“ИРГЭНИЙ НИСЭХ. ЕРӨНХИЙ НЭР ТОМЬЁО, ТОДОРХОЙЛОЛТ” СТАНДАРТ ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДЛАА

2024/05/13

Стандарт хэмжил зүйн газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн С/08 дугаар тушаалаар MNS 6409:2024 – “Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” стандарт шинэчлэгдэн батлагдаж, улсын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдлээ.

Уг стандартыг шинэчлэн баталснаар Монгол Улсын Иргэний нисэхийн салбарт хэрэглэгддэг Чикагогийн конвенцын Annex-ын нэр томьёо болон ICAO Doc 8400-ийн товчлолыг нэгдсэн нэг утгаар ойлгож, тодорхойлох боломжтой болж байгаа юм.

Энэхүү стандартыг иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа, үйлчилгээ эрхэлж байгаа төрийн өмчит болон хувийн хэвшлийн бүх байгууллага, энэ чиглэлээр сургалт, судалгаа, сурталчилгаа хийх газрууд Чикагогийн конвенцын Хавсралтуудтай холбоотой баримт бичгийг орчуулж, хэрэглэхэд ашиглана.

Уг стандартад иргэний нисэхийн 1130 гаруй товчлол, 1011 тодорхойлолт багтсан болно.

MNS 6409:2024 – “Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” стандартыг ЭНД дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ

“НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗААВАРЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ” ДАХИН ЯВАГДАЖ ЭХЭЛЛЭЭ
2024/04/08

Иргэний нисэхийн ерөнхий газар Олон улсын Иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-тай хамтран зохион байгуулж буй “Нисэхийн аюулгүй байдлын зааварлагч бэлтгэх сургалт” өнөөдөр эхэллээ. 2017 оноос Монгол Улсад зохион байгуулагдаж эхэлсэн тус сургалт дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд завсардаад байсан юм.Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Э.Төрбаяр сургалтын талаар “Өмнө нь бид энэ төрлийн сургагч багш нарыг заавал гадны улсад сургаж, бэлддэг байсан бол 2017 оноос Олон улсын Иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-тай хамтран дотооддоо сургаж эхэлсэн. Нэг сургагч багш бэлтгэх олон улсын сургалтын зардал маш өндөр байдаг. Тиймээс дотооддоо зохион байгуулах нь эдийн засгийн хувьд ч их өгөөжтэй юм. Суралцагчид энэхүү сургалтад хамрагдсанаар дотоодын үзлэгийн шалгагч нартаа зааж сургаж, дараа дараагийн шалгалт, сургалтад хамрагдаж, олон улсын хэмжээнд багшлах боломж бүрддэг.  Бид энэ сургалтыг ирэх жилээс илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Хөтөлбөрийн зохицуулагч бөгөөд Нисэхийн аюулгүй байдлын ахлах зөвлөх Тони Блэкистон “Энэхүү сургалт нь Иргэний нисэхийн салбарт заналхийлж буй аюул заналыг илрүүлэх, үүний эсрэг зохих арга хэмжээг авах, салбарын аюулгүй ажиллагааг хангах зорилготой. Сургалтын явцад ИКАО-ын журам, олон улсын стандартын дагуу 2 удаагийн шалгалт авч, төгсгөнө. Сургалтаас гарах үр дүнгийн хувьд суралцагчдын мэдлэг, ур чадвар дээшлэхээс гадна цаашид аюулгүй байдал, хамгаалалтын чиглэлээр олон улсад багшлах, заах арга зүйн хувьд илүү чадамжтай болно” гэлээ. Тус сургалт 4 дүгээр сарын 8-наас 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Сургалтад Монгол улсаас 10 суралцагч, Олон улсын Иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-ын Ази, номхон далайн бүс нутгийн гишүүн улс орнуудаас 10 суралцагч хамрагдаж байна.

“БУЯНТ-УХАА” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ 2023 ОНЫ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА
2023/12/19

Өнөөдөр буюу 2023 оны 12-р сарын 19-ний өдөр Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа салбар, нэгжүүд 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагуудад тайлагналаа. Тайлангийн хурлыг эхлүүлж “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал 2023 оны ажлын тайлангаа тавьсан юм. Тус нисэх буудал энэ онд нийт 8 зорилтын хүрээнд 44 арга хэмжээ төлөвлөж 2023 оны IV улирлын байдлаар хэрэгжилт 98,6% байна. “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал 2023 онд бага оврын агаарын хөлгийн нийт 2074 нислэг үйлдсэнээс орон нутгийн 2003 нислэгт нийт 2781 зорчигч, Олон улсын 71 нислэг, 2031 зорчигч тээвэрлэжээ. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 4205 нислэгт нөөц нисэх буудлаар сонгогдон ажилласан байна. Мөн 69 удаагийн чиглэсэн үзлэг шалгалт хийж, 2 удаагийн түргэн цугларалт зохион байгуулсан байна. Нисэх буудлын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нөхөн хангалтаар сэлгэн ажиллах ажилтны хөрвөх чадварыг дээшлүүлэх арга хэмжээг 2023 оны 7 дугаар сарын 6, 7 өдөр зохион байгуулжээ. “BU AIRSHOW” 2023 оны 5 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Тайлангийн дараагаар удирдлагууд асуулт асууж, санал дүгнэлтээ хэллээ. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа тайлангийн төгсгөлд тус нисэх буудлын хамт олныг ирэх 2024 оны төлөвлөгөөндөө үр ашигаа сайжруулах ажлаа сайн төлөвлөж, нисэх буудлын бүх үйлчилгээ, мэдээлэл цахимжсан байх шаардлагатайг хэлээд гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гадны томоохон байгууллагуудаас туршлага судлан үйлчилгээндээ нэвтрүүлэх шаардлагатайг дурьдлаа.