2021 оны 08 дугаар сарын 02 өдөр
2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 07 дугаар сарын 30-ны өдрүүдэд.
Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн даргa бөгөөд нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч А.Амарболд.
“Сингапурын Нисэхийн Академи (Singapore Aviation Academy)”-аас цахимаар зохион байгуулсан.
Хувь хүний үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн тогтолцоо сургалтын хүрээнд дараах сэдвүүдээр суралцсан. Үүнд:
Дээрх сэдвүүдээр амжилттай суралцаж гэрчилгээ авсан болно.
Энэхүү сургалтад хамрагдсанаар Үнэмлэх гэрчилгээжүүлэлтийн нэгж дээр хувь хүний тусгай зөвшөөрөл олгох тогтолцоог үр дүнтэй бий болгох үндсэн ойлголт, зарчмууд, хувь хүний үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн тогтолцоог удирдахад чухал мэдлэг, хандлагыг эзэмшсэн, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын байнгын хяналтын аргачлал (USOAP CMA)-ынþХувь хүний үнэмлэх, гэрчилгээжүүлэлт (PEL)-ийн асуулгуудад (PQs) хариулах туршлагыг олж авснаас гадна амжилттай суралцаж гэрчилгээжсэнээр АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA)-аас хийгдэх Олон улсын нисэхийн аюулгүй ажиллагааны үнэлгээ (IASA)-нд хамрагдах ажлын хүрээнд байцаагчийн сургалт, дадлагын хөтөлбөрийн дагуу заавал хамрагдах сургалтын асуулгыг хаах боломжтой болсон.
Хавсралт:
Гэрчилгээ
ТАЙЛАН БИЧСЭН: НААХЗА-НЫ ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН ДАРГA БӨГӨӨД НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ А.АМАРБОЛД
Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас 2019 онд Хэлний ур чадварын шалгалт боловсруулах зөвлөмж гаргасан бөгөөд хэлний ур чадварын шалгалтыг сонголттой болгох, үнэ өртгийг бууруулах, шалгалтын дүн үнэлгээг хурдан гаргах, үндэсний хэлний ур чадварын шалгалттай болох зорилгоор Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2021 оны оны 12-р сарын 20-ны өдрийн А/154 тоот тушаалаар Монгол улсад хэлний ур чадварын тест боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг хэлний ур чадварын ТЕАС /Test of English for Aviation Communication/ шалгалтыг зохих стандарт зөвлөмжийн дагуу үе шаттайгаар боловсруулж, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ИНЕГ-аас МСАА 0.1 тоот зөвшөөрлийн гэрчилгээ хүлээн авч, баталгаажуулав. ИНЕГ-ын даргын зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хурлын 09/01 тоот шийдвэрээр ТЕАС шалгалтын үйл ажиллагааг Нисэхийн сургалтын төв зохион байгуулах болсны дагуу шалгалтын үйл ажиллагааг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлэхээр шийдвэрлэлээ. ТЕАС шалгалтын танилцуулга семинарыг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагт НСТ дээр зохион байгуулна. Холбоо барих утас: 7128-3107
Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага (ICAO)-аас жил бүр зохион байгуулдаг Олон Улсын Иргэний нисэхийн агаарын харилцааны хэлэлцээрийн “ICAN2024” хурал Малайз улсын Куала Лумпур хотноо 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд боллоо.Улс орнуудын агаарын тээврийн харилцааг өргөжүүлж, шинэчлэх зорилгоор 2008 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдсаар ирсэн тус хурал нь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шууд хэлэлцээр хийх боломжийг олгож, зах зээлийг нээлттэй болгох, агаарын тээврийн хүртээмжийг сайжруулах чухал платформ болдог юм. Монгол Улс энэхүү хуралд гурав дахь удаагаа oролцож, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа тэргүүтэй төлөөлөгчид Австрали, Испани, Нидерланд, Итали, Руанда улсуудтай агаарын харилцааны хэлэлцээр үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан, Саудын Арабын Хаант улстай тохиролцлын бичигт гарын үсэг зурав.Тухайлбал:1. Австрали Улстай: 10 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улс Австрали Улстай агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн дагуу хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх нээгдэж байна.2.Испанийн Хаант Улстай: Агаарын харилцааны хэлэлцээрийг үзэглэж, тохиролцлын бичигт гарын үсэг зурснаар 2018 онд байгуулсан агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг шинэчилж, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх нээгдсэн. Уулзалтын үеэр Испанийн Хаант Улс 2025 онд болох Олон Улсын Иргэний нисэхийн байгууллагын Зөвлөлийн сонгуульд нэр дэвшиж байгаа бөгөөд Монгол Улсыг дэмжих санал өгөх хүсэлт илэрхийлэв.3.Нидерландын Хаант Улстай: Агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээр нь Монгол Улс Нидерландын Хаант Улстай 1995 оны 03 дугаар 09-ний өдөр байгуулсан Агаарын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах зорилготой юм. Мөн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх үүсэх юм.4.Саудын Арабын Хаант Улстай: Агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг тохирч, тохиролцлын бичигт гарын үзэг зурлаа. Тус тохиролцлын бичигт aгаарын харилцааны хэлэлцээрийн төслийг иргэний нисэхийн эрх бүхий байгууллагууд тохирч, талууд холбогдох хууль тогтоомжийн дагуу дотоодын журмаа шуурхай гүйцээж ажиллахыг эрмэлзэв.5. Итали Улстай: Агаарын харилцааны хэлэлцээрийн төсөл үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичиг байгуулснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх үүсэж, Италийн Ром, Милан (Мальпенза болон Бергамо), Венец болон хожим тодорхойлох 2 цэг тохиров.6. Руанда Улстай: Агаарын харилцааны хэлэлцээрийн төсөл үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Нислэгийн цэг, давтамж болон багтаамжийг хэлэлцээрийг байгуулах үед тусдаа тохиролцохоор болсон. Түүнчлэн хурлын үеэр Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Канад, ОХУ-тай хоёр талын уулзалт зохион байгуулж Герман Улсын хувьд нислэгийн давтамж нэмэгдүүлэх талаар, Канад Улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах чиглэлээр ажлыг эрчимжүүлэх санал тавьж Канадын тал 2025 оны эхээр дотоодын журмаа гүйцээж, хэлэцээрийг байгуулахаар тогтов. ОХУ-тай Улаанбаатар-Москва хотуудын хооронд шууд нислэг сэргээх талаар дэлгэрэнгүй санал солилцож ярилцав. Мөн ОХУ-ын талаас 2025 онд болох Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Зөвлөлийн сонгуульд “Aгаарын тээвэрт чухал ач холбогдолтой улсууд”-ын хэсэгт сонгогдоход дэмжлэг үзүүлэх саналыг илэрхийлэв.Хурлын үеэр үзэглэгдсэн хэлэлцээрүүд болон санамж бичгүүд нь Монгол Улсын агаарын тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах,өрсөлдөөнийг дэмжих, шинэ зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын урсгалыг дэмжих, цаашид бүс нутгийн болон олон улсын түвшинд агаарын тээврийн үйл ажиллагааг чөлөөтэй, хүртээмжтэй болгон өргөжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.“ICAN2024” хуралд нийт 83 улс болон хоёр олон улсын байгууллагыг төлөөлсөн 700 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Иргэний нисэхийн үндэсний төвийн Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын алба нь нийт 7 хэсэг, 173 ажилтны орон тоотой нийт 14 орны 95 төрлийн 184 авто машин, техник тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлж байна. Тус алба нь 2023 онд зорчигч, үйлчлүүлэгчийн аюулгүй, тав тухтай байдлыг хангасан нисэх буудлын үйлчилгээ үзүүлэх стратегийн зорилго, зорилтын хүрээнд 7 зорилт 28 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн хэрэгжилт 98,9% байна. “Чингис Хаан” Олон улсын нисэх буудалд 1644 агаарын хөлөгт 24 нэгж газрын техник, тоног төхөөрөмжөөр давхардсан тоогоор 10950 удаагийн үйлчилгээ үзүүлж, 12536 км гүйж, нийт 7784.15 мото/цагийн газрын техник, тоног төхөөрөмжийн үйлчилгээг үзүүлжээ. “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд нийт 82 агаарын хөлөгт 11 нэгж техникээр нийт 248,3 мото/цагийн газрын техник, тоног төхөөрөмжөөр үйлчилсэн байна. Тус алба нь 2023 онд авто замын хяналтын RFID системийг бүх төрлийн тээврийн хэрэгсэлд суурилуулах ажлыг салбарын хэмжээнд хамгийн анхлан албаны бүх тээврийн хэрэгсэлд суурилууллаа. Дээрх ажлыг ЗТХЯ, нийслэлийн Мэдээлэл, технологийн газартай хамтран зохион байгуулсан. ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны газар, Юнител ХХК, Мобиком корпораци ХХК-тай хамтран “Мэдээлэлтэй автобус” арга хэмжээг зохион байгуулж энэ хүрээнд ИНЕГ, ИНҮТ болон салбарын хэмжээнд хийгдэж буй ажлуудыг QR кодоор байршуулж мэдээллийг түгээж ажилласан нь салбарын яамны хэмжээнд жишиг ажил болсон. Мөн Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 9 аймагт орон нутгийн нислэгийг сэргээсэнтэй холбогдуулан үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-тай байгуулсан гэрээний дагуу агаарын хөлөгийн шатахууныг орон нутагт тээвэрлэх ажлыг амжилттай зохион байгуулж гэрээгээр хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ажилласан байна. ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагуудын зүгээс албаны ажилтнуудын уур амьсгалыг дээшлүүлэх шаардлагатай, ирэх жилээс авто машин захиалга цахимаар явагдана мөн тарифын асуудлыг урьдчилан сайтар төлөвлөж, ажилтнуудыг мэдээллээр хангах шаардлагатай байгааг цохон тэмдэглэлээ. Түүнчлэн 2024 онд зардлагаа хасч, орлогоо нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.