МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ЛАТВИ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНД АГААРЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА

2024/06/06

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Бүгд Найрамдах Латви Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Улс төрийн газрын захирал Анджейс Виюмсонс нар 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж, эцэслэн байгууллаа.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хооронд “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” байгуулах ажил ковид-19 цар тахлын жилүүдэд саатаад байсныг эрчимжүүлж, 2023 оны 04 дүгээр сард хоёр тал хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирч, үзэглэсэн.

Зам, тээврийн хөгжлийн яам нь Монгол Улсын Засгийн газраас баримталж буй агаарын тээврийг либералчлах бодлого, түүнчлэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Агаарын харилцааны тухай хэлэлцээр шинээр байгуулах, одоо хэрэгжиж буй хэлэлцээрүүдэд өөрчлөлт оруулах замаар олон улсын нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна.

Монгол, Латви хоёр улсын хооронд Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулж, шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлснээр аялал жуулчлалыг хөгжүүлэх, Латви болон Хойд Европын хэсэгт оршин сууж буй манай улсын иргэд болон жуулчдад хямд зардлаар ая тухтай нисэх боломж бүрдэхийн зэрэгцээ дотоодын агаарын тээвэрлэгчид Хойд Европын орнууд руу шинэ нислэгийн чиглэл нээх, аяллын дугаар хамтран ашиглах зарчмаар нислэгийн сүлжээг өргөжүүлэх боломж бүрдэж байна. Түүнчлэн хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал дэмжлэг болох юм.





Холбоотой мэдээ

УЗБЕКИСТАН УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ОЙРЫН ХУГАЦААНД БАЙГУУЛНА
2023/11/17

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Узбекистан улсаас Монгол Улсад хавсран суух элчин сайд Фарход Арзиевтай уулзлаа. Уулзалтын эхэнд сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, хоёр орны ард түмэн олон жилийн түүхэн уламжлалт найрсаг харилцааг бүх салбарт хөгжүүлж ирсэн. Тэр дундаа зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг гэдгийг онцлон хэллээ.Сайд С.Бямбацогт ”Агаарын харилцааны тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг орчин үеийн агаарын харилцааны эрх зүйн шаардлагад нийцүүлэн шинэчлэхээр хэлэлцээрийн төслийг тохирсон. Ойрын хугацаанд цаг алдалгүй, шуурхай байгуулах хүсэлтэй байна. Агаарын хэлэлцээр байгуулснаар хоёр улсын хооронд дамжин өнгөрөх зорчигчийн тоо нэмэгдэж, Узбекистанаас жимс, ногоо, монголоос мах, ноолууран бүтээгдэхүүн тээвэрлэж хоёр улсын хооронд эдийн засгийн эргэлт нэмэгдэх чухал ач холбогдолтой хэмээн байр сууриа илэрхийллээ. Элчин сайд Фарход Арзиевын зүгээс “Миний тэргүүлэх зорилт бол хоёр улсын зам, тээврийн болон харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх. Өнөөдрийн байдлаар хоёр улсын худалдаа 7 сая ам.долларт хүрсэн байна. Манай улсаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, Монгол Улсаас мах, ноос ноолуурын бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх хүсэлтэй байна. Одоогоор хоёр улсын иргэд 30 хоног харилцан визгүй зорчдог. Энэ давуу талыг ашиглан аялал жуулчлалаа хөгжүүлж, жуулчдад аялахад таатай нөхцлийг бүрдүүлмээр байна” хэмээлээ. Уулзалтын үр дүнд хоёр улсын агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг ойрын хугацаанд байгуулахаар хоёр тал тогтлоо.  

AVIATION WEEKLY LXIII
2024/03/12

Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.Өнөөдрийн дугаараас та:-“Бүсчилсэн хөгжил - төвийн бүсийн нисэх буудлуудын форум” боллоо- 2024 онд орон нутгийн гурван нисэх буудлыг жишиг нисэх буудал болгон хөгжүүлнэ- Орон нутгийн нисэх буудлууд тулгамдаж буй асуудлуудаа илэрхийллээ- Ажилдаа амжилт гаргасан ажилтнуудыг шагнаж урамшууллаа- Иргэний нисэхийн ахмадууд "малчдадаа туслах сайн дурын хандивын аян"-д нэгдлээ- "Хүннү Эйр" ХХК Хөвсгөл аймгаас олон улсын 4 чиглэлд нислэг үйлддэг болно- Сан Францискогоос хөөрсөн "United Airlines" компанийн онгоцны нэг дугуй салж унажээ зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.

НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА 2023 ОНД 250 ТӨРЛИЙН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН БАЙНА
2023/12/26

Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа газар, нэгжүүдийн 2023 оны тайлангийн хурал болж байна. Өнөөдрийн хурлын эхэнд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Тус алба нь өнөөдрийн байдлаар 5 хэлтэс 49 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 онд 4 зорилтын хүрээнд нийт 34 ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь жилийн эцсээр 90.2 хувийн биелэлттэй байгааг НААХЗА-ны дарга П.Ганболд танилцууллаа. Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны 2023 оны онцлох ажлуудаас дурдвал: 1.     Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлуулахаар хамтран ажиллаж, хууль батлагдсан. 2.     НААХЗА-ны бүтцийн өөрчлөлт, орон тооны санал, үндэслэл боловсруулж, ЗУХЭЗХ-т хүргүүлж, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн а/224 дүгээр тушаалаар НААХЗА-ны бүтэц шинэчлэн батлагдсан. 3.     "МИАТ" ТӨХК-ийн 60326 үйлдвэрлэгчийн дугаартай В787-9 маягийн агаарын хөлгийг түрээслэн авч, нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа ашиглахтай холбогдуулан тус компанийн болон агаарын хөлөгт үзлэг шалгалтыг гүйцэтгэж,  байцаагчийн дүгнэлтүүдийг гаргасан. 4.     Гадаадын 6 агаарын тээвэрлэгчийг шинээр гэрчилгээжүүлсэн /Thai Vietjet, Vietjet, Аврора, Ир Аэро, Красавиа, MNG Airlines/ 5.     Хүнгүй агаарын хөлгийн үйл ажиллагаа (дроноор ачаа тээвэрлэх, донорын цус тээвэрлэх г.м) 6.     TSA-аас хийгдэх үнэлгээнд хамрагдах бэлтгэл ажлыг хангасан. 7.     FAA IASA аудит шалгалт болон Техникийн урьдчилсан үнэлгээнд хамрагдах бэлтгэл ажлыг ханган ажилласан. Боинг компаниас Монгол Улсын ИНЕГ-т үзүүлэх техникийн хамтын ажиллагааны хүрээнд  2011 онд FAA-аас хийсэн Техникийн үнэлгээний тайлан, үл нийцлийн хэрэгжилтийн талаар 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдөр FAA-нд цахим хаягаар хүргүүлсэн. 8.     IASA аудитын шалгах асуулгаар өөрсдийн хийсэн үнэлгээг Боинг компанид 2023 оны 12 дугаар сард цахим хаягаар илгээсэн. 9.     Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Universal Security Audit Programme-Continuous Monitoring Approach хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хийх аудит шалгалтын бэлтгэл ажлыг ханган, 2023 оны 10 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд шалгуулсан. 10. “TEST OF ENGLISH FOR AVIATION COMMUNICATION” шалгалтын үйл ажиллагаанд НААХЗА хяналт тавьж ажиллахыг ИНЕГ-ын дарга үүрэг болгосны дагуу хяналт тавьж, тус шалгалтыг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс манай улс дотооддоо авч эхэлсэн. Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба нь 2023 онд 112 байгууллагад зөвшөөрөл, гэрчилгээ; 60 агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ; 47 агаарын хөлөгт маягийн гэрчилгээ; 31 агаарын хөлөгт Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, нийт 250 төрлийн зөвшөөрлийг олгосон байна. Үнэмлэхжүүлэлтийн хувьд Нисгэгчийн үнэмлэх зэрэглэлийг баталгаажуулсан-289; Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтны үнэмлэх зэрэглэлийг баталгаажуулсан 219; Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх зэрэглэлийг баталгаажуулсан 153; Иргэний нисэхийн ажилтанд эрүүл мэндийн гэрчилгээ олгосон 315; Үнэмлэх эзэмшигчээс ICAO-ын англи хэлний ур чадварын шалгалт авсан 109 байна.