёл-Эрдэнэ /Аргазүйч/ Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Тогтохын Соёл-Эрдэнэ гэдэг. Тус цэцэрлэгийн аргазүйчээр 3 дахь жилдээ ажиллаж байна. Манай цэцэрлэг 2017 онд үүсэн байгуулагдсанаас хойш ажиллаж байгаа ууган ажилтан. Цэцэрлэг 240 хүүхдийн хүчин чадалтай хэдий ч жил бүр 520-550 хүүхдийг хүлээн авдаг бол байгууллагын дэргэдэх “Буянт-Ухаа” салбар цэцэрлэг маань 150 хүүхдийн хүчин чадалтай ч жилд 180-200 хүүхдийг хүлээн авч, сургалт, үйл ажиллагаагаа явуулж байна. Ингээд нийтдээ давхардсан тоогоор төв цэцэрлэг 8 жилийн хугацаанд 4200 гаруй хүүхэд,  “Буянт-Ухаа” салбар 4 жилийн хугацаанд 760 гаруй хүүхдэд сургалт, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар ирсэн байна. Хийж хэрэгжүүлсэн онцлог ажил гэвэл мэдээж эхний ээлжид цэцэрлэгийн гадаад болон дотоод орчны тохижилт мөн суралцагчдад сургалт, үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор гарын доорх материал ашиглан үзүүлэн, тараах материалыг жил бүр хүүхдийн насны онцлогт тохируулан баяжилт хийдгээрээ цэцэрлэгийн хамт олны давуу тал гэж би хувьдаа бодож, хамт олноороо бахархаж явдаг. Хүний нялх үрстэй ажиллана гэдэг маш их хариуцлага, тэсвэр тэвчээр шаардсан ажил байдаг байх. Заримдаа шантрах үе гардаг уу?   Д.Дэнсмаа /Бүлгийн багш/ Тиймээ. Ээжийнхээ мөөмнөөс ч гараагүй нялх, олон айлын өөр өөр орчин нөхцөлөөс ирсэн хүүхдүүдийг хүлээн авч, нийгэмшүүлж, сургаж хүмүүжүүлнэ гэдэг тийм ч амар ажил биш. Хэн дуртай нь цэцэрлэгийн багш болчихдоггүй гэж боддог. Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй, өөрийн хүүхэд, гэр бүлээ орхиод л өглөө үүрээр гэрээсээ гарч, үдшийн бүрийгээр л ордог доо бид. Хүүхдүүдийн шуугиан гэдэг хэцүү л дээ. Тэгэхдээ бид дасчихсан. Зуны амралтаар ангийнхаа хамгийн хөдөлгөөнтэй хүүхдийг маш их санадаг. Сүүлийн үед зарим хүүхдүүдийн ярих чадвар сул, хөдөлгөөний дутагдалтай хүүхэд ч их болжээ. Манай эцэг эхчүүд хүүхэдтэй тоглож наадахгүй, харилцан ярилцахгүй, ихэнхдээ утсаа хараад л тэр гэрт амьд харилцаагүй болсонтой холбоотой. Сүүлийн үед нийгэмд багш нартай муухай харилцах, хүүхдүүдээ хэт их өмөөрөх, багшийн шаардлагыг хүлээн авахгүй бусдыг буруутгах хандлага их болсон байна. Багш нарыг үл хүндлэх, гэрийн үйлчлэгч шиг хандах, үг хэлээр доромжлох нь их болсонтой холбоотойгоор залуу багш нар ажил хаяж гарах тохиолдол ч их болж байна. Таны ажлын онцлог. Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол? Сургалтын үйл ажиллагаа өдрийн дэглэмийн дагуу явагддаг. Бага насны  хүүхэдтэй ажиллана гэдэг сайхан бас хэцүү. Миний хувьд өглөө 6 цаг 20 минутад ажилдаа ирдэг. Ингээд: Өглөөний хүлээн авалт - Эхний хүүхэд 6 цаг 30 минут гээд л ирдэг. Эхний хүүхэд болон багш нар өглөөний цай уугаад ямар ажил хийх талаараа ярилцана. Бас гэртээ болсон хөгжилтэй зүйлсээ ярилцаад 10-15  минут орчим болдог. Тэгээд л ар араасаа хүүхдүүд маань аав ээжийнхээ хамт ирнэ дээ. Хүүхдүүдийн болон сургалтын тухай эцэг эхчүүдтэй ярилцана. Өглөөний тойргийн цаг - Хүүхдүүдтэй цаг агаар, улирал гээд төрөл бүрийн сэдвээр харилцан ярилцана. Үүний дараа өглөөний дасгал хийдэг. Өглөөний цай - Хүүхдүүд ширээгээ засаж, цайгаа ууна. Бие засаж, сургалт эхлэхэд бэлдэнэ. Сургалтын цаг - Бага бүлэг 15 минут, дунд бүлэг 20 минут, ахлах бүлэг 25 минут, бэлтгэл бүлэг 30 минутаар тус тус сургалт явагдаж дуу шүлгээ давтана. Тоглоомын цаг - Хүүхдүүдээ чөлөөтэй тоглуулдаг. Тоглох явцад нь сайтар ажиглана. Хоорондоо хэрхэн харилцан ярьж байна. Ямар зан гаргаж байна гээд л анги дүүрэн харахыг хичээдэг дээ. Бага үдийн цай - Хүүхдүүдийг зөв дадал хэвшил олгоход анхаарч ажиллана. Өдрийн хооллолтын цаг - Хүүхдүүдийн хамт ширээгээ засаж, хамтын хөдөлмөрт сургадаг. Нойрсолтын цаг - Хүүхдүүдээ бие засуулаад, хувцсыг нь тайлуулаад, унтлагын хувцсыг нь өмсүүлээд унтуулна. Бүүвэйн дуу дуулах, ая сонсгох эсвэл үлгэрийн ном уншиж өгнө. Унтлагын цагаар багш нар бичиг цаасны ажлаа амжуулна. Эсвэл хурал  цуглаан, сургалтад хамрагдана. Хүүхдүүд босоод ирэхээр ор хураах, хүүхдүүдийнхээ үсийг нь самнаж байхдаа шүлэг дуугаа давтдаг. Эрүүл ахуйн дадал олгох цаг - Хүүхдүүдийг чийрэгжүүлэх буюу дасгал хөдөлгөөн зааж давтах үйл ажиллагаа явагдана. Оройн цайлалт Хөгжөөн баясах цаг - Үлгэрийн орчинд хүүхдүүдийн хэл яриаг хөгжүүлж ажиллана. Таралтын цаг - Гараас гарт хөтөлбөрийн хүрээнд аюулгүй ажиллагааг ханган ажиллана. Үлгэр уншиж өгч чөлөөтэй тоглуулдаг, эцэг эхчүүдээс асуусан зүйлсэд хариулах харилцан ярилцах гээд л  бидний ажил дуусахгүй дээ. Тэгээд л хүүхдүүдээ тарааж дуусаад гэр рүүгээ явна даа. Салбар цэцэрлэг дээр ИНЕГ, ИНҮТ-ийн ажилтнуудын цаг бүртгэлийн төхөөрөмж суурилуулсан. Үүнд эцэг эхчүүд хэр сэтгэл хангалуун байдаг вэ?   Б.Батдэлгэр /Бүлгийн багш/ Намайг Бодров овогтой Батдэлгэр гэдэг. “Буянт-Ухаа” салбар бүлэг үүсэн байгуулагдсан үеэс бүлгийн багшаар ажиллаж байна. Цэцэрлэг дээр ажилтнуудын цагийн бүртгэл суурилуулаагүй байхад эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ бараг ангийнх нь үүд рүү түлхээд л ажлынхаа цагтай уралдаад яаран гарч явдаг байсан. Цэцэрлэг дээр бүртгэлийн төхөөрөмж суурилуулснаар эцэг эхчүүдтэй хүүхдийн болон ангид өрнөж байгаа зүйлсийн талаар ярилцаад сууж байхад эцэг эхчүүд, бяцхан шавь нар болон багш миний сэтгэл маш хангалуун байгаа. Та хэдэн жил ажиллаж байна вэ? Ажилдаа сэтгэл ханамж хэр байдаг бол?     Э.Батнавч /Эрхлэгч/ Би боловсролын байгууллага, тэр дундаа сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тасралтгүй 33 жил ажиллаж 2014 оноос хойш одоог хүртэл цэцэрлэгийн эрхлэгчээр  ажиллаж байна. Багаасаа л удирдагч болно гэсэн чин хүслээр сурч хөдөлмөрлөн хичээн зүтгэж, энэхүү амжилтдаа хүрч, хамтран ажиллаж байгаа бүхий л хүмүүсийн хайр энэрлийг хүртэж ажиллаж байгаа учир өөрийн ажилдаа сэтгэл ханамж өндөр байдаг. Та мэдлэг, чадвараа дээшлүүлэх тал дээр хэрхэн анхаардаг вэ? Өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна?   Э.Сонинцэцэг /Бүлгийн багш/ Өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж байгаа энэ эрин зуунд хүрээлэн буй орчноосоо болон техник технологиос суралцах зайлшгүй шаардлага өдөр тутмын сургалт, үйл ажиллагаанд тулгардаг. Тиймээс хэрэглээний программ болон бусад зүйлсээс суралцаж, Z үеийн бяцхан суралцагчаасаа түрүүлж мэдлэг чадварт суралцаж, өдөр бүр, цаг тутамд өөрийгөө хөгжүүлэн, түүнийгээ ажлын байран дээрээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Ажил болоод хамт олныхоо талаарх сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцаач?   В.Сүхбат /Хөгжмийн багш/ Миний нэрийг В.Сүхбат гэдэг. Хөгжмийн багшийн мэргэжилтэй. СӨБ-ын байгууллагад 24 дэх жилдээ ажиллаж байна. ИНЕГ-ын дэргэдэх "Буянт-Ухаа” салбар цэцэрлэгтээ 3 дахь жилдээ ажиллаж байна. Миний бахархаж явдаг зүйл нь ИНЕГ гэдэг бол маш их хариуцлага шаарддаг байгууллага. Олон арван хүний аюулгүй байдал, амь насыг хариуцан ажилладгийн хувьд  ар гэр, үр хүүхдэдээ санаа зовох зүйлгүй байх нь амжилттай ажиллахын үндэс учраас тэдний үр хүүхдүүдийг санаа зовох зүйлгүй асран хамгаалахын төлөө гар нийлэн ажилладаг эвсэг хамт олны дунд явдагтаа туйлын их бахархдаг. Ингээд түүхт ойгоо угтан, шаргуу хөдөлмөрлөж яваа ИНЕГ-ын хамт олондоо ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе. Нисэхийн салбарын ажлын онцлогийн талаар таны бодол? Та энэ салбарын юугаар бахархдаг вэ?    Э.Батнавч /Эрхлэгч/ Миний аавын найз Баасанхүү ах минь нисэхэд ажиллаж байхад би онгоцонд нь сууж үзээд энэ салбарын ажилтан болох юмсан гэсэн хүүхэд насны мөрөөдөлтэй байлаа. Ах маань дуулдаг, бүжиглэдэг гээд маш олон төрлийн авьяастай хүн байсныг одоо ч бахархан бодож явдаг юм. Бага насны хүүхдийн хүсэл мөрөөдлөөр нисэхийн салбарт ажиллаж байгаадаа маш их баяртай байдаг. Нисэх гээд л бодох төдийд сэтгэл сэргэж, өөрийн эрхгүй л энэ салбараар, энэ салбарын ажилчдаар бахархаж явдаг аа. Хичээлийн шинэ жил эхлээд 1 сарын хугацаа өнгөрч байна. Энэ жилийн хувьд та бүхний төлөвлөсөн онцлог ажлууд юу байгаа вэ? 2024-2025 оны хичээлийн жил эхлээд хэдий ганцхан сар өнгөрч байгаа ч манай байгууллага, хамт олны хувьд амжилт бүтээл, бахархам сайхан зүйлс олон өрнөж өнгөрлөө. Тодруулбал, 2024 оны багшийн гүйцэтгэлийн үнэлгээгээр манай 16 багш амжилттай үнэлэгдсэн дүн гарсан. Мөн дээр хэлсэнчлэн Уран хөдөлгөөнт гимнастикийн баг хамт олон минь Азийн 6 дахь удаагийн соёлын наадамд оролцохоор баг хамт олноороо дор бүрнээ ажлын хариуцлага өндөр байж, энэ бүхний ард гарлаа. Ингээд цаашдын болон энэ хичээлийн жилийн хувьд манай хамт олон Нийслэлийн шилдэг менежменттэй цэцэрлэг шалгаруулах журмын дагуу шалгуулахаар зорьж байна. Мөн цаашлаад Уран хөдөлгөөнт гимнастик-2025 уралдаанд баг хамт олны хүчээр амжилтаа бататгаж оролцохоор зорьж байна. Энэ мэт олон олон ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.Aviation photo news -ийн энэ удаагийн дугаарт оролцсон Нийслэлийн 250 дугаар цэцэрлэгийн хамт олондоо баярлалаа. Ажлын амжилт хүсье.

ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДРИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ
2024/10/01

ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДРИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

AVAITION PHOTO NEWS XXXI
2024/09/16

“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт ИНҮТ-ийн Шатахуун хангалтын албаны хамт олон оролцлоо. “ШАТАХУУН ХАНГАЛТЫН АЛБА”   Шатахуун хангалтын алба үүсэн байгуулагдсан цагаасаа хойш хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаасаа танилцуулаач?   Г.Баттулга /Дарга/ 2021 оноос Чингис хаан олон улсын нисэх буудалд дотоод болон гадаадын бүх төрлийн агаарын хөлөгт зөвхөн манай алба шатахууны сумлагаа хийж байгаа бөгөөд 2022 онд 34693 тн, 2023 онд 55816 тн, 2024 оны эхний 7 сарын байдлаар 37768 тн шатахуун сумлаад байна. Таны ажлын онцлог. Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол?   П.Болдбаатар /Ээлжийн инженер/ Ээлж хүлээж авснаар өдөр тутмын ажил маань эхэлдэг. Үүнээс шатахуун хадгалах савны чанарын тунадаслагаа, шатахуун хүлээн авах, сумлагч автомашинд ачилт хийх, агаарын хөлгийн сумлагаа хийх гидрант системийн технологийн шугамын хаалтуудыг шалгах, гидрант системийн доод цэгийн тундаслагаа, технологийн худгийн үзлэг гэх мэт, технологийн үзлэг шалгалтыг өдөр тутамдаа хийдэг. Ажил мэргэжлийн онцлог гэвэл манай Шатахуун хангалтын алба нь Монгол улсад нэвтэрсэн гидрант системтэй. Үүгээр онгоц сумлах технологийн үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажилладаг. Та хэдэн жил ажиллаж байна вэ? Ажилдаа сэтгэл ханамж хэр байдаг бол?   Д.Цолмон /Ахлах инженер химич/ Би агаарын хөлгийн шатахууны чанарыг хянах салбарт 15 дахь жилдээ ажиллаж байна. Аюулгүй нислэгийн чухал хэсэг болох шатахууны чанарыг хянадаг лабораторийн чадварлаг инженер химичид болон нислэг үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангахад бүхий л хүч чадлаа дайчлан ажилладаг лаборатори болон бусад хэсгийн инженерүүд, ШХА-ны нийт ажилчдаараа  маш их бахархаж, сэтгэл хангалуун ажилладаг. Дашрамд, лабораторийн инженер химичид маань ажилдаа хичээнгүй, хариуцлагатай хандаж, чадварлаг баг болон ажилладагт баярлаж явдгаа илэрхийлье. Манай улсад анх удаа агаарын хөлгийг гидрант системээр цэнэглэж байгаа. Энэ ажлын давуу талаас танилцуулаач?   У.Амгалан /Ерөнхий инженер/ Гидрант систем нь шатахууны агуулахаас “Чингис хаан” олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн зогсоол буюу перрон талбай руу 1920 метр урт, 40 см диаметртэй хос гидрант шугам хоолой, агаарын хөлөг сумлах 14 ширхэг гидрант хавхалга, технологийн 4 худаг, өндөр даралтаас хамгаалах гидроамортизатор, гидрантын 4 насос, шүүр-сеператор, зэврэлтээс хамгаалах катодын төхөөрөмж зэргээс бүрддэг цогц систем юм. Энэ системийн давуу тал нь 1000 галлон /мин буюу 3785 литр/ мин урсгалын хурдаар 3 агаарын хөлгийг нэгэн зэрэг сумлах хүчин чадалтай. Та мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх тал дээр хэрхэн анхаардаг бол. Өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?   Б.Батбаяр /Сав тоног төхөөрөмжийн инженер/ Гидрант систем нь бүрэн автомат, өмнө нь Монголд байгаагүй технологи. Нисэхийн аюулгүй байдалтай шууд холбоотой учраас бэлэн байдал болон ажиллагааны шаардлага өндөр байдаг. Энэ системийн тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрлэгчийн заавар, ашиглалтын гарын авлагыг судлалж ойлгох, ашиглалтын бэлэн байдлыг хангах нь мэргэжлийн хувьд өсөж дэвжих боломжтой болгодог. Ажил болоод хамт олныхоо талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?   Б.Цогт-очир /Ээлжийн систем хянагч оператор/ Намайг Б.Цогт-Очир гэдэг. Би 2022оны 05 сараас хойш “Шатахуун ханалтын алба”-нд “Ээлжийн систем хянагч-оператор”-оор ажиллаж байна. Манай хамт олон нь маш халуун дулаан уур амьсгал дор ажил үүргээ гүйцэтгэн, үргэлж нэг нэгнийгээ дэмжин ажилладаг ба ажилд анх орсон цагаас минь хойш тусалж дэмжсээр өдийг хүрсэнд нь ажлын хамт олондоо талархаж явдаг шүү. Нисэхийн салбарын ажлын онцлогийн талаар таны бодол. Та энэ салбарын юугаар бахархдаг вэ?   Ч.Бат-эрдэнэ /Цахилгааны инженер Иргэний нисэхийн салбар бол Монгол улсын хамгийн чухал, тээврийн салбар дотроо хамгийн том салбар юм. Шинэ нисэх буудал дахь шатахуун хангалтын алба нь Улсын хэмжээндээ анхдагч тоног төхөөрөмж, автомашинууд ажиллуулж нутагшуулж байгаагаараа онцлог юм. 24 цаг тасралтгүй нислэг үйлдвэрлэлийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангаж ажилладаг онцгой салбар. Энэ ч утгаараа энэхүү хариуцлагатай ажлыг найдвартай хангаж ажилладаг инженер техникийн ажилтнууд Иргэний нисэхийн үе үеийн нийт ажилтан албан хаагчдаар бахархдаг.   Хөшгийн хөндий өвөлдөө нэлээд хүйтэн газар. Өвлийн тасхийсэн хүйтэнд гадаа онгоц цэнэглэх хүнд ажил нь мэдээж. Шантрах үе гарах уу?   Ц.Дагва /Цэнэглэгч машины жолооч-оператор/ Хөшгийн хөндий маань салхи ихтэй өвлийн -40 орчим хэмийн хүйтэнд сумлагаа явуулахад онгоцны адаптарт цэнэглэх хошуу ороход хүндрэлтэй, сальник хөлдөж шатахуун шүүрч бие болон хувцас, бээлий норох үеүд байдаг. -40 хэмийн хүйтэнд шатахуунаар норсон бээлий гар хайрдаг хөлдөөж байсан удаатай. Бидний ажил норсон хувцас бээлийгээ сольж ирээд сумлагаа хийнэ гэсэн асуудал байхгүй цагийн юм цагтаа, аюулгүй байдлаа хангаад сумлагаагаа дуусгасны дараа буцаж байгууллага руугаа орж байж хувцасаа сольдог. Бээлий норох үзэгдэл бол байнга учир машиныхаа паар нь дээр бээлийгээ тавин хатаагаад дараагийн сумлагаандаа ордог үеч байгаа. Бидний ажил хүнд үедээ хүнд сайхан үедээ ч сайхан. Би энэ алба, энэ ажилдаа дуртай. Шантрах үе байдаг ч албаны маань хамт ажилдаг хүмүүс их урам өгдөг дөө.   Шатахуун хадгалалт, түгээлт онцгой хариуцлагатай ажил. Хяналт, шалгалт их ирэх үү? Давтамж нь ямар байдаг бол?   Д.Цогтгэрэл /Чанарын мэргэжилтэн/ Хяналт шалгалт их ирдэг учир нь JIG-1, JIG-2 гэх мэт олон улсын стандартыг үйл ажиллагаандаа мөрддөг болохоор хөндлөнгийн аудит /гаднын авиакомпани, IFQP/ шалгалт 2022 онд 12 удаа, 2023 онд 10 удаа, 2024 оны 8 дугаар сарын байдлаар 8 удаагийн ирсэн байгаа. Жилд дунджаар 10 удаа, улиралд тутам 2-3 удаагийн давтамжтай аудит шалгалтад хамрагдаж байна. Боловсон хүчний хүрэлцээ хангамж хэр байгаа вэ? Ажилтнуудынхаа мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр төлөвлөсөн онцлог ажлууд юу байна?   Г.Төмөрсүх /Захиргааны хэсгийн дарга/ Манай албаны суурь  бүтэц бол Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалд бууж, хөөрөх агаарын хөлөгт шатахуун сумлагааны  үйлчилгээ үзүүлэх Шатахуун хангамжийн байгууламжийг ажиллуулах зорилготой үүсэн байгуулагдаж байсан. 