ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРЫНХАН СИСТЕМИЙН АВАРГЫН ЦОМЫН ТӨЛӨӨ СПОРТЫН 7 ТӨРЛӨӨР ӨРСӨЛДӨЖ БАЙНА

2024/05/09

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 99 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй Системийн аварга шалгаруулах спортын тэмцээн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шатрын төрлөөр эхэлсэн. Спортын 7 төрөлт тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2024.05.09/ Нисэхийн спорт цогцолборт амжилттай боллоо.

Системийн аваргын цомын төлөөх тус тэмцээнд ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа алба нэгжүүд, агаарын тээвэрлэгчид болон нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч нийт 28 байгууллагын 900 гаруй тамирчин оролцож байна.

Нээлтийн эхэнд ИНЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ч.Одгэрэл, ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр нар баг тамирчдад баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Китанака Такэфуми, тус компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Лхагвадорж Системийн аваргын шилжин явах цомыг албан ёсоор хүлээлгэн өгч байрлуулав.

ИНҮТ-ийн дэргэдэх “THE FALCONS” хамтлагийн хөгжимчин, ГТҮШХА-ны Дэд бүтэц, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн Д.Батзоригийн үг, ая “Нисэхийн тамирчид” дууг тус хамтлаг нээлтийн үеэр дуулж, анх удаа олны хүртээл болголоо. Мөн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн уралдаанд удаа дараа амжилттай оролцож, 2024 онд Хан-Уул дүүрэг болон Нийслэлийн аварга багаар тодорч, улсын уралдаанд оролцох эрхийн эзэд болсон Нийслэлийн 250 дугаар цэцэрлэгийн харьяа “Буянт-Ухаа” салбар цэцэрлэгийн бяцхан сурагчид гимнастикийн үзүүлбэрээрээ тамирчин ах эгч нартаа бэлэг барьсан юм.

Тэмцээний эхний өдрөөс буюу 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 5 дугаар сарын 02-ны өдрүүдэд шатар, ширээний теннис, дартс, усанд сэлэлтийн тэмцээн явагдаж, шилдгүүдээ тодруулсан. Харин одоо сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөгийн тэмцээнүүд үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд 5 дугаар сарын 22-ны өдөр өндөрлөнө.

Иргэний нисэхийн салбарын нийт ажилтнуудын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багийн ажиллагааг сайжруулах зорилготой тус тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр “МИАТ” ТӨХК ажиллаж байна.

Тэмцээнд оролцож буй нийт баг тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.

Холбоотой мэдээ

ИНЕГ “АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ 2024”-Т ОРОЛЦЛОО
2024/04/19

ИНЕГ-аас ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн зохион байгуулсан “Ажлын байрны нээлттэй өдөрлөг-2024”-т оролцлоо. ШУТИС-ийн МехТС нь оюутнуудад зориулан ажил олгогч компаниудтай холбох, үйлдвэрлэлийн дадлага, нээлттэй ажлын байрны мэдээллээр хангах, ажлын ярилцлагад бэлтгэх, их сургууль үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор жил бүр “Ажлын байрны нээлттэй өдөрлөг” зохион байгуулдаг юм. Уламжлал ёсоор зохион байгуулдаг энэ жилийн өдөрлөгт МАК, MSM, MCS coca cola, MONNIS, Витафит, Энержи ресурс, Говь, ИНЕГ, Аэромонголиа зэрэг 30-аад байгууллага, аж ахуйн нэгж оролцсон байна. 

ИНЕГ, ТҮҮНИЙ ХАРЬЯА САЛБАР НЭГЖИЙН ХЭМЖЭЭНД “МЕНТОРШИП-2024” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2024/06/06

Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа салбар нэгжийн ажилтнуудыг мэргэжлийн ур чадвар болон хувь хүний түвшинд сурч хөгжихөд дэмжлэг үзүүлэх, байнга сурч хөгжих хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, ажилтнуудын залгамж халааг бэлтгэх болон байгууллагын дотоод соёл, эерэг хандлагыг бий болгох зорилгоор ИНЕГ-ын даргын тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв, түүний харьяа салбар нэгжийн хэмжээнд “Менторшип-2024” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ажилтнуудыг бүртгэж, ажил мэргэжлийн чиг хандлага, дадлага туршлага зэрэг хөтөлбөрт тавигдсан шаардлагуудын дагуу шалгаруулж, нийт 20 ажилтан буюу 10 ментор /чиглүүлэгч/, 10 ментийг /суралцагч/ сонгоод байгаа юм. Хөтөлбөрт оролцогч менторууд нь өөрийн хариуцсан ментийгийн ур чадвар, сонирхол, ямар чиглэлээр сурч хөгжихийг хүсэж байгаа зэргийг тодорхойлсны үндсэн дээр цаашдын зорилгоо тодорхойлоход нь туслаж, нөөц бололцоогоор ханган, зааж зөвлөнө. Мөн хөтөлбөрийн хугацаанд хэрхэн хөгжиж, ахиц өөрчлөлт гарч байгааг үнэлэх юм. Өнөөдөр “Менторшип-2024” хөтөлбөрийн нээлт болж, ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа, Бодлогын хэрэгэжилтийн хэлтсийн дарга Ч.Одгэрэл, ЗУХЭЗХ-ийн дарга З.Туяа нар хөтөлбөрийн оролцогчидтой уулзаж, амжилт хүслээ. Тус хөтөлбөр 2024 оны 08 дугаар сар хүртэл үргэлжилнэ.