ИНҮТ-ӨӨС “БУЯНТ-УХАА” САЛБАР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАЛ ТОГООНД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2023/11/16

2023-2024 оны хичээлийн шинэ жилийн эхэнд Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Н.Батсайхан, Нийслэлийн 250 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Н.Батнавч нар хамтарсан уулзалт хийж, өнгөрсөн оны хамтын гэрээгээ дүгнэн, энэ жилийн гэрээгээ шинэчлэн байгуулсан. ИНҮТ-ийн даргын зүгээс Нийслэлийн 250 дугаар цэцэрлэгийн “Буянт-Ухаа” салбарыг ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөл хариуцан ажиллах чиглэл өгсний дагуу ИНҮТ-ийн харьяа албадаар “Буянт-Ухаа” салбар цэцэрлэгийн барилга байгууламж, сантехникийн холболтууд, гэрэл цахилгаан, хяналтын камер зэрэгт үзлэг оношилгоо хийлгэж ажилласан юм.

Мөн “Буянт-Ухаа” салбар цэцэрлэгийн үйл ажиллагаанд шаардлагатай байгаа зүйлсийн судалгааг авч, засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн худалдан авалтуудыг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, цэцэрлэгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу гал тогоонд шаардлагатай байсан дөрвөн ширэмтэй плитка, ус буцалгагчийн худалдан авалт хийгдсэнийг ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлийн дарга Р.Амарбаясгалан өнөөдөр цэцэрлэгчийн эрхлэгч Н.Батнавч тэргүүтэй хамт олонд хүлээлгэн өглөө.


 

Холбоотой мэдээ

ОНОШИЛГОО, ХЭМЖИЛ ЗҮЙН ЛАБОРАТОРИ 2023 ОНЫ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА
2023/12/19

Оношилгоо, хэмжил зүйн лаборатори нь Хэмжил зүйн тухай хууль болон Стандартчилал, техникийн зохицуулалт,  тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг Иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулан ажиллах, Нисэхийн аюулгүй ажиллагааг хангуулахад чухал шаардлагатай хэмжил зүйн бодиттой мэдээлэл, үр дүнг гаргах, Чанарын удирдлагын тогтолцоог хадгалах, сайжруулах, Хэмжилт шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалт болон сорилт шинжилгээний ажил үйлчилгээг итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтын дагуу түргэн шуурхай үзүүлэх зорилт тавин 13 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Тус лаборатори нь сорилт шинжилгээний төрөл, радио цаг уур, цахилгаан цулын төрөл, шугаман өнцөг, геодезийн төрөл болон үл эвдэх сорилын төрлөөр үйл ажиллагаагаа явуулдаг. 2023 онд 4 зорилтын хүрээнд 24 арга хэмжээ төлөвлөж оны эцсийн байдлаар төлөвлөгөөний биелэлт 100% болжээ. Оношилгоо, хэмжил зүйн лаборатори нь энэ онд нийт 340 дээж авч, 38 шилэн хэмжүүрийн шалгалт тохируулга хийсэн байна. Мөн 532 газардуулгын эсэргүүцлийн хэмжилт хийж, 94 радио цахилгаан хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга хийж, 28 удаагийн геодезийн хэмжилт хийжээ.  MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагыг хангасан чанарын тогтолцоог нэвтрүүлэн Стандарт хэмжил зүйн газрын Итгэмжлэлийн газарт чадавхаа үнэлүүлж 2023.11.10-ны өдрийн Д/03-91 дугаартай гэрээгээр 4 жилийн хугацаатай 7 дахь удаагаа итгэмжлэгдсэн байна. Мөн 4 стандартыг орчуулан Монгол Улсын үндэсний стандартаар батлуулжээ. ОХЗЛ-ийн тайлангийн төгсгөлд удирдлагууд нэн тэргүүнд тулгарч буй асуудлуудаа дахин танилцуулж, гарц гаргалаа олох, зарлагын хэмжээг ирэх онд бууруулан орлогыг нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө сайтар нягтлан гаргаж, боломжит арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байгаа талаар дурьдлаа.

ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН “ИЗИНИС ЭЙРВЭЙЗ” ХХК IATA-НЫ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ АУДИТ ШАЛГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ДАВЖ, ГЭРЧИЛГЭЭ ХҮЛЭЭЖ АВЛАА
2024/05/01

Үндэсний агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” ХХК 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 01-ний өдрүүдэд Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/-ны Аюулгүй ажиллагааны аудит /IOSA/ шалгалтад амжилттай хамрагдаж гэрчилгээ хүлээж авлаа.Олон улсын агаарын тээврийн холбоо IATA-оос явуулдаг IOSA аудит шалгалт нь агаарын тээврийн компанийн нислэгийн аюулгүй ажиллагаа, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, аюулгүй байдлын удирдлага зэрэг хяналтын системийг үнэлж шалгадаг олон улсын томоохон шалгалт юм.Үндэсний агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” ХХК энэхүү цогц үнэлгээг амжилттай давснаар аюулгүй ажиллагааны олон улсын стандарт, дүрэм журамд нийцсэн агаарын тээвэрлэгч болохоо батлан харууллаа.Дашрамд дурдахад, “Изинис Эйрвэйз” ХХК 2024 оны 6 дугаар сараас эхлэн олон улсын нислэгээ сэргээж Праг, Хонг Конг, Чёнжу, Пусан зэрэг чиглэлүүд рүү хуваарьт нислэг үйлдэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ЛАТВИ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНД АГААРЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА
2024/06/06

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Бүгд Найрамдах Латви Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Улс төрийн газрын захирал Анджейс Виюмсонс нар 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж, эцэслэн байгууллаа. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хооронд “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” байгуулах ажил ковид-19 цар тахлын жилүүдэд саатаад байсныг эрчимжүүлж, 2023 оны 04 дүгээр сард хоёр тал хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирч, үзэглэсэн. Зам, тээврийн хөгжлийн яам нь Монгол Улсын Засгийн газраас баримталж буй агаарын тээврийг либералчлах бодлого, түүнчлэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Агаарын харилцааны тухай хэлэлцээр шинээр байгуулах, одоо хэрэгжиж буй хэлэлцээрүүдэд өөрчлөлт оруулах замаар олон улсын нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Монгол, Латви хоёр улсын хооронд Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулж, шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлснээр аялал жуулчлалыг хөгжүүлэх, Латви болон Хойд Европын хэсэгт оршин сууж буй манай улсын иргэд болон жуулчдад хямд зардлаар ая тухтай нисэх боломж бүрдэхийн зэрэгцээ дотоодын агаарын тээвэрлэгчид Хойд Европын орнууд руу шинэ нислэгийн чиглэл нээх, аяллын дугаар хамтран ашиглах зарчмаар нислэгийн сүлжээг өргөжүүлэх боломж бүрдэж байна. Түүнчлэн хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал дэмжлэг болох юм.