2020 оны 5 дугаар сард 39 хүний бүрэлдэхүүнтэй бүтэц батлагдаж, бүх ажилтнуудыг сонгон шалгаруулалтын журмаар шалгаж, ажилд томилж байсан. Тухайн үeд тус салбар нэгжийн анхны даргаар томилогдож байсан хүний хувьд хэлэхэд маш чадварлаг,мэргэжлийн хамт олон бүрдсэн гэж бодож явдаг. Хүний нөөцийн хүрэлцээ, хангамжийн талаар хэлэхэд нислэгийн эрчимжилт, ажлын ачаалал нэмэгдсэнээс шалтгаалж, шат дараатайгаар орон тоо нэмэгдэж, одоогоор 47 хүний бүтэц, орон тоотойгоор ажиллаж байна. Цаашид нислэгийн тоо 2019 оны түвшинд хүрч, агаарын хөлөгт үзүүлэх сумлагааны тоо ихэссэн нөхцөлд ээлжийн хуваариар ажилладаг сумлагч болон цэнэглэгч машины жолооч-опeраторуудын орон тоог нэн тэргүүнд нэмэх шаардлагатай гэж үздэг. Өнөөдрийн байдлаар ч гэсэн маш ачаалалтай ажиллаж байгаа. Нийт ажилтнууд дотоодын сургалтын байгууллагууд болон Иргэний нисэхийн сургалтын төвийн сургалтад албаны сургалтын төлөвлөгөөний дагуу хамрагддаг. Мөн албаны дотоод сургалт Үйл ажиллагааны зааврын дагуу байнга явагдаж байдаг. Сүүлийн үeд ашиглалтын хугацаанаас шалтгаалж, сумлагч, цэнэглэгч машины тусгай хэрэглэлүүд, багаж, тоног төхөөрөмжүүд дээр эвдрэл, гэмтэл гарч, гаднын мэргэжилтэн өндөр зардлаар урьж авчрах тохиолдлууд гарч байна. Миний бодлоор энд ажиллаж байгаа инжeнeр тeхникийн ажилтнуудаа гадаад улсууд руу одоо ашиглагдаж байгаа машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчийн сургалтад тодорхой үe шаттайгаар явуулж сургавал байгууллагын төсөвт хэмнэлттэй, үр дүнтэй байх болов уу гэж бодож явдаг даа. “Aviation photo news”-ийн 31 дэх дугаарт оролцсон Шатахуун хангалтын албаны хамт олондоо баярлалаа. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. 

AVAITION PHOTO NEWS XXX
2024/07/09

“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт ИНҮТ-ийн Аэродром, гэрэл суултын албаны хамт олон оролцлоо. “АЭРОДРОМ, ГЭРЭЛ СУУЛТЫН АЛБА”  ИНҮТ-ийн Аэродром, гэрэл суултын алба ямар чиг үүргээр ажилладаг вэ? Албаныхаа тухай, хамт олноо танилцуулаач.   И.Амарсанаа /Дарга/ Албаны хөгжлийн түүхийн тухайд: Улаанбаатар хотын консулын дэнжид 1925 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ю-13 маягийн агаарын хөлөг нислэг үйлдсэн тэр талбайг Монголын анхны “Аэродром” гэж түүхэнд тэмдэглэсэн. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1957 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 107 тоот тогтоолоор Агаарын харилцааны газар байгуулагдахад аэродромын хангалт, харуул хамгаалалт, цаг агаарын мэдээ хариуцсан цогц алба үүссэн түүхтэй. Энэ цаг үеэс тус алба анх үүсгэн байгуулагдсан гэж үздэг. ЗХУ, БНМАУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээрээр 1958 онд “Буянт-Ухаа” дахь нисэх буудал, аэродромыг бүх тоног төхөөрөмж, барилга байгууламжийн хамт Монголын талд үнэ төлбөргүйгээр шилжүүлэн өгснөөр “Буянт-Ухаа” дахь аэродром нь манай улсын Иргэний агаарын тээврийн удирдлага, үйлдвэрлэлийн үндсэн бааз болсон байдаг. МАХН-ын Төв хорооны 1960 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 420-р тогтоолоор “Буянт-Ухаа” нисэх буудлыг өргөтгөх арга хэмжээ авсны дагуу 1961 онд Хөөрч буух хатуу хучилттай зурвас, явгалах замууд, агаарын хөлгийн зогсоолууд, онгоцны техник үйлчилгээний байр, аэронавигацийн болон радиолокац, нисэх холбооны дамжуулах төв, шөнийн гэрэл суултын систем, цахилгааны дэд өртөөнүүд зэрэг объектууд шинээр байгуулсан. Албаны чиг үүрэг, хамт олны тухайд: Иргэний нисэхийн салбарын үндсэн үйлчилгээний нэг нь Нисэх буудлын үйлчилгээ,  түүний суурь нь инженерингийн төлөвлөлт, ашиглалт, арчлалт, хяналт байдаг. Нисэх буудлын үндсэн байгууламж болох Аэродромын барилга, байгууламжийн ерөнхий төлөвлөгөө, элементүүд тус бүрийн төлөвлөлтүүд, шинээр байгуулагдах аэродромын барилга, засвар, арчлалт, хөөрч буух зурвасын холбогдох инженерийн тооцооллууд, хучилтын үнэлгээний ажлууд болон аэродром дээрх аюулгүй ажиллагааг хангахтай холбоотой олон төрлийн цогц ажлуудыг нисэхийн үндсэн мэргэжлийн алба буюу Аэродром, гэрэл суултын алба хийж гүйцэтгэж байна. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны “Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” дугаар А/382 тушаалаар Аэродром, гэрэл суултын алба шинэчлэн байгуулагдсан ба Аэродром, ашиглалтын, Гэрэл суултын, Цахилгаан хангалтын 3 хэсэгтэй, нийт 97 ажилтантайгаар Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Чикагогийн конвенцын Хавсралт 14, Иргэний нисэхийн дүрэм 139-ын стандарт, шаардлагын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.   Энэ онд орон нутгийн нисэх буудлууд дээр хийгдсэн ажлуудаас дурдвал?   Ж.Батбаяр /Ерөнхий инженер/ Энэ оны хагас жилийн байдлаар аэродром, гэрэл суулт, цахилгаан хангалтын тоног төхөөрөмжүүдийн хугацаат засвар, техник үйлчилгээний ажлуудыг батлагдсан график төлөвлөгөөний дагуу бүрэн гүйцэтгэсэн бөгөөд дараах томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: 1.  ИНҮТ-ийн даргын А/130 тоот тушаалын дагуу Булган, Мандалговь, Гурвансайхан нисэх буудлын агаарын навигацийн тоног төхөөрөмжийн цахилгаан хангалтын холимог тэжээлийн системийг бүрэн шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэлээ. 2.  Баян-Өлгий аймаг дахь агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмж байрлах радио релейны цамхагт бэлтгэл нөөц тэжээлийн дизель генератор, холимог тэжээлийн систем тус тус суурилуулж, цахилгаан тэжээлийн бэлэн байдлыг хангалаа. 3.  Баянхонгор нисэх буудлын хөөрч буух хучилттай зурвасын засвар, арчлалтын ажилд аэродромын хяналтын инженерийг томилон ажиллуулж, хүлээн авах комисст хүлээлгэн өглөө. 4.  Радиолокаторын байгууламжууд болон орон нутгийн нисэх буудлууд дахь газардуулгын эсэргүүцэл өндөр байгаа цахилгаан хоног төхөөрөмжүүдийн газардуулгыг өргөтгөн сайжруулах ажлыг хийж гүйцэтгэлээ. 5.  “Ховд” нисэх буудлын цахилгаан хэрэглээг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах техникийн шийдэл, эдийн засгийн үр ашгийн тооцоо судалгааны төсөл"-ийг хийж гүйцэтгэсэн ба уг төсөл нь Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 99 жилийн ойг тохиолдуулан ИНЕГ, түүний харьяа салбар нэгжүүдийн ажилтнуудын дунд зохион байгуулсан “Шинэ санаа, шилдэг төслийн инновацын уралдаан”-д шалгарлаа 6.  Онцгой, тусгай үүргийн нислэгийн хүрээнд нийт 33 түр зурвас, талбай сонгож, акт үйлдэн, нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг ханган ажиллаа. 7.  Цаг агаарын онцгой нөхцөл байдал, гамшигт үзэгдлээс шалтгаалан гарсан тоног төхөөрөмж болон кабель шугамын гэмтэл саатлыг тухай бүрд нь засварлаж хэвийн ажиллагааг хангалаа. Та өөрийнхөө талаар болон ямар ажил хийдэг талаараа танилцуулаач?   А.Амгалан /Гэрэл, суултын хэсгийн дарга/ Намайг А.Амгалан гэдэг. Би гэрэл, суултын хэсгийн даргаар ажилладаг. Миний хувьд 1988 онд 10-р ангиа төгсөөд Нисэхийн дунд сургуулийн хуваарь авсан. Улмаар 1992 онд одоогийн Украин Улсын Славянскийн нисэхийн дунд сургуулийг гэрэл суултын техникч мэргэжлээр онц дүнтэй төгсөөд ажлын гараагаа Иргэний Нисэхэд буюу тухайн үеийн МИАТ нэгтгэлийн Холбоо цахилгааны албанд цахилгааны техникчээр ажиллаж эхэлснээс хойш 32 жил иргэний нисэхэд ажиллаж байна. Монгол Улсын Техникийн их сургуулийг цахилгаан системийн инженерээр 2000 онд, Удирдлагын Академийг Бизнесийн удирдлагын менежер мэргэжлээр 2005 онд тус тус суралцаж төгссөн ба 2018 онд Монгол Улсын Зөвлөх инженер болсон. Гэрэл, суултын хэсгийн хувьд Монгол Улс дах CAT I ангиллын Олон Улсын “Чингис хаан“ болон “Буянт-Ухаа” нисэх буудлуудын агаарын навигацийн гэрэл суултын 2ш, суултын PAPI 3ш , тэдгээрийн алсын удирдлагын 2ш системүүд, ИНЕГ-ын харьяа орон нутгийн 10 нисэх буудлын гэрэл суултын 10ш, суултын PAPI 8ш системүүд, тэдгээрийн алсын удирдлагын 6ш системүүд болон хувийн хэвшлийн “Ханбумбат”, “Тавантолгой” нисэх буудлуудын гэрэл суултын 2ш,  суултын PAPI 4ш системүүд, тэдгээрийн алсын удирдлагын 2ш системүүдийн хариуцдаг. Иргэний нисэхийн салбартай ажил, амьдралаа холбосон түүхээ бидэнтэй хуваалцаач. Хэдэн жил салбартаа ажиллаж байна вэ?   