Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлэх ажлын эхлэл болгон Төвийн бүсийн нисэх буудлуудын форум зохион байгуулагдаж байна. Энэхүү форумд Төвийн бүсийн нисэх буудлууд буюу Булган, Арвайхээр, Баянхонгор, Мөрөн нисэх буудлууд оролцож байгаа юм. “Бүсчилсэн хөгжил - Төвийн бүсийн нисэх буудлуудын форум”-д Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Э.Төрбаяр удирдан нисэх буудлуудын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцан, үүрэг, чиглэл өгч, санал бодлоо солилцохоос гадна орон нутгийн нисэх буудлуудын удирдлага, ажилтнуудад JCI-ын “Design thinking” сургалт орох юм.
Тус форумыг нээж Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Э.Төрбаяр үг хэлж, тус төвийн шинэ бүтэц зохион байгуулалтыг танилцууллаа.
Филиппин улсын Манила хотноо 2024 оны 7 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Ази, Номхон далайн бүсийн Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөр болох CASP-AP-ын удирдах зөвлөлийн 19 дүгээр хурал болж байна. Тус хурлыг 18 дугаар хурлын даргалагч, Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ч.Одгэрэл нээж үг хэлэн, хурлын цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ. ИНЕГ-ын БХХ-ийн дарга Ч.Одгэрэл нь CASP-AP-ын удирдах зөвлөлийн 18 дугаар хурлыг 2023-2024 онд даргалсан бөгөөд өнгөрсөн 1 жилийн хугацаанд амжилттай ажиллаж, 19 дүгээр хурлын үеэр дараагийн хурал даргалагч болох Филиппин Улсын Тээврийн аюулгүй байдлын албаны дарга Jose A. Briones-д хурлыг даргалж, удирдан зохион байгуулах эрхээ шилжүүлэн өглөө. CASP-AP-ын удирдах зөвлөлийн зүгээс Монгол Улс нь Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн бөгөөд тус хурлыг даргалсан хугацаандаа CASP-AP хөтөлбөрийн хэрэгжилтэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, төлөвлөсөн ажлуудаа үр дүнтэй, сайн хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн байна.