ИНЕГ-ын
даргын 2024 оны 01 сарын 25-ны өдрийн А/36 дугаар тушаалаар агаарын навигацийн
үйлчилгээний хураамжийн орлогын бүрдэл, орлогын тодорхой хувийг дэд бүтэц,
тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтад зарцуулах боломжийг судалж, танилцуулах үүрэг
бүхий ИНЕГ, Цаг уур, орчны шинжилгээний газрын хамтарсан ажлын хэсгийг
байгуулсан.
ИНЕГ-ын
Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ч.Одгэрэл, Цаг уур, орчны шинжилгээний газрын
Санхүү, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Н.Галцог нараар ахлуулсан
хамтарсан ажлын хэсгийн хурал ИНЕГ-т боллоо.
ОУИНБ-ын
Док 9082 “Нисэх буудал, Агаарын навигацийн үйлчилгээний төлбөрийн бодлогын
баримт бичиг”-т Агаарын навигацийн хураамж нь үйл ажиллагааны зардлаа нөхөх
хэмжээний бодитой тогтоогдож, агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэх дэд бүтэц,
тоног төхөөрөмж, цалин хангамж, удирдлагын зардалд зарцуулагдана гэж заасан
байдаг. Энэхүү заалтын хүрээнд агаарын навигацийн үйлчилгээний хураамжийн
орлого бүрдүүлж буй үйлчилгээний төрлийг тогтоож, хураамжийн орлогын тодорхой
хувийг дэд бүтэц, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хөрөнгө оруулалт, хүний нөөцийг
чадавхижуулахад зарцуулах боломжтой эсэхийг судалж, танилцуулахыг хамтарсан ажлын
хэсэгт даалгасан юм.
Өнөөдрийн
хурлаар хамтарсан ажлын хэсгийн гишүүдийн нэгдсэн цахим групп үүсгэж, хийгдэх
ажлын төлөвлөгөөгөө гарган 2 талын санал дүгнэлтүүдээ нэгтгэхээр боллоо.
Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Ази, Номхон далайн бүсийн Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөр (CASP-AP)-ийн гишүүн орнуудын техник, үйл ажиллагааны 11 дүгээр (11th ATOM) ээлжит хурал”-ыг 2025 оны 02 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэ удаагийн хуралд дээрх хөтөлбөрийн гишүүн 10 гаруй орны зочид, төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд төлөөлөгчид иргэний нисэхийн аюулгүйн хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, гишүүн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Тус хурлаар Сингапур, Тайланд, Филиппин зэрэг улсуудын аюулгүйн хамгаалалт, агаарын тээврийг хялбаршуулах болон аюулгүйн хамгаалалтын соёлыг сайжруулах чиглэлээр туршлага судлах танилцуулга хийгдсэн бол тус хурлыг зохион байгуулагч CASP-AP болон Нисэх буудлуудын холбооноос танилцуулсан нисэх буудлын нийтийн эзэмшлийн бүсэд үйлдэгдэж болох халдлага, хүнгүй нисэх төхөөрөмжийн халдлагаас сэргийлэх чиглэлээр хийгдсэн танилцуулгууд хуралд оролцогчдын сонирхлыг ихээхэн татсан байна. Хурлыг Монгол Улсад зохион байгуулснаар Ази, Номхон далайн бүсийн Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн талаарх сургалтад аюулгүйн хамгаалалтын ажилтнуудыг түлхүү оролцуулж, олон улсын туршлага судлах боломж олгохоос гадна оролцогч төлөөлөгчидтэй санал солилцож, иргэний нисэхийн аюулгүйн хамгаалалтын чиглэлээрх Монгол Улсын өнөөгийн түвшнийг тодорхойлох, олон улсын мэргэжилтнүүдээс холбогдох заавар, зөвлөмж авах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.
Филиппин улсын Манила хотноо 2024 оны 7 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Ази, Номхон далайн бүсийн Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөр болох CASP-AP-ын удирдах зөвлөлийн 19 дүгээр хурал болж байна. Тус хурлыг 18 дугаар хурлын даргалагч, Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ч.Одгэрэл нээж үг хэлэн, хурлын цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ. ИНЕГ-ын БХХ-ийн дарга Ч.Одгэрэл нь CASP-AP-ын удирдах зөвлөлийн 18 дугаар хурлыг 2023-2024 онд даргалсан бөгөөд өнгөрсөн 1 жилийн хугацаанд амжилттай ажиллаж, 19 дүгээр хурлын үеэр дараагийн хурал даргалагч болох Филиппин Улсын Тээврийн аюулгүй байдлын албаны дарга Jose A. Briones-д хурлыг даргалж, удирдан зохион байгуулах эрхээ шилжүүлэн өглөө. CASP-AP-ын удирдах зөвлөлийн зүгээс Монгол Улс нь Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн бөгөөд тус хурлыг даргалсан хугацаандаа CASP-AP хөтөлбөрийн хэрэгжилтэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, төлөвлөсөн ажлуудаа үр дүнтэй, сайн хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн байна.