ИНЕГ, ТҮҮНИЙ ХАРЬЯА САЛБАР НЭГЖИЙН ХЭМЖЭЭНД “МЕНТОРШИП-2024” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

2024/06/06

Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа салбар нэгжийн ажилтнуудыг мэргэжлийн ур чадвар болон хувь хүний түвшинд сурч хөгжихөд дэмжлэг үзүүлэх, байнга сурч хөгжих хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, ажилтнуудын залгамж халааг бэлтгэх болон байгууллагын дотоод соёл, эерэг хандлагыг бий болгох зорилгоор ИНЕГ-ын даргын тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв, түүний харьяа салбар нэгжийн хэмжээнд “Менторшип-2024” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ажилтнуудыг бүртгэж, ажил мэргэжлийн чиг хандлага, дадлага туршлага зэрэг хөтөлбөрт тавигдсан шаардлагуудын дагуу шалгаруулж, нийт 20 ажилтан буюу 10 ментор /чиглүүлэгч/, 10 ментийг /суралцагч/ сонгоод байгаа юм.

Хөтөлбөрт оролцогч менторууд нь өөрийн хариуцсан ментийгийн ур чадвар, сонирхол, ямар чиглэлээр сурч хөгжихийг хүсэж байгаа зэргийг тодорхойлсны үндсэн дээр цаашдын зорилгоо тодорхойлоход нь туслаж, нөөц бололцоогоор ханган, зааж зөвлөнө. Мөн хөтөлбөрийн хугацаанд хэрхэн хөгжиж, ахиц өөрчлөлт гарч байгааг үнэлэх юм.

Өнөөдөр “Менторшип-2024” хөтөлбөрийн нээлт болж, ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа, Бодлогын хэрэгэжилтийн хэлтсийн дарга Ч.Одгэрэл, ЗУХЭЗХ-ийн дарга З.Туяа нар хөтөлбөрийн оролцогчидтой уулзаж, амжилт хүслээ. Тус хөтөлбөр 2024 оны 08 дугаар сар хүртэл үргэлжилнэ.














Холбоотой мэдээ

НИСЭХИЙН САЛБАРЫН ЗАЛУУЧУУДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ АНХАН ШАТ БОЛОН СЭРГЭЭХ СУРГАЛТЫН ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2023/12/05

Иргэний нисэхийн залуучуудын холбоо, AUA Language center хамтран Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулж буй нисэхийн салбарын залуучуудад зориулсан англи хэлний анхан шат болон сэргээх сургалтын хоёрдугаар ээлжийн бүртгэл явагдаж байна. Жич: ИНЕГ, ИНҮТ-ийн ажилтнууд сургалтанд хамрагдах тохиолдолд 100% цалинтай чөлөө, үр дүнгийн 40%-ийн урамшуулал олгогдоно. Хугацаа: 2023.12.02-2023.12.28 Анги: -Beginners group (анхан суралцагчдад зориулсан анги) - Refresh training group (дунд буюу түүнээс дээш түвшний мэдлэгтэй суралцагчдад зориулсан анги) Дэлгэрэнгүй мэдээллийг 88025092, 80031614 дугааруудаас авна уу.

“ШИНЭ САНАА, ШИЛДЭГ ТӨСЛИЙН ИННОВАЦЫН УРАЛДААН”-Ы ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАВ
2024/05/30

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 99 жилийн ойг тохиолдуулан ИНЕГ, түүний харьяа салбар нэгжүүдийн ажилтнуудын дунд зохион байгуулсан “Шинэ санаа, шилдэг төслийн инновацын уралдаан”-ы шилдгээр шалгарсан хүмүүст өнөөдөр ИНЕГ-ын удирдлагууд шагналыг нь гардууллаа. Тус уралдаанд амжилттай оролцож, салбарын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, бүтээн байгуулалтын оновчтой шийдэл, урт хугацаанд хэрэгжүүлэх бодлогын санал, шинэ санаа, дэвшилтэд технологи, инновац нэвтрүүлэх төслийг санаачилж, шилдгээр шалгарсан ажилтнуудад ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа талархал илэрхийлээд шалгарсан төслүүдийг байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ. Мөн шилдгээр шалгарсан эхний гурван төсөлд хамтарч ажилласан ажилтнуудыг үндсэн цалингийн 30-70 хувиар урамшуулахаар болсныг дуулгаж, Өргөмжлөл гардууллаа. “Шинэ санаа, шилдэг төслийн инновацын уралдаан”-д харьяа, салбар нэгжүүдээс нийт 8 төсөл ирүүлснээс ИНҮТ-ийн харьяа Нисэхийн сургалтын төвийн захирал Б.Золбоо, нисэхийн англи хэлний багшлах мэргэжилтэн М.Уранбилэгт, Т.Оюунбилэг нарын санаачилсан "ICAO-ийн хэлний ур чадварын ТEAC шалгалтын Монгол Улсад нутагшуулах төсөл" тэргүүн байр эзэлсэн байна. Мөн ИНҮТ-ийн харьяа Нисэхийн холбоо, навигаци ажиглалтын албаны Холбооны хэсгийн дарга Э.Булган, Өгөгдлийн холбооны тасгийн ахлах инженер Г.Нандин-Эрдэнэ, инженер Г.Булгантамир, Ж.Ариунбат нарын "Агаарын навигацийн алслагдсан байгууламжуудад хяналтын систем нэвтрүүлэх төсөл", ИНҮТ-ийн харьяа Үйлдвэрлэл үйлчилгээний газрын аэродром, гэрэл суулт, цахилгаан хариуцсан технологич мэргэжилтэн Ц.Батмөнх, Б.Гантулга, Аэродром, гэрэл суултын албаны Цахилгаан хангалтын хэсгийн цахилгаан хангалтын засвар үйлчилгээ хариуцсан ахлах инженер Ц.Баяраа, тасралтгүй цахилгаан тэжээлийн ахлах инженер С.Золжаргал нарын "Ховд аймаг дахь “Ховд” нисэх буудлын цахилгаан хэрэглээг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах техникийн шийдэл, эдийн засгийн үр ашгийн тооцоо судалгааны төсөл" тус тус шалгарчээ.

ТЕНДЕР ЗАРЛАЛАА
2024/10/31

ИНЕГ-аас "Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны ажилтнуудын хөдөлмөр хамгааллын хувцас"-ны тендер зарлалаа.Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.