Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах алба өнөөдрийн байдлаар “Жаргалант” амралт, Эрүүл мэнд, спортын цогцолбор, НХҮА-ны дэргэдэх зоогийн газрыг хариуцан нийт орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Тус алба 2023 онд 5 зорилтын хүрээнд 27 ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь жилийн эцсээр 95.1 хувийн гүйцэтгэлтэй байгааг танилцууллаа. Эрүүл мэнд, спортын цогцолбор 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн. Энэ онд бассейн, спорт заал, теннис, фитнес, дартс, биллиард, йога, бүжиг гэсэн төрлөөр нийт 8207 хүн үйлчлүүлсэн байна. Эрүүл мэндийн үйлчилгээний хувьд 2023 онд амбулаторийн үзлэг 2292, урьдчилан сэргийлэх үзлэг 971, яаралтай тусламж 93, хяналтын үзлэг 62, нийт 3418 удаагийн эмчийн үзлэг, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн 2023 оны 2 дугаар сарын 8-наас 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ИНҮТ, түүний харьяа алба салбарын ажилтнуудын дунд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж, нийт 19 алба салбарын 971 ажилтныг үзлэгт хамруулжээ. “Жаргалант” амралтын ресторан нь 30-200 хүний 50-65 удаагийн хүлээн авалт авч, үйлчилсэн байна. Мөн ИНЕГ, ИНҮТ, түүний харьяа алба нэгжийн вакумжуулсан ажлын хэсэг, хурал, семинар, тэмдэглэлт ой, ахмадын баярын үйл ажиллагаанд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр хамтран зохион байгуулж ажилласныг танилцууллаа. Тайлангийн төгсгөлд Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах албанаас ИНЕГ-ын дарга, удирдлагуудад хандан шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлуудаа дараах байдлаар танилцууллаа. Үүнд: 1. Албаны зарим албан тушаалтны цалингийн сүлжлэлийг шинэчлэн батлуулах; 2. Шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх; 3. Спорт цогцолборыг барьсан компанитай холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэх; 4. Урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг авах; 5. Фитнесийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх; 6. Гал тогооны тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх гэсэн асуудлыг танилцуулсан юм.
Ази Номхон далайн бүс нутгийн агаарын тээврийн шинэ чиглэл, урсгалыг хөгжүүлэх зорилготой ROUTES ASIA-2024 арга хэмжээ энэ оны 02 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Малайз улсын Лангкави хотод зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Ази Номхон далайн бүс нутгийн 600 гаруй агаарын тээвэрлэгчид, нисэх буудлууд, аялал жуулчлалын компаниуд оролцсон бөгөөд “Чингис хаан” Олон улсын нисэх буудал 2 дахь удаагаа амжилттай оролцлоо. Агаарын тээврийн салбар дахь эрэлт хэрэгцээ, түүнийг хангахад тулгамдаж буй асуудлууд, цар тахлын дараах бүс нутгийн хөгжлийн хандлага болон зорчигчийн урсгал, нислэгийн шинэ чиглэлүүдийн талаарх хэлэлцүүлэг яриа өрнүүлж, агаарын тээвэрлэгчид, нисэх буудлууд болон олон улсын агаарын тээврийн холбогдох байгууллагууд харилцан мэдээллээ солилцсон өндөр ач холбогдолтой уулзалт арга хэмжээ болж өндөрлөлөө. Өнгөрсөн жилийн хувьд “Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь 5 сая хүртэлх зорчигч хүлээн авах хүчин чадалтай шилдэг 5 нисэх буудлын нэгээр шалгарч байсан юм.
АНУ-руу шууд нислэг үйлдэх төлөвлөгөөний хүрээнд ИНЕГ-аас зохион байгуулсан АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх АНУ-ын “The Wicks Group Consulting” компанитай анхны цахим уулзалт 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа. Уулзалтаар, ИНЕГ-ын ерөнхий мэдээлэл, холбогдох дүрэм журам, байцаагч нарын гарын авлага, зөвлөх үйлчилгээний нарийвчилсан хуваарийг ИНЕГ-т танилцуулж, “IASA” аудит үнэлгээний хяналтын хуудасны асуулга, аудит шалгалтын талаар харилцан мэдээлэл солилцлоо. Хурлаар зөвлөх үйлчилгээний хүрээнд хийгдэх цахим хурлуудын хуваарийг нийт гэрээний хугацаатай уялдуулан шахуу хэлбэрээр боловсруулж, хэрэгжүүлэх шууд нислэгийн төлөвлөлтийн хугацааг наашлуулах зорилгоор ажлыг түргэтгэх, АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас хийх IASA аудит шалгалтын товыг тогтоох үүднээс ИНЕГ-ын аудитын бэлэн байдлын суурь үнэлгээг богино хугацаанд гаргах талаар санал солилцлоо. Уулзалтад ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны дарга П.Ганболд, Гадаад хамтын ажиллагааны хэтсийн дарга Г.Батбаяр, Aюулгүй ажиллагааны дотоод хяналт, дүрмийн боловсруулалтын албаны дарга С.Ерханат, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Хатанбаатар, Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтсийн дарга З.Туяа, Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Б.Билгүүдэй, Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн дарга Б.Хүдэрчулуун, Ахлах байцаагч Ч.Дарьсүрэн, Aхлах байцаагч Г.Ганхуяг, Үнэмлэх гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн ахлах байцаагч Д.Мөнгөнхүү, Байцаагч Б.Тулга, АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны консул Г.Алтанхундага мөн “The Wicks Group Consulting” группийн Гүйцэтгэх захирал Глен Викс, Дэд ерөнхийлөгч Катя Граймс, Дэд захирал Лори Викс болон зөвлөхүүд оролцов.