“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬ, ЁС ЗҮЙН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024/06/07

ИНЕГ-ын Ёс зүйн зөвлөлөөс Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хороотой хамтран “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Д.Баатарсайхан төрийн албан хаагчийн ёс зүйн тухай ойлголт, хэм хэмжээ, хуулийн үйлчлэлд хамаарах болон байгууллагын ёс зүйн дүрмийн зохицуулалт, ёс зүйн дэд хороо байгуулах, түүний ажиллах журам, ёс зүйн зөрчлийн мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх, ажилтан албан хаагчид ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зэрэг төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой асуудлаар иргэний нисэхийн салбарынханд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хурлын танхимд зохион байгуулсан сургалтад Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв түүний харьяа салбар, нэгжийн 150 ажилтан танхимаар, орон нутгийн нисэх буудлын болон бусад алба, нэгжүүдийн 100 орчим ажилтан цахимаар хамрагдлаа.

ИНЕГ-аас цаашид Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж, Ёс зүйн дэд хороог байгуулах, хуульд заасны дагуу нийт ажилтнуудын олонхын дэмжлэг авсан хүнийг Ёс зүйн дэд хорооны гишүүнээр ажиллуулах санал хураалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.   



Холбоотой мэдээ

АНУ РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ИНЕГ АНУ-ЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗАХИРГАА ХООРОНД ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
2024/04/26

Монгол Улсаас АНУ руу үйлдэх шууд нислэгийн бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр /2024.04.26 “Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон баримт, мэдээлэл болон түүнд хамаарах АНУ-ын аюулгүй байдлын эмзэг мэдээлэл солилцох тухай гэрээ”-г Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа болон АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яамны Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргааны дэд дарга Гари Ренфроу нар байгууллаа. Энэхүү гэрээг байгуулснаар хоёр улс нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон баримт, мэдээллийг харилцан солилцох хүрээг тогтоож байна. Мөн Олон улсын иргэний нисэх, тээврийн аюулгүй байдлын системд учирч болзошгүй аюул заналхийллийг илрүүлэх, тус тусын нисэхийн болон тээврийн аюулгүй байдлын тогтолцоо, дүрэм журам, үйл ажиллагааг сайжруулахад солилцсон туршлага, баримт, мэдээллийг хамгаалахад ач холбогдолтой юм. Түүнчлэн энэхүү гэрээ нь Монгол Улс, АНУ-ын агаарын тээврийн харилцааг улам өргөжүүлэх бөгөөд АНУ-ын Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргаа болон Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг олгоно. Ингэснээр шууд нислэг үйлдэх эхний бэлтгэл ажил хангагдаж, дараа дараагийн үе шатыг богино хугацаанд амжилттай төлөвлөх боломж бүрдэж байгаа юм.