Иргэний нисэхийн салбарын ажилтан, албан хаагчдын хүүхдүүдэд зориулан бүтээн байгуулсан ИНЕГ-ын дэргэдэх “Буянт-Ухаа” салбар цэцэрлэг 4 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
“AVIATION PHOTO
NEWS”-ийн энэ удаагийн дугаарт Нийслэлийн 250 дугаар
цэцэрлэг болон тус цэцэрлэгийн “Буянт-Ухаа” салбарын хамт олон оролцлоо.
НИЙСЛЭЛИЙН 250 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ
Хүүхдийн байгууллагын удирдлагын хувьд ажилтнууддаа
тавьдаг шаардлага юу байдаг вэ?
Э.Батнавч
/Нийслэлийн 250 дугаар цэцэрлэгийн эрхлэгч/
Сайн байцгаана уу? Намайг Энхтөрийн Батнавч гэдэг. 250 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 8 дахь жилдээ ажиллаж
байна. Боловсролын салбар, тэр дундаа сургуулийн өмнөх боловсролын байгууллагад
33 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна.
Багш ажилтнуудын хоорондын