Ц.Бяраазана /Цахилгааны ахлах инженер/ Одоо яг 21 дэх жилдээ ажиллаж байна. Анх 1997 онд нисэхийн салбарт Буянт-Ухаа ОУНБ-д цахилгааны техникчээр ажилд орж байлаа. Дунд нь 2001-2004 онд Шинжлэх ухаан техникийн их сургуульд орж завсардсан. 2006 оноос Техник хангалтын албаны Цахилгааны хэсэгт хуваарилах сүлжээний техникчээр орж ажилласнаас хойш техникч,  инженер,  ахлах инженерээр одоо хүртэл ажиллаж байна. Нисэх миний ажил амьдралаа холбосон буянтай сайхан газар, Энд олон их юм сурч, сайхан инженерүүдтэй хамтран ажиллаж байгаад баяртай байдаг.  Таны мэргэжлийн онцлог? Ажлын хамгийн ачаалалтай үе хэзээ байдаг вэ?   Д.Мягмаржаргал /Аэродром ашиглалтын хэсгийн Аэродром хяналтын ээлжийн инженер/ Би аэродром ашиглалтын хэсгийн аэродромын хяналтын ээлжийн инженерээр ажилладаг. Миний ажлын үндсэн чиг үүрэг нь “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын аэродромын элементүүдийн ашиглалтын бэлэн байдалд хяналт тавьж, холбогдох дүрэм, журам, зааврын дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч, нислэгийн аюулгүй байдлыг хангуулах үүрэгтэй. Ажлын хамгийн ачаалалтай үе тэр гэж хэлэх боломжгүй байна. Учир нь агаарын хөлгийн зогсоол хуваарилах, перрон талбай дээрх хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих, зохицуулах, нислэгийн мэдээллийн үйлчилгээний байгууллагаар дамжуулан NOTAM мэдээ зарлуулах, дулааны улиралд засвар арчлалт, хүйтний улиралд цас цэвэрлэгээ гээд нислэгийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, агаарын хөлөг нислэг үйлдэхэд аэродромын элементүүдийн гадаргуун бэлэн байдлыг 24 цагийн турш бэлэн байлгах үүрэгтэй. Удахгүй үндэсний их баяр наадам болох гэж байна. Баяр наадмаар хэрхэн баярладаг вэ? Хамгийн дурсамжтай наадмынхаа талаар бидэнтэй хуваалцаач.   Ч.Баттүвшин /Цахилгаан хангалтын ахлах инженер/ Үндэсний их баяр наадам бол миний хамгийн дуртай баяруудын нэг. Манай монгол эрчүүд бүгд л морь бөхөд дуртай байдаг. Сүүлийн үед наадмын эхний 2 хоног гэртээ телевизороор бөх, морио үздэг болсон. Харин 13-ны өдөр гэр бүлийнхэнтэйгээ уяачдын  наадам үздэг. Уяачдын наадам жороо морины уралдаан, эрлийз морьдын уралдаан, бөх гээл бас үзэх юм ихтэй онцлог наадам болдог учир үзэх дуртай байдаг даа. Бага насны маань сумын наадам санаанаас ерөөсөө гардаггүй хамгийн дурсамжтай байдаг. Би Баянхонгор аймгийн Галуут суманд төрж өссөн. Бага байхад наадамд явахдаа задгай зил-130 машинд үеийнхээ найзуудтайгаа наадамд яваад хуушуур, улаан ус уугаад зайрмаг идэж баярладаг байсан маань санаанаас ердөө гардаггүй. Энэ дашрамд та бүхэндээ баяр наадмын мэнд хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайхан баярлаарай.  Aviation photo news-д оролцсон Аэродром, гэрэл суултын албаны хамт олондоо баярлалаа. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. Та бүхэн сайхан наадаарай.  

AVAITION PHOTO NEWS XXIX
2024/06/27

"AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт ИНҮТ-ийн Аюулгүй байдал, чанарын удирдлагын газрын хамт олон оролцлоо. “АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ГАЗАР”   ИНҮТ-ийн Аюулгүй байдал, чанарын удирдлагын газар ямар чиг үүргээр ажилладаг вэ? Газрын хамт олноо танилцуулаач.   Я.Гантулга /Агаарын навигацийн техникийн үйлчилгээний аюулгүй байдлын менежер/ АБЧУГ нь Иргэний нисэхийн үндэсний төвийн ИНД-171, ИНД-172, ИНД-173, ИНД-175, ИНД-139, ИНД-141, ИНД-144 дүрмүүдийн гэрчилгээний хүрээнд харьяа салбар, нэгжүүдэд аюулгүй байдал, чанарын болон эрсдэлийн удирдлагын нэгдсэн тогтолцоо, аюулгүй байдлын мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, ИНҮТ-ийн хэмжээнд дотоод хяналтыг хэрэгжүүлэн, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангаж,  үйлдвэрлэлийн үйл ажиллагааны аюулгүй байдлын түвшнийг дээшлүүлэн, эрсдэлийг бууруулах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.   Түүнчлэн нэгжүүдийн үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хууль, тогтоомж, тогтоол шийдвэр, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, зөвлөмж гаргах замаар удирдлага болон бусад хэрэглэгчдийг цаг үеэ олсон мэдээллээр хангаж, байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.  Бид ажилтан бүрийг аюулгүй байдал, чанарын удирдлагатай холбоотой ямарваа асуудал, бэрхшээлийг хөндөн гаргах үйл ажиллагааг дэмжин аюулгүй байдлын аливаа мэдээллийг бүх төрлийн сувгаар хүлээн авч шийтгэлгүй мэдээллийн тогтолцоог бүрдүүлэн ИНҮТ-ийн хэмжээнд аюулгүй байдал чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхээр хичээн ажиллаж байна.  Бидний гаргаж буй журам заавар хөтөлбөр зорилтууд нь чухал ач холбогдолтой хэдий ч ажилтнуудын маань дэмжлэггүйгээр аюулгүй байдлын нэгдсэн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны аюулгүй байдлын түвшнийг дээшлүүлэх ИНҮТ-ийн хэмжээнд аюулгүй байдал чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх зорилго маань бодит биелэл болох боломжгүй юм. Манай газар нь нийт 38 орон тоотойгоос одоогоор 33 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн гэрчилгээжсэн албадаас аюулгүй байдал, чанарын удирдлагаар мэргэшсэн ажилтнууд ирж нэгдсэнтэй холбогдуулан хоорондоо мэдлэг, туршлагаа байнга солилцох, бусдаасаа суралцах зорилгоор Open Office concept нэвтрүүлэн ажиллаж байна.  ИНҮТ-ийн үйл ажиллагаанд аюулгүй байдал, чанарын удирдлагын ямар ямар тогтолцоог нэвтрүүлсэн байдаг вэ? Эдгээр нь ямар ач холбогдолтой байдаг вэ?   Л. Бат-Оргил / Нислэгийн журмын үйлчилгээний хяналтын технологич мэргэжилтэн/          ИНҮТ-ийн үйл ажиллагаанд аюулгүй байдал, чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. ИНҮТ-ийн хүрээнд Аюулгүй байдал, чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх ажлын хүрээнд ИНҮТ-ийн бүтцэд байгаа салбаруудын онцлогтой Аюулгүй байдал, чанарын тогтолцоонуудыг нэгтгэн удирдах, тэдгээр салбаруудын харилцан хамаарлыг тодорхойлон, нэгдсэн бодлого, зорилтуудыг тогтоох, харьяа газруудын Аюулгүй байдал, чанарын тогтолцооны хүрээнд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхой болгон, холбогдох журам, заавруудыг боловсруулан ажиллаж байна. ИНҮТ-д Аюулгүй байдал, чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлснээр хүн, техник, технологи, байгууллага, удирдлага, зохион байгуулалт, хүрээлэн буй орчны хүчин зүйлс зэрэг нисэхийн аюулгүй байдлын бүх асуудлуудыг ИНҮТ-ийн салбар нэгжүүдийн үзүүлдэг нисэхийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын асуудлуудтай нэгтгэн, өргөн хүрээнд шийдвэрлэн, зохицуулж ажиллана гэсэн үг. АБУТ(SMS) нь аюулгүй байдлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулахад чиглэдэг бол ЧМТ(QMS) нь хэрэглэгчийн болон зохицуулалтын шаардлагыг хангахад чиглэдэг Хэдийгээр Чанарын Менежментийн Тогтолцоо(QMS), Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоо(SMS) нь зорилго, хамрах хүрээ, арга барил, соёл зэрэг хэд хэдэн зүйлээрээ ялгаатай боловч бие биеэ хэд хэдэн зүйлээр нөхөж чаддаг. Энэ хоёрыг нэг удирдлагын тогтолцоонд нэгтгэснээр үйл явц, нөөцийн давхардлыг бууруулж, үр ашгийг дээшлүүлж, бодлого, үйл явц, практикийн уялдаа холбоог сайжруулахаас гадна эрсдэл, боломжийг илүү өргөн хүрээнд анхаарч үзэх, бүх үйл ажиллагааны гүйцэтгэлийг үр дүнтэй хянах, удирдах боломжийг олгох зэрэг ач холбогдолтой болох юм. Үүнээс гадна SMS болон QMS нь агаарын тээврийн байгууллагуудад аюулгүй байдал, чанарын гүйцэтгэлийг сайжруулах, үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг нэмэгдүүлэх, оролцогч талуудын сэтгэл ханамж, оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон давуу талыг авчирдаг. SMS болон QMS нь байгууллагуудад аюулгүй байдлын зөрчил, чанарын доголдлыг бууруулах, нөөцийг оновчтой болгох, ажлын урсгалыг оновчтой болгох, оролцогч талуудын хүлээлтийг хангах, нэр хүндийг нэмэгдүүлэхэд тусалдаг.  Танай хамт олны энэ онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудынх нь хэрэгжилт ямар шатандаа явж байна вэ?   Ч.Чулуунхүү /Агаарын навигацийн техникийн үйлчилгээний аюулгүй байдлын ахлах технологич мэргэжилтэн/ Аюулгүй байдал, чанарын удирдлагын газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний нэн тэргүүнд Иргэний нисэхийн үндэсний төвд ИНД-ээр гэрчилгээжсэн үйл ажиллагааг нэгтгэх томоохон цар хүрээтэй ажлыг төлөвлөсөн хугацаандаа амжилттай хийж гүйцэтгээд байна. Үүний дараагаар Иргэний нисэхийн дүрмийн зохицуулалт болон албадын аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны баримт бичиг тусдаа мөрдөгдөж байгааг нэгтгэх томоохон судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэж, аюулгүй байдал, чанарын нэгдсэн удирдлагын тогтолцооны баримт бичгийг боловсруулах ажлыг төлөвлөсөн хугацаандаа буюу 2024 оны III улиралдаа дуусгахаар үр дүнтэй ажиллаж байна. Аюулгүй байдал, чанарын удирдлагын газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 4 зорилт, 28  арга хэмжээний хүрээнд хагас жилийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй байна.   2024 оны хагас жилийн байдлаар ИНҮТ-ийн Нэгдсэн менежментийн тогтолцоонд дүн шинжилгээ хийгдсэн үү? Энэ талаар. Д.Уртнасан /Ерөнхий менежер/ Иргэний нисэхийн үндэсний төв нь Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, түүний дагалдах  стандарт ISO 22301:2019, ISO 22320:2018, ISO 22395:2018, “Эрсдэлийн удирдлага” ISO 31000:2018 стандартуудыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх томоохон зорилтыг тавьж “Менежментийн тогтолцооны баталгаажуулалт болон магадлах аудит хийх, гэрчилгээ эзэмшүүлэх” гэрээг “МОНСЕРТФ” ХХК-тай 2022 онд байгуулан ажилласан. Гэрээний хүрээнд “МОНСЕРТФ” ХХК-ний зүгээс ИНҮТ-д зорилтот 5 стандартын хүрээнд аудит шалгалтыг 2022 оны 6 дугаар сарын 20-ноос 22-ны өдрүүдэд хийж, аудитын үр дүнг харгалзан Иргэний нисэхийн үндэсний төвийн үйл ажиллагаанд ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 22301:2019 Аюулгүй байдал ба уян хатан байдал, Бизнесийн тасралтгүй байдлын менежментийн тогтолцоо, шаардлага олон улсын стандартыг нэвтрүүлснийг баталгаажуулсан анхдагч гэрчилгээг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаагаар олгосон. “МОНСЕРТФ” ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд ИНҮТ-ийн ISO стандартаар гэрчилгээжсэн үйл ажиллагаанд 2023 оны 6 дугаар сарын 08-наас 09-ний өдрүүдэд ээлжит буюу 1 дүгээр шатны магадлах аудитыг хийж баталгаажуулсан байдаг.  Иргэний нисэхийн үндэсний төвийн бүтцийн томоохон өөрчлөлттэй уялдуулан “МОНСЕРТФ” ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд 2 дахь шатны магадлах аудитыг 2024 оны 6 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд хийлээ. Тус магадлах аудит шалгалтад АБЧУГ-ын хамт олон амжилттай оролцож урьдчилсан дүгнэлтээр маш сайн үнэлгээг аудитын багаас танилцуулсан болно.  ИНҮТ-ийн ISO стандартаар гэрчилгээжсэн үйл ажиллагаанд хийгдсэн 2 дугаар шатны магадлах аудитын дээрх үнэлгээ нь ИНҮТ-ийн бүтцийн шинэчлэл, шинээр зохион байгуулагдсан бүтцийн нэгжүүд, АБЧУГ-ын хамт олны ажлыг үнэлсэн үнэлгээ гэж бодож байна. Дашрамд дурдахад магадлах аудитын багийн зүгээс ИНҮТ-ийн хамт олон бүтцийн өөрчлөлттэй холбоотой өөрчлөлтийн удирдлага “Change management”-ыг маш үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэсэн.  Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас аюулгүй байдал, чанарын удирдлагын тогтолцоотой хамааралтай ямар шаардлага тавьдаг вэ?  Д.Эрдэнэбаатар /Нислэгийн хөдөлгөөн, мэдээллийн үйлчилгээний аюулгүй байдлын технологич мэргэжилтэн/ Үйл ажиллагааны чиглэл, эрхлэн явуулах бүтээгдэхүүн, үйлчилгээнээс хамаараад Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо (SMS) эсхүл Чанарын менежментийн тогтолцоо (QMS) хэрэгжүүлэхийг шаарддаг. Тухайлбал Чикагогийн конвенцын Annex 15-д Нисэхийн мэдээллийн үйлчилгээнд Чанарын менежментийн тогтолцоо хэрэгжүүлэх стандарт, практик зөвлөмжүүд орсон байдаг. ICAO-аас чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх журам болон заавар материалуудыг агуулсан баримт бичгүүд болох PANS-Aeronautical Information Management - Doc 10066, Manual on the Quality Management System for Aeronautical Information Services - Doc 9839 боловсруулан гаргасан.     Нисэхийн мэдээллийн үйлчилгээнд хэрэгжүүлэх Чанарын менежментийн тогтолцооны хэрэгжилт дэлхий даяар хангалтгүй байгаа бөгөөд тулгамдсан асуудлуудын нэг болсон тул ICAO-ын аудитын тусгай асуулга (PPQ 7.267) болгон оруулж хэрэгжилтийг хянадаг болсон. Өөрөөр хэлбэл бид нисэхийн мэдээллийн үйлчилгээндээ чанарын менежментийн тогтолцоо хэрэгжүүлэхгүй бол ICAO-ын аудитад амжилттай дүн үзүүлэхгүй.    Иргэний нисэхийн дүрмээр гэрчилгээжсэн ИНҮТ-ийн нэгжүүд маань ICAO-ын стандарт, шаардлагыг биелүүлээд зогсохгүй, нэгдсэн удирдлагын тогтолцоо (SMS, QMS)-г хэрэгжүүлж, хадгалж, сайжруулж байгаа нь тун сайшаалтай. Бид энэ сайн туршлага, мэргэшсэн боловсон хүчин дээрээ тулгуурлан агаарын навигацийн үйлчилгээ болон нисэх буудлын үйлчилгээг хамарсан Аюулгүй байдал, чанарын нэгдсэн удирдлагын тогтолцоог ИНҮТ-ийн хэмжээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.  Нислэгийн үйл ажиллагаанд гарсан аюул, эрсдэлийг та бүхэнд мэдээлснээр залруулах арга хэмжээг хэрхэн авч ажилладаг бол?  Н.Анхбилгүүн /Нисэх буудлын үйлчилгээний хяналт хариуцсан технологич мэргэжилтэн/ Харьяа алба, салбар нэгжүүдээс ирүүлсэн аюулгүй байдлын мэдээллийн дагуу мэдээлэл цуглуулж, мөшгөлт хийж, хариу арга хэмжээг тухай бүр авч ажиллаж байна. Ирүүлсэн мэдээллийн нөлөөллийг үнэлэн, шаардлагатай тохиолдолд эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийг бууруулах, залруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж батлуулан, төлөвлөгөөний дагуу эрсдэлийг арилгах, эрсдэлийн түвшнийг бууруулах үйл ажиллагаа явуулан ажилладаг. Мөн аюул, эрсдэл, гэмтэл саатлын мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах зорилгоор аюулгүй байдлын мэдээллийг 24/7 хүлээн авах гар утсыг тус газрын ажилтнууд 7, 7 хоногоор ээлжлэн авч, ирүүлсэн мэдээллийн дагуу зохих арга хэмжээг авч ажиллаж байна.  Та ажлын төлөвлөгөөгөө хэрхэн гаргадаг вэ? Өөрийн цагийн менежментийг хэрхэн хэрэгжүүлдэг туршлагаасаа хуваалцаач. Ж.Баттунгалаг /Нислэгийн журам, нисэхийн мэдээлэл үйлчилгээний аюулгүй байдлын ахлах технологич мэргэжилтэн/ Би ажлын төлөвлөгөөгөө ИНЕГ, ИНҮТ болон газрын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулж гаргадаг. Энэ нь газар, нэгж, ажилтан хоорондын үйл ажиллагааг цэгцтэйгээр уялдуулж, хамгийн үр дүнтэй арга замаар зорилгодоо хүргэдэг гэж үздэг.  Яагаад бэ гэхээр төлөвлөгөөгөөр дамжуулан зорилтоо тухай бүр хэмжиж, зорилгын хэмжилтдээ мониторинг хийж тайлагнаж ажилладаг учраас ажил орхигдохгүй гэсэн үг. Мөн төлөвлөгөөнд тусгагдаагүй олон ажил мэдээж гарч ирдэг. Энэ ажлуудаа дэс дарааллаар бичээд яаралтай ажлаас нь эхлээд төлөвлөөд явдаг. Зарим ажил нь шуурхай биелэх, зарим нь хугацаа шаардсан болон төлөвлөгөө гаргаж ганцаараа болон олуулаа гүйцэтгэж ажиллах ч ажлууд бий. Хийж гүйцэтгэсэн ажлуудаа ерөнхийд нь хувь хүний гүйцэтгэлийн тайланд тусгаад удирдлагуудаараа үнэлүүлээд явдаг.  Цагийн менежментийн хувьд: Би өөртөө байгаа цагийг аль болохоор үр бүтээлтэй хуваарилж, зөв цагт зөв зүйлээ хийж, цагаа дээд зэргээр ашиглахыг зорьж, төлөвлөж ажилладаг. Мэдээж хүн бүр л ажлаа үр бүтээлтэй төлөвлөөд, зорилго тавиад түүндээ хүрч үү гээд явдаг байх. Миний хувьд ажлаа чухал болон шаардлагатай байдлаар ангилаад хамгийн чухал ажлууд хамгийн их анхааралд байж хэзээ хийж дуусгах ёстой бэ гэдгээ тодорхойлоод явчихдаг.   Иргэний нисэхийн салбарт хэдэн жил ажиллаж байна вэ? Салбарынхаа юугаар бахархдаг вэ?  Г.Энхболд /Аэродром,гэрэл суулт,цахилгааны аюулгүй байдлын технологич мэргэжилтэн/ Миний бие 1992 оноос эхлэн МИАТ нэгтгэлийн Холбоо навигацийн  албаны Цахилгааны хэсэгт цахилгаанчнаар ажилд орсноос хойш ИНЕГ-ын ХНАА-нд гэрэл суултын техникч, инженер, ахлах инженер, навигацийн инженер, ИНҮТ-ийн аэродром, гэрэл суулт, цахилгааны аюулгүй байдлын технологич  мэргэжилтнээр одоог хүртэл 30 дахь жилдээ ажиллаж байна. 1991 онд “Буянт-Ухаа” ОУНБ-ын аэродромд  Чех улсын  гэрэл суултын  Д-3 систем шинээр ашиглалтад орж, миний бие анхны шинэ тоног төхөөрөмжүүдэд ажиллах завшаан тохиолдсон билээ.              Монгол Улс газар нутаг нь өргөн уудам, газар зүйн хувьд далайд гарцгүй онцлогтой тул Монгол улсын тээврийн салбарт иргэний агаарын тээвэр чухал байр суурийг эзэлдэг гэж би боддог. Шөнийн болон өдрийн цагт үзэгдэх орчин хязгаарлагдсан үед агаарын хөлгийн буулт хөөрөлтөд нисгэгчид ил харааны мэдээллийг өгдөг гэрэл суултын системүүдийг төв болон орон нутгийн нисэх буудлуудад суурилуулснаар нислэгийн тогтмол үйл ажиллагаанд маш чухал байр суурь эзэлдэг. Одоогоор Монгол Улсын хэмжээнд нийт 14 нисэх буудалд Чех, Бельги, Австрали, Солонгос улсын гэрэл суултын болон ил харааны ойртолтын налууг заагч PAPI системийг нислэгт ашиглаж байна. Агаарын хөлгийн  нислэгийг өдөр шөнийн аль ч үед агаарын навигаци, аэродромын байнгын бэлэн байдлыг ханган ажилладаг мэргэжлийн инженер техникийн ажилтнуудтай мөр зэрэгцэн ажиллаж байгаад үргэлж бахархаж явдаг билээ. Миний ажлын гарааг эхлүүлэхэд ажлын дадлага туршлага, олж авсан мэдлэг боловсрол, зөвлөгөөг чин сэтгэлээсээ харамгүй өгч байсан Н.Батхүү, А.Амгалан, Д.Бадрах, П.Баатар ах нартаа талархаад баршгүй билээ.  Аливаа байгууллага, нэгжийн ажлын бүтээмжид хамт олны уур амьсгал чухал нөлөө үзүүлдэг. Та бүхэн дотоод уур амьсгалаа сайжруулахад хэрхэн анхаардаг вэ? Э.Хулан /Хяналт-шинжилгээ, үнэлгээ, чанар, дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн/ Байгууллагын хөгжил болон амжилтад хамт олны харилцаа, уур амьсгал маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Стрессгүй, аз жаргалтай, үр бүтээмжтэй таатай ажлын орчныг бүрдүүлэх нь ажиллаж буй хүмүүстээ ээлтэй төдийгүй байгууллагын ирээдүйн амжилтад нөлөөлөх болов уу гэж бодож байна. Манай хамт олны хувьд өглөө ажил эхлэхийн өмнө цайны ширээндээ цугларч кофегоо уунгаа хийх гэж байгаа болон хийсэн ажлуудаа энгийн яриагаар эхлүүлдэг. Энэ нь хамт олны харилцааг сайжруулах бас нэг хэлбэр байх. Аюулгүй байдал, чанарын удирдлагын газарт шилжиж ажиллаад хэдий удаагүй ч энэ хамт олонтой хэзээний л хамт байсан мэт санагдаад байдаг /инээв/. Ер нь байгууллагын уур амьсгал, харилцаа хандлага сайн байх нь бие биедээ хүндэтгэлтэй хандаж баярлалаа, уучлаарай гэдэг үгийг хэрэглэж хэвших зэрэг энгийн зүйлээс эхлэх болов уу.   Нисэхийн салбарт ажиллана гэдэг бахархалтайн дээр асар их хариуцлага байдаг. Энэ салбарт ажиллах хүсэлтэй оюутан, залууст ямар зөвлөгөө өгөх вэ? Б.Түвшинбат /Нислэгийн хөдөлгөөн, мэдээллийн үйлчилгээний аюулгүй байдлын менежер/ Нисэхийн салбарт ажиллана гэдэг бахархалтайн дээр түүнийгээ дагаад асар их хариуцлага байдаг миний бие 1992 онд Нисэхийн тусгай дунд сургуульд орж 1993 онд төгсөөд Дорноговь Аймгийн нисэх буудалд бүсийн нислэгийн удирдагчаар ажлын гараагаа эхэлснээс хойш одоог хүртэл нисэхийн салбарт тасралтгүй 32 дахь жилдээ ажиллаж байна. Нисэхийн энэ сайхан салбарт ажиллах хүсэл сонирхолтой залууст зөвлөхөд өөрийн хичээл зүтгэл,ажлаа гэсэн итгэл сэтгэлтэй байхад өөрийн зорьсон зорилго мөрөөдөл ойрхон байдаг гэж боддог.  Танай газраас 2024 оны хагас жилийн байдлаар хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл өгнө үү.  С.Батзул /Нисэх буудлын үйлчилгээний аюулгүй байдлын ахлах технологич мэргэжилтэн/  Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа алба нэгжүүд бие даан Иргэний нисэхийн дүрмийн хүрээнд гэрчилгээжиж, дүрмийн хүрээний хариуцлагын зааг Иргэний нисэхийн үндэсний төвөөс тусдаа байж, төв зөвхөн ИНД-141, ИНД 144-ийн дагуу гэрчилгээ эзэмшиж байсныг Зохион байгуулалтын бүтцэд нийцүүлэн хариуцлагын төвийг нэгтгэх, иргэний нисэхийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх зорилгоор 2024 оны эхний хагас жилд ИНД-139, ИНД-171, ИНД-172, ИНД-173, ИНД-175 дүрмүүдээр Иргэний нисэхийн үндэсний төв гэрчилгээ эзэмших үйл ажиллагааг тус газраас зохион байгуулж дүрэм тус бүрээр ИНҮТ гэрчилгээ эзэмшсэн, мөн ИНД-144-ийн гэрчилгээг сунгуулаад байна. Мөн 2024.06.24-ний байдлаар ISO 9001:2015, ISO22301:2019, ISO31000:2020 –ийн магадлан аудитад амжилттай хамрагдсан. Одоогоор Иргэний нисэхийн үндэсний төвийн ерөнхий журмын боловсруулалтыг хийж байна.  Шувууны аюулаас сэргийлэх үйл ажиллагаанд тулгардаг бэрхшээлүүдээс дурдаач? М.Баясгаланцэлмэг /Нисэх буудлын үйлчилгээний хяналт хариуцсан технологич мэргэжилтэн/  Миний хувьд МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль болон Унгар улсын MATE /former SZIE/ сургуулиудад шувуу судлалаар магистрын зэргээ хамгаалсан. Иргэний нисэхэд шувууны аюулаас сэргийлэх үйл ажиллагааг хариуцсан ажиллахад дотоод болон гадаад хүчин зүйлээс шалтгаалсан олон бэрхшээл үүсдэг. Эдгээрээс дурдвал аэродром орчмын барилга байгууламж, хогийн цэг, карьерын байгууламж, ус цэвэрлэх байгууламж зэргээс шалтгаалан шувуу, мал, амьтны амьдрах таатай орчин бүрдэж, цуглах, бөөгнөрөл үүсэж, агаарын хөлөгтэй мөргөлдөх эрсдэл үүсдэг. Энэ аюулаас сэргийлэхэд мэргэжлийн хүний нөөц, тоног төхөөрөмжийн шаардлага жил бүр нэмэгдэж байгаа хэдий ч зардал өндөр тул шийдвэрлэгдэхгүй хойшилдог. Манай орны хувьд аэродромуудын байршил, байгаль орчны нөхцөл, түүнд бүртгэгддэг шувуу, мал, амьтны зүйлүүд харилцан адилгүй тул эрсдэлийн үнэлгээг аэродром бүрээр гаргахаар төлөвлөж, анхан шатны дата өгөгдөл үүсэж байгаа хэдий ч мэргэжлийн шувуу судлаач бага тул хүндрэл үүсдэг.  Aviation photo news-ийн энэ удаагийн дугаарт оролцсон Аюулгүй байдал, чанарын удирдлагын газрын хамт олондоо баярлалаа. Ажилд нь өндөр амжилт хүсье.

“AVIATION PHOTO NEWS” XXVIII
2024/05/06

“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт Завхан аймаг дахь “Отгонтэнгэр” нисэх буудлын хамт олон оролцлоо.“ОТГОНТЭНГЭР" НИСЭХ БУУДАЛ“Отгонтэнгэр” нисэх буудлынхаа арвин түүхээс бидэнтэй хуваалцаж, өөрийгөө болон хамт олноо танилцуулаач? Таныг аавынхаа үргэлжлэл болон нисэх буудлаа удирдаж яваа гэж сонслоо.Д.Алтан-Уул/Дарга/Д.Алтан-Уул миний бие 1987 онд ажлын гараагаа нисэхийн салбараас эхэлж, өнөөг хүртэл 37 дахь жилдээ ажиллаж байна. Миний аав Дамбийн Даваа 1983-1991 онд Завхан аймгийн нисэх буудлын даргаар ажиллаж байхдаа аймгийнхаа төвийн урд дэнжид АН-24, АН-26, АН-2 онгоцнууд буухад хүндрэлтэй, өндөр уулын завсраар зөвхөн нэг талын суулт хөөрөлт үйлддэг нислэгийн зурвастай байсныг 1987 онд анх санаачлан Завхан аймгийн нисэх буудлын нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс аймгийн төвөөс 32 км-ийн зайтай Донойн хөндий гэдэг газар Аэродром шинээр барих ажлыг удирдан, нисэх буудлын хэд хэдэн жижиг объектыг барьж байгуулсан түүхтэй.Би аавын үргэлжлэл болон нисэх буудлын даргаар 2017 оноос хойш ажиллаж байна. Энэ хугацаанд Завхан аймгийн нисэх буудлын 2860х30метр хөөрч буух зурвас,  300х15 метр явгалах зам, тоосгүйжилтийн талбай, тормозлох зурвас, 5400у/м үерийн ус зайлуулах сувгийн ажлыг “Хурдны зам” ХХК гүйцэтгэж, улмаар Улсын комисс 2019 оны 8 дугаар сард хүлээн авсан. Хөөрч буух зурвасын нээлтийн ёслол 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр болж анхны зочин ERJ-145 агаарын хөлөг, Аэро-Монголиа ХХК-ийн Гавьяат нисгэгч, нутгийн хүү С.Гантөмөр даргатай нисэх баг амжилттай газардсан түүхэн үйл явдал болж байлаа.Завхан аймгийн нисэх буудал нь 1956 оны 6 дугаар сард Улиастай хотоос 32 км-ийн зайд орших Алдархаан сумын нутаг, Донойн хөндийд 3 гэртэй, 5 орон тоотой байгуулагдаж, даргаар нь Амгалангийн Дорж ажиллаж байсан түүхтэй. УБ-Завханы хооронд Ан-2 онгоцоор долоо хоногт 1-2 удаа ачаа шуудан, зорчигч тээврийн үүргийг гүйцэтгэж байгаад 1958 оны 9 дүгээр сард аймгийн төв Улиастай хотын урд дэнжид шилжин төвлөрч, Ил-14 онгоц хүлээн авч үйлчилдэг болжээ. 1959 оноос нисэх буудлын эрхлэгч, нислэгийн хөдөлгөөний удирдагчаар С.Сүрэндорж, 1963 оноос Нисэх буудлын даргаар Ө.Жагварал томилогдон, өөрийн биеэр нислэгийн хөдөлгөөнийг удирдахын зэрэгцээ “АН-2” онгоцоор орон нутгийн шуудан тээврийн үүргийг гүйцэтгэж, нислэгийн аюулгүй байдлыг бүрэн хангаж байснаас гадна төлөвлөгөөт зорилтыг бүх үзүүлэлтээр нь биелүүлэн, Агаарын харилцааны газрын социалист уралдаанд түрүүлсэн амжилтыг үзүүлж байсан байна.1961-1986 он хүртэл орон нутгийн шуудан тээврийн суурь тавигдаж, аймгийн төвөөс 125-335 км алслагдсан 16 суманд Ан-2 онгоцоор 5 өдөрт 2-3 удаа ачаа шуудан, зорчигч тээврийн болон тусгай үүргийн нислэг хийж, 1964 оноос УБ-Завхан-УБ-ын чиглэлд Ан-24, Ан-26, Фокер-50, Ми-8, SAAB-340B зэрэг маркын онгоц, нисдэг тэрэг 7 хоногийн 7 өдөрт нь зорчигч шуудан тээврийн үүргийг гүйцэтгэж, жилдээ 12 мянган зорчигч, 140 тн ачаа тээш тээвэрлэж, 233,8 мян. тн.км-ийн үүрэг гүйцэтгэж, 1670,5 мян төгрөгийн ашигтай ажиллаж байжээ.1999 онд Сансрын холбооны тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдож, МИАТ, ТАС, Блю Скай, Тэнгэрийн улаач зэрэг компаниудын агаарын хөлөг нислэг үйлдэж эхэлсэн. 1987-1994 онд Донойн хөндийд Ан-24, Ан-26, Ан-30 онгоц хүлээн авч байгаад 1994-2002 онд аймгийн төвийн урд дэнжид шилжиж очсон.2002 онд Донойн хөндийд шинээр онгоц хөөрч буух сайжруулсан шороон зурвас, нисэх буудлын барилга байгууламж, 2006 онд Ургамал суманд сансрын холбооны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Олон улсын өнгөрөлтийн цэгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2010 онд AFTN -ийн хоёр дахь сүлжээ ашиглалтад орсны зэрэгцээ 2009 онд Улиастай хот Нисэх буудлыг холбосон шилэн кабель татах ажлыг гүйцэтгэж орчин үеийн техник технологийг ашиглах боломжоор хангагдсан нь нислэгийн аюулгүй байдлыг хангахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа билээ.Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 32 дугаар тогтоолоор манай нисэх буудлыг “Отгонтэнгэр” нисэх буудал хэмээн нэрлэсэн. Одоо манай нисэх буудал үндсэн 36, гэрээт 2 ажилтантай, Нислэгийн хөдөлгөөн техник хангалтын хэсэг, Аэродром газрын үйлчилгээний хэсэг, Нисэхийн аюулгүйн хамгаалалтын хэсэг, Захиргаа аж ахуйн хэсэг гэсэн бүтэц зохион байгуулалтын 4 нэгжтэйгээр нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг найдвартай ханган ажиллаж байна.Он гарсаар нислэгийн ачаалал их байв уу? Долоо хоногт хэдэн нислэг үйлдэгдэж байна вэ? Б.Мөрөнбаяр/Нислэгийн хөдөлгөөний удирдагч/Манай нисэх буудал 7 хоногт 2 нислэгтэй. МИАТ ТӨХК-ийн CRJ200 агаарын хөлөг тогтмол нислэг үйлдэж байна. 2024 оны 4 дүгээр сарын байдлаар 35 удаагийн нислэгт процесдурын нислэг хөдөлгөөний удирдлага, нислэгийн мэдээлэл болон тусгай тоноглолтой автомашин, тоног төхөөрөмжүүдээр газрын хангалт үйлчилгээг үзүүлж, нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллалаа. 2024 он гарснаас хойш үйлдэгдсэн 35 удаагийн нислэгийн УБ-Завхан чиглэлийн 986 зорчигч, Завхан-УБ чиглэлийн 1024 зорчигч, бусад үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, ая тух, аюулгүй байдлыг ханган үйлчилсэн.2024 оны 5 дугаар сараас том оврын CRJ700 агаарын хөлөг нислэг үйлдсэнээр тийзийн үнэ буурах, зорчигч урсгал нэмэгдэх, улмаар нислэгийн давтамж нэмэгдэх бүрэн боломжтой.Манай аймгийн хувьд байгалийн цогцолборт газрууд болох Хар нуур, Отгонтэнгэр хайрхан, Мухартын гол гэх мэт чиглэлд аялал жуулчлалын нислэгийн тоо зуны улиралд эрс нэмэгддэг. Мөн Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын нислэгүүдэд нислэгийн хөдөлгөөн, газрын үйлчилгээ үзүүлж ажилладаг. 2023 оны зуны нислэгийн оргил ачааллын үед 7 хоногт 15-20 нислэгт нислэгийн хөдөлгөөн, газрын үйлчилгээ үзүүлж ажилласан. Дээрх тоо 2024 оны зуны нислэгийн үед 2 дахин нэмэгдэх хандлагатай байна.Цаашид бид нисэх буудлын үйлчилгээний чанарыг сайжруулахад онцгой анхаарч, зорчигч үйлчлүүлэгчдийн аюулгүй, тав тухтай байдлыг хангасан нисэх буудлын үйлчилгээ үзүүлэх зорилт тавин ажиллаж байна.Удахгүй зуны нислэгийн оргил ачааллын үе эхэлнэ. Нисэх буудлын барилга байгууламжийн засвар арчлалтаас эхлээд бэлтгэл ажил их байдаг байх? П.Баярбат/Аэродромын инженер/Завхан аймаг дахь Отгонтэнгэр нисэх буудалд зуны улиралд нислэгийн ачаалал их байдаг. Учир нь амралт зугаалгын энэ үед байгалийн үзэсгэлэн бүрдсэн тус бүс нутагт гадаадын болон дотоодын иргэд аялал жуулчлалын чиглэлээр бага оврын онгоц, нисдэг тэрэг хөлөглөн олноороо ирдэг. Отгонтэнгэр нисэх буудлын аэродром 2019 онд ашиглалтад орсон харьцангуй шинэ зурвас, талбай бөгөөд засвар арчлалтын ажлыг жил бүрийн хавар 5-6 сард хийж, ашиглалтын хугацааг уртасган, аюулгүй ажиллагааг ханган ажилладаг. 05 дугаар сарын 1-нээс эхлэн барилга байгууламжийн өнгө үзэмжийг сайжруулан засвар үйлчилгээ хийж, хог хаягдал бусад цэвэрлэгээний давтамжийг нэмэгдүүлэн, машин механизм, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийж, нислэгийн бэлэн байдлыг ханган ажилладаг. Нийт ажилтнуудын ээлжийн амралт, нөхөн хангалтын ажилтнуудын ажлын цагийг уян хатан зохицуулж, ажлын ачааллыг хэт нэмэгдүүлэхгүй байх талаар анхаарч, зорчигчдод зориулсан худалдаа үйлчилгээ, түргэн хоолны газрын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг 90 хувь хангасан байна.Хэдхэн хоногийн өмнө Баруун бүсийн Зам, тээврийн салбарынхан чуулж, зөвлөлдлөө. Энэхүү зөвлөгөөнд та бүхэн ямар асуудлыг дэвшүүлж оролцов? Зөвлөгөөний үр дүнгийн талаар? П.Мөнхтөр/Агаарын хөлгийн техникч/Баруун бүсийн тулгуур төв Ховд хотноо 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 20-ны өдрүүдэд Зам, тээврийн салбарын баруун бүсийн зөвлөгөөн, спортын олон төрөлт тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Тус зөвлөгөөнд орон нутгийн нисэх буудлуудын ажилтан, албан хаагчдад хамгийн ихээр тулгамдаж буй цалин хөлсний нэмэгдэл, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн зөв, оновчтой шийдвэрлүүлэх талаар асуудлыг дэвшүүлж, цаашид МУ-ын ЗГ, ЗТХЯ-аас Иргэний нисэхийн салбарт баримтлах бодлого, чиг хандлага, хөгжлийн талаар анхаарч ажиллах талаар санал солилцлоо. Мөн спортын олон төрөлт тэмцээний эмэгтэй шатрын төрөлд манай АБҮШалгагч, заал зохион байгуулагч О.Налжирмаа “Алтан медаль”, 3х3 эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд багаа ахлан оролцож “Мөнгөн медаль” хүртсэндээ баяртай байна.Мөн байгууллага хамт олноос ажилдаа амжилт гаргаж, идэвх зүтгэлээр тэргүүлж ажилласан Хамгаалалтын ажилтан Г.Дүнчин “Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Агаарын хөлгийн техникч П.Мөнхтөр миний бие ЗТХЯ-ны “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдлаа. Эдгээр шагнагдсан хүмүүстээ халуун баяр хүргэе. Энэ мөчийг ашиглаад удахгүй болох Монгол улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 99 жилийн ойн баярыг мэндийг нисэх буудлынхаа хамт олон, үе үеийн ахмад буурлууд, иргэний нисэхийн салбар, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын ажилтан, албан хаагчдадаа болон иргэний нисэхийн байгууллагаар үйлчлүүлдэг эрхэм зорчигч, үйлчлүүлэгчдэдээ хүргэе. Та нараараа маш их бахархаж, баярлаж байгаагаа илэрхийлье.Танай хамт олны 2024 онд өмнөө тавьсан зорилго хэр ахицтай явж байна вэ? Он гарсаар хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаасаа дурдвал? Д.Алтан-Уул/Нисэх буудлын дарга/2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор нисэх буудлын үйлчилгээ сайжрахад ахиц гарч, нисэх буудалд тээш хадгалах, мэдээллийн цэгийн үйлчилгээ, жуулчны мэдээллийн төвийн үйл ажиллагааг сурталчлан, үйлчилгээнд шаардлагатай мэдээллүүдийг цахим орчинд байршуулах, хаягжуулах зэрэг ажлууд хийгдсэнээр зочид буудал, тээвэр, аялал жуулчны чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг байгууллага, хувь хүн, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах нөхцөл бүрдэж байна.Манай хамт олон 2024 онд өнгөрсөн оныхоо хийж бүтээсэн ололт амжилтаа улам бататгаж, нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг найдвартай хангах нэг үндсэн зорилт болох хөөрч буух хучилттай зурвасын будган тэмдэглэгээг сайжруулах,  эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, мастик гагнаас хийх мөн шөнийн нислэгийн гэрэл суултын системийг ашиглалтад оруулах  бэлтгэл ажлыг хангах, орон нутгийн зорчигчдод хөнгөлөлттэй тийзээр үйлчлэх нислэгийг үргэлжлүүлэн явуулахаар аймаг орон нутгийн удирдлагатай хамтран ажиллах, зочид буудал, тээвэр, худалдаа, жуулчны чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг байгууллага, хувь хүн, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах санал гаргах зэрэг томоохон ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.Орон нутгийн бусад нисэх буудлуудаас “Отгонтэнгэр” нисэх буудлын ялгарах онцлог гэвэл? Ц.Мөнгөнтулга/Аюулгүй байдлын үзлэгийн шалгагч/Завхан аймаг нь Монгол улсын эртний түүхт хотуудын нэг. Аялал жуулчлалын бүс нутаг нь унаган төрхөө харьцангуй хадгалж үлдсэн говь, хангай, тал хээр хосолсон, нүүдэлчдийн соёлын түүхэн бичиг, дурсгал олонтой тул аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлах, эдийн засгийн эргэлтэд оруулж, аялагчдын сэтгэлийг татах нөөц, боломж, давуу тал ихтэй. 2023 онд зорин ирсэн жуулчдын тоо өмнөх онтой харьцуулахад 42 хувиар нэмэгдсэн бөгөөд цаашид дотоодын болон гадаадын жуулчдын тоо нэмэгдэх хандлагатай судалгаа хийгдсэн байдаг.“АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд орон нутгийн нисэх буудлуудаас “Отгонтэнгэр” нисэх буудлыг 4C зэрэглэлийн агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор бүхий олон улсын нисэх буудал болгон өргөтгөхөөр тусгагдсан нь манай нисэх буудлын хувьд аялал жуулчлал, гадаад худалдаа, олон улсын худалдааг дэмжих томоохон бүтээн байгуулалт болно гэж харж байгаа.Нисэхийн салбарт, тэр дундаа үүх түүх арвинтай орон нутагтаа ажиллахад бахархах зүйл олон байдаг байх? Энэ талаар? Ч.Сүхтөмөр/Технологийн жолооч, нярав/Би Завхан аймгийн нисэх буудалдаа 1989 онд жолоочоор орж, 1999 оноос аж ахуйн нярвын ажлыг хавсран хийж, өнөөг хүртэл тасралтгүй 35 жил ажиллаж байна. Нисэхийн салбарт, тэр дундаа орон нутагтаа он удаан жил ажиллахад бусдад тусалж, зорчигч үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг ханган, түргэн шуурхай, хоёргүй сэтгэлээр тэдний сэтгэлд хүртэл ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байж, амьдралынхаа ихэнх хугацаа, залуу насаа зориулж, нисэхээрээ овоглогдон яваадаа бахархаж явдаг. Байгууллагынхаа нэр хүнд, өнгө зүсэд нэмэр болж, шинэ залуу хүүхдүүдэд түшиг тулгуур, зөв үлгэр дуурайлалтай ажиллаж амьдрахыг байнга бодож явдаг. Намайг ажиллах хугацаанд манай байгууллага ажил төрөл, нэр хүндээр тэргүүлж байсныг олон сонсож байснаас дундаас доош үнэлгээ авч байсныг би санадаггүй юм. 1976 онд "Социалист хөдөлмөрийн буудал", 1983 онд "Осол зөрчил, хоцрогдолгүй хамт олон" гэрчилгээ авч, аймгийн үйлчилгээний байгууллага дотроос 1-р байр, 1996 онд аймгуудын нисэх буудлаас Тэргүүн байр, 2010 онд Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 85 жилийн ой, Иргэний агаарын тээвэрчдийн өдрийг угтаж ИНЕГ-аас зарласан болзолт уралдаанд орон нутгийн нисэх буудлуудаас 1-р байрт шалгарсан амжилт үзүүлж байсан.  Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4021 м-т өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай. Эртнээс онголон тахисаар ирсэн Монголын их тахилгатай уулынхаа нэр дор “Отгонтэнгэр” нисэх буудлын хамт олон минь нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг найдвартай ханган ажиллаж байна.Та нисэх буудалдаа хэдэн жил ажиллаж байна вэ? Нисэхийн салбартай хэрхэн ажил амьдралаа холбож байв? Р.Вангүрмаа/Аюулгүй байдлын үзлэгийн шалгагч (Хүний нөөц,албан хэрэг хөтлөлт)/Би Завхан аймгийн нисэх буудлын аюулгүй байдлын шалгагч, бичиг хэргийн эрхлэгчээр 2004 онд анх ажилд орж байсан. 2004 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр НИСЭХ гэх том айлын хаалгыг татан орж ирэхэд сэтгэлд нэг л дотно, дулаахан уур амьсгал мэдрэгдэж билээ. Хоногийн газрыг хоромхон хугацаанд туулах боломжийг олгогч тэнгэрлэг хамт олны нэг нь байж, зориод ирсэн хэн бүхнийг сэтгэл өөдрөг аялах эхлэлийг тавьж өгнө гэж бодохоор бахархалтай сайхан санагдаж байсан. Энэ цаг мөчөөс нисэхийн хэмээн овоглогдож, өөрийн мэдэх чадах бүхнээ ажилдаа зориулах чин хүсэл эрмэлзэлтэйгээр ажлын гараагаа эхэлснээр өдгөө 20 жилийг ардаа үджээ.Ажилд орох хүсэлт гаргахаар Доной нисэх буудлыг зорин ирсэн тэрхүү 2004 оны 3 дугаар сарын 5-ны өдөр манай нисэх буудлын зорчигч үйлчилгээний барилга ашиглалтад орж, миний бие барилга хүлээн авах ёслолд ч мөн оролцож амжсан.Жаргал зовлонгийн аль нь ч тохиосон үргэлж хажууд минь байж, тусалж дэмжиж чаддаг сайхан хамт олонтой болсондоо би өөрийгөө азтайд тооцдог.  Баяр баясал, саад бэрхшээлээр дүүрэн энэ хорвоод гуниг өвөртлөн алхах өдөр цөөнгүй байсан, тэр үед ажлын цагаа тэсэн ядан хүлээж, гуниг гутрал минь тэмүүлсэн сэтгэлээр солигдож, би чинь бүхнээ хуваалцах ийм сайхан хамт олонтой, өөрт ногдсон ажилтай хүн шүү дээ гэсэн бодол намайг аз жаргалтай болгодог. Ингээд бодохоор амьдралын минь нэг хэсэг, гэр бүл яахын аргагүй “Отгонтэнгэр” нисэх буудлын хамт олон минь юм даа.Зорчигч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, ая тухтай байдлыг тэдний аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхтэй хослуулан ажиллахад нисэх буудлын бүх ажилтнуудын үүрэг оролцоо чухал. Отгонтэнгэр нисэх буудлаас гавьяаныхаа амралтад гарсан Ш.Авирмэд, Л.Мягмаржав, В.Жамган Н.Баян, Г.Мөнхчулуун, Д.Жинжигмаа гээд цааш үргэлжилбэл уртаас урт дараалал үүсгэх ах эгч нараасаа үлгэр дуурайлал авч, тэднээсээ суралцаж, тэднийхээ үргэлжлэл болон нисэх буудлынхаа хөгжлийн түүчээнд шинийг санаачлан, сайхан хамт олонтойгоо ирээдүйг хамтран бүтээж байгаадаа бахархаж явдаг.Aviation photo news-ийн энэ удаагийн дугаарт оролцсон “Отгонтэнгэр” нисэх буудлын хамт олон та бүхэндээ баярлалаа. Ажил, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.