Иргэний
нисэхийн үндэсний төвийн дарга Э.Төрбаяр өнөөдөр Иргэний нисэхийн ерөнхий
газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/382 дугаар тушаалаар
батлагдсан тус төвийн шинэчилсэн бүтэц, орон тооны талаар нийт ажилтнууддаа
танилцууллаа. Уг шинэчилсэн бүтцээр ИНҮТ нь
нийт 6 газар, 199 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулах юм.
Иргэний нисэхийн үндэсний төв нь
гэрчилгээжсэн үйл ажиллагааны гадна байсан бол шинэчлэгдэж байгаа бүтцээр ИНҮТ
нь өөрөө гэрчилгээжигч байгууллага болж байгаагаараа илүү ач холбогдолтойгоос
гадна бүтцээр зохион байгуулагдаж байгаа нэгж бүр, ажилтан бүр ИНД-ийн
шаардлагыг хэрэгжүүлэгч, оролцогч болж байгааг төвийн дарга хурлын эхэнд онцлон
хэллээ.
ИНҮТ гэрчилгээжсэнээр хэд хэдэн боломжийг бий болгож
байна. Тухайлбал,
-
Үйлдвэрлэл
болон Хяналтын байгууллага тус тусын чиг үүргээ хэрэгжүүлэхэд нэг том алхмаар
ойртоно;
- Шийдвэр гаргаж буй албан тушаалтнууд Дүрмийн хүрээнд
шийдвэр гаргаж, хариуцлагатай байдал эрс дээшилнэ;
- Гадаад хамтын ажиллагаа нэг цонхны бодлогоор явагдана;
- Ажил үүргийн давхардал багасна;
- Шат дамжлага, үйлдвэрлэлийн ажилтнуудын хиймэл ачаалал
багасаж өөр өөрийн ажлаа хариуцлагатайгаар хийх нөхцөл бүрдэнэ;
- Нисэхийн бус мөн Дүрмээр шаардаагүй олон шаардлагагүй
ажлуудыг хувийн хэвшлээр хийлгэх тогтолцоо бүрдэж үндсэн ажилдаа төвлөрч
ажиллах боломж бүрдэнэ;
- Зардал, үр
өгөөж, өртөгт суурилсан эдийн засаг, санхүүгийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх
нөхцөл бүрдэнэ;
- Хуульд заасан Агаарын навигацийн, аэродромын, нисэх
буудлын мөн аюулгүйн хамгаалалтын үндсэн чиг үүргээ хариуцлагатайгаар
хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.
Иргэний
нисэхийн үндэсний төвийн дарга Э.Төрбаяр
ажилтнуудынхаа сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд хамгийн түрүүнд анхаарч ажиллахаа
хэллээ. Жишээлбэл, Цагийн уян хатан зохицуулалтгүй байдлыг өөрчлөх; журамд туссан ажилтанд
ээлтэй зохицуулалтыг хориглохгүй; ажилтны үр дүнг үндэслэлгүй хасдаг байдлыг зогсоох, хэдхэн ур
чадвартай ажилтанд оногддог ажлын тэгш бус ачааллыг зогсоох зэргийг яаралтай
ажил хэрэг болгоно гэлээ.
2023 он Иргэний нисэхийн тухай хууль шинэчлэгдэн
батлагдсан, ICAO-ийн
шалгалтад амжилттай оролцсон, АНУ-руу шууд нислэг үйлдэхээр болсон, орон нутгийн нислэг
сэргэж, анх удаа орон нутгийн нисэх буудлуудаа концессоор гэрээлэх шийдвэр
гаргасан, “Чингис хаан” ОУНБ-д
хөөрөлт, буултын нислэг маш их хэмжээгээр нэмэгдсэн гээд онцлог жил болж байна.
Ирэх 2024 онд:
- Орон нутгийн нисэх буудлуудыг өөрсдийгөө санхүүжүүлдэг
болгох бизнес төлөвлөгөөг тухайн орон нутгийн онцлогт нь тааруулж гаргахын
төлөө чиглэл бүрийн экспертүүдтэй хамтран дахин цогцоор нь төлөвлөх ажил
хийгдэнэ.
- Нисэхийн аюулгүй ажиллагаанд шууд оролцдог нарийн
мэргэжилтнүүдийн англи хэлийг тогтмол сайжруулах арга хэмжээ авна.
- Орон нутгийн нисэх буудлуудын нислэгийн удирдагч, инженер,
техникийн ажилтнуудын харьяаллын асуудлыг ирэх жил төвийн харьяанд шилжүүлэх
ажлыг шийдвэрлэнэ.
- 100 жилийн ойг угтаж Нисэхийн музейг авиа компаниудтай
хамтран хөгжүүлнэ гээд олон ажил хийхээр төлөвлөж байгааг ИНҮТ-ийн дарга
танилцууллаа.
Хуралд ИНҮТ, түүний харьяа
салбар, нэгжийн удирдах албан тушаалтнууд танхимаар биечлэн, ОННБ-ын удирдлагууд болон нийт ажилтнууд
цахимаар хамрагдлаа.
ИНЕГ-ын дэргэдэх Эцэг, эхийн зөвлөл, ИНҮТ-ийн ЗХАГ-ын Хамтын ажиллагааны хэлтэс хамтран ээлжит “Мэдээллийн цаг”-ийг зохион байгууллаа.Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд хөгжил хамгааллын сэтгэл зүйч Р.Бадамцэцэгийг урьж оролцуулан гэр бүлийн боловсролын талаар мэдээлэл өгүүллээ.“Хосын харилцаа нь маш чухал, үргэлж тордож байдаг харилцаа. Хэдэн жил амьдарч байгаагаас үл хамаарч, байнга хөгжиж байдаг идэвхитэй харилцаа юм. Тиймээс монголчууд хосын харилцааг хос баганаар зүйрлэж, эрэгтэй, эмэгтэй хүмүүс эрх эн тэнцүү гэдгийг сургасаар ирсэн. Харилцаа нь гэнэт бий болж, гэнэт алга болдог зүйл биш. Эхлэл, өрнөл, төгсгөлтэй. Харилцаа нь ажлын бүтээмжид хүртэл сайн, муугаар нөлөөлдөг. Хамтдаа асуудлыг шийдвэрлэдэг гэр бүл бол хамгийн бат, бэх гэр бүл байдаг” хэмээн сэтгэл зүйч Р.Бадамцэцэг мэдээлэлдээ онцоллоо.
Дараагийн үеийн бүрэн дижитал банк хэмээн тодорхойлдог М банкны удирдлагууд ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаагаа танилцуулан, хамтарч ажиллах боломжийн талаар ярилцлаа. Санхүүгийн хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг технологийн давуу талаа ашиглан технологид суурилсан илүү уян хатан бас хялбар болгосон М банк нь салбаргүй, дараалалгүй, хамгийн тухтайгаар хаанаас ч банкны үйлчилгээг хурдан авах боломжийг иргэд, байгууллага, бизнесийнхэнд санал болгодог юм. Тус банк иргэний нисэхийн салбартай ажилчдын цалин олголт, санхүүгийн зээл, хадгаламж зэрэг олон хэлбэрээр хамтарч ажиллах боломжтой гэдгээ уулзалтын үеэр илэрхийлэв. Харин иргэний нисэхийн салбарын удирдлагуудын зүгээс тухайн банкийг сонгон үйлчлүүлэх эсэх нь М банкны менежмент, ажилтнуудын сонголтын асуудал бөгөөд салбарын ажилтнуудын орон сууц барих төсөл, иргэд олон нийтэд бизнесийнхний нүүр царайг таниулсан нисэх буудлуудын тохижилт, ялангуяа концессын гэрээгээр өгөхөөр зарлагдаад буй дөрвөн нисэх буудалд М банк оролцон хамтарч ажиллах боломж нээлттэй гэдгийг онцоллоо.