“ШИНЭ САНАА, ШИЛДЭГ ТӨСЛИЙН ИННОВАЦЫН УРАЛДААН”-Ы ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАВ

2024/05/30

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 99 жилийн ойг тохиолдуулан ИНЕГ, түүний харьяа салбар нэгжүүдийн ажилтнуудын дунд зохион байгуулсан “Шинэ санаа, шилдэг төслийн инновацын уралдаан”-ы шилдгээр шалгарсан хүмүүст өнөөдөр ИНЕГ-ын удирдлагууд шагналыг нь гардууллаа.

Тус уралдаанд амжилттай оролцож, салбарын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, бүтээн байгуулалтын оновчтой шийдэл, урт хугацаанд хэрэгжүүлэх бодлогын санал, шинэ санаа, дэвшилтэд технологи, инновац нэвтрүүлэх төслийг санаачилж, шилдгээр шалгарсан ажилтнуудад ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа талархал илэрхийлээд шалгарсан төслүүдийг байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ. Мөн шилдгээр шалгарсан эхний гурван төсөлд хамтарч ажилласан ажилтнуудыг үндсэн цалингийн 30-70 хувиар урамшуулахаар болсныг дуулгаж, Өргөмжлөл гардууллаа.

“Шинэ санаа, шилдэг төслийн инновацын уралдаан”-д харьяа, салбар нэгжүүдээс нийт 8 төсөл ирүүлснээс ИНҮТ-ийн харьяа Нисэхийн сургалтын төвийн захирал Б.Золбоо, нисэхийн англи хэлний багшлах мэргэжилтэн М.Уранбилэгт, Т.Оюунбилэг нарын санаачилсан "ICAO-ийн хэлний ур чадварын ТEAC шалгалтын Монгол Улсад нутагшуулах төсөл" тэргүүн байр эзэлсэн байна.

Мөн ИНҮТ-ийн харьяа Нисэхийн холбоо, навигаци ажиглалтын албаны Холбооны хэсгийн дарга Э.Булган, Өгөгдлийн холбооны тасгийн ахлах инженер Г.Нандин-Эрдэнэ, инженер Г.Булгантамир, Ж.Ариунбат нарын "Агаарын навигацийн алслагдсан байгууламжуудад хяналтын систем нэвтрүүлэх төсөл", ИНҮТ-ийн харьяа Үйлдвэрлэл үйлчилгээний газрын аэродром, гэрэл суулт, цахилгаан хариуцсан технологич мэргэжилтэн Ц.Батмөнх, Б.Гантулга, Аэродром, гэрэл суултын албаны Цахилгаан хангалтын хэсгийн цахилгаан хангалтын засвар үйлчилгээ хариуцсан ахлах инженер Ц.Баяраа, тасралтгүй цахилгаан тэжээлийн ахлах инженер С.Золжаргал нарын "Ховд аймаг дахь “Ховд” нисэх буудлын цахилгаан хэрэглээг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах техникийн шийдэл, эдийн засгийн үр ашгийн тооцоо судалгааны төсөл" тус тус шалгарчээ.




Холбоотой мэдээ

ИНҮТ СХЗГ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД “СТАНДАРТЧИЛЛЫН СУУРЬ АСУУДЛУУД БА ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2024/04/17

Иргэний нисэхийн үндэсний төв Стандарт, хэмжил зүйн газартай ISO стандарт болон ХАБЭА чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хамтран ажиллахаар болсон. Энэхүү хамтын ажиллагааны эхлэл болгож өнөөдөр Стандарт, хэмжил зүйн газрын Мэдээллийн технологи, стандартын лавлагаа, сургалтын төвийн дарга Ч.Содном “Стандартчиллын суурь асуудлууд ба түүний ач холбогдол” сэдвээр сургалт орлоо. Сургалтад Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа салбар, нэгжийн ахлах болон түүнээс дээш албан тушаалтнууд оролцлоо. Цаашид талууд ойрын хугацаанд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хамтын ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллах юм.

ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
2024/03/29

ИНЕГ-ын дэргэдэх Эцэг, эхийн зөвлөл, ИНҮТ-ийн ЗХАГ-ын Хамтын ажиллагааны хэлтэс хамтран ээлжит “Мэдээллийн цаг”-ийг зохион байгууллаа.Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд хөгжил хамгааллын сэтгэл зүйч Р.Бадамцэцэгийг урьж оролцуулан гэр бүлийн боловсролын талаар мэдээлэл өгүүллээ.“Хосын харилцаа нь маш чухал, үргэлж тордож байдаг харилцаа. Хэдэн жил амьдарч байгаагаас үл хамаарч, байнга хөгжиж байдаг идэвхитэй харилцаа юм. Тиймээс монголчууд хосын харилцааг хос баганаар зүйрлэж, эрэгтэй, эмэгтэй хүмүүс эрх эн тэнцүү гэдгийг сургасаар ирсэн. Харилцаа нь гэнэт бий болж, гэнэт алга болдог зүйл биш. Эхлэл, өрнөл, төгсгөлтэй. Харилцаа нь ажлын бүтээмжид хүртэл сайн, муугаар нөлөөлдөг. Хамтдаа асуудлыг шийдвэрлэдэг гэр бүл бол хамгийн бат, бэх гэр бүл байдаг” хэмээн сэтгэл зүйч Р.Бадамцэцэг мэдээлэлдээ онцоллоо.

БНХАУ-ЫН “SF AIRLINES” КОМПАНИЙН ГАДААДЫН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИЙН ГЭРЧИЛГЭЭГ 5 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ СУНГАЖ ОЛГОЛОО
2023/11/17

БНХАУ-ын “SF AIRLINES” компанийн гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээг Иргэний нисэхийн дүрэм ИНД-129-ийн дагуу 5 жилийн хугацаатай сунгасныг өнөөдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа гардуулан өглөө. Тус компани нь БНХАУ-ын Зүүн Өмнөд мужийн Шинжинд байрладаг, BOENG 757, 767, 737, 747 зэрэг нийт 160 агаарын хөлгөөр дэлхий даяар ачаа тээврийн логистикийн үйл ажиллагаа явуулдаг компани юм.