Иргэний нисэхийн ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн
хэлтэс 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Тус хэлтэс нь өнөөдрийн
байдлаар 8 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 онд 3 зорилтын хүрээнд нийт 47 ажил хийж
хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь жилийн эцсээр 97 хувийн биелэлттэй байгааг БХХ-ийн
дарга Ч.Одгэрэл танилцууллаа.
Дэлхийн агаарын навигацийн нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан
техник, технологийн дэвшилд суурилсан агаарын навигацийн үйлчилгээг хөгжүүлэх,
Нисэх буудлуудын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах болон Олон улсын
иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын
Хавсралтууд, стандарт, зөвлөмжийн шаардлагад нийцүүлэхтэй холбогдуулан 2023 онд Бодлогын
хэрэгжилтийн хэлтэс нийт 47 ажлын хүрээнд 14 судалгааг боловсруулж олон улсын 8
байгууллагатай 27 удаагийн уулзалт, дотоодын 12 байгууллагатай 109 удаагийн
уулзалт хийсэн байна.
Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн 2023 оны онцлох томоохон ажлуудаас дурдвал:
1. Бүсийн нислэгийн хөдөлгөөний хоёр дахь төв байгуулах
судалгааг боловсруулж, 2023 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн хурлаар “Бүсийн
нислэгийн хөдөлгөөний нөөц төв”-ийг Дорноговь аймгийн Сайншанд суманд
байгуулахаар тогтсон.
2. Агаарын навигацийн хураамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд
судалгааг боловсруулан 2024 оны 7 дугаар сараас эхлүүлэх ажлыг төлөвлөн ажиллаж
байна.
3. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 253 дугаар
тогтоолоор орон нутгийн “Ховд”,
“Мөрөн”, “Гурвансайхан”, “Чойбалсан” нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулж,
хүчин чадлын нэмэгдүүлэх төслийг "Төрийн өмчийн концессын зүйлийн
жагсаалт"-д нэмэлтээр тусгаж концесс олгох урьдчилсан болон уралдаант
сонгон шалгаруулалтыг зарлан ажиллаж байна.
4. Иргэний нисэхийн аюулгүй байдлын журам, Агаарын тээврийг
хялбаршуулах журмын нэмэлт өөрчлөлтийг Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын
13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, мөн өдрийн 339, 340 дүгээр тогтоолоор тус тус
батлуулсан.
5. Чөлөөт агаарын зам (Free route) олон улсын хурлыг 2023.11.09-10-ны
өдрүүдэд амжилттай зохион байгуулсан.
6. “Чингис хаан” Олон улсын нисэх буудал болон “Буянт-Ухаа”
олон улсын нисэх буудлын газар ашиглалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж
батлуулах ажлыг зохион байгуулж байна.
7. Агаарын хөлгийн шатахууныг олон эх үүсвэрээс нийлүүлэх
боломжийн талаар судалж, шийдвэрлүүлэхээр холбогдох яамдуудтай хамтран ажиллаж
байна.
Харилцан ойлголцлын санамж бичигт Иргэний нисэхийн ерөнхий газрыг төлөөлж дарга Э.Төрбаяр, “Транскон электрон систем” ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Владимир Драбек нар 2025 оны 03 дугаар сарын 11-ны өдөр Прага хотноо гарын үсэг зурлаа.Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Иргэний нисэхийн ерөнхий газар болон “Транскон электрон систем” ХХК хооронд байгуулагдах харилцан солилцох санамж бичиг нь иргэний нисэх, иргэний нисэхийн дэд бүтцийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой. Мөн тус газартай иргэний нисэхийн салбарт, тэр дундаа орон нутгийн нисэх буудлуудын шинэчлэлт, нисэхийн тоног төхөөрөмж, технологи нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх болно.
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэний нисэхийн байгууллагууд хооронд агаарын навигацийн чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын хооронд үйлдэгдэж буй нислэгүүдэд нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай техник, технологийн шийдлийг хэлэлцэх, өнөөгийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хамтын ажиллагааг сайжруулах, нислэгийн хөдөлгөөний удирдлагын бүсүүд хоорондын зохицуулалтын гэрээ, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах зорилгоор Улаанбаатар хотноо “Монгол - Хятадын Холбоо, навигаци, ажиглалт, нислэгийн хөдөлгөөний удирдлагын зохицуулах хурал”-ыг зохион байгуулж байна. Тус хуралд оролцохоор БНХАУ-ын иргэний нисэхийн удирдах газрын харьяа нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчооны төлөөлөгчид 2024 оны 10-р сарын 14-ний өдрөөс 18-ны өдрийн хооронд манай улсад айлчилж байгаа юм. Энэхүү хурал нь 5 жилийн дараа Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаагаараа онцлогтой бөгөөд Иргэний нисэхийн үндэсний төв нь Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Иргэний нисэхийн удирдах газрын харьяа Нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчоо хооронд цаг уурын үйлчилгээний хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ажилд дэмжлэг үзүүлнэ. Хурлыг нээж ИНЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ч.Одгэрэл үг хэлэхдээ “Эрхэм ноён Ван Бинээр ахлуулсан БНХАУ-ын Нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчооны төлөөлөгчдийг Монгол Улсад тухлан саатаж, бидний цаашдын хамтын ажиллагаанд энэ удаагийн хурал өндөр ач холбогдолтой байж, хоёр улсын харилцаа өргөжин тэлнэ гэдэг итгэлтэй байна” гэдгийг онцоллоо. Харин ноён Ван Бин хэлсэн үгэндээ “биднийг халуун дулаанаар угтан авсан та бүхэнд талархаж байна. Хурлын үеэр бид хүссэн зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Ийнхүү зохицуулах хурал “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдийн гэрээг шинэчлэх, шийдвэрлэх” хэлэлцүүлгээр эхэллээ.
ИНЕГ "Ховд аймгийн Ховд нисэх буудлын уламжлалт навигаци ашигласан хэрэглэлээр ойртолт үйлдэх нислэгийн журмыг нислэгээр шалган баталгаажуулах, нисэх буудалд шилжүүлэн суурилуулах зай хэмжих төхөөрөмжийн хүлээн авах шалгалтын нислэгийг гүйцэтгэхэд агаарын хөлгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах" тендер зарлалаа. Тендерийн талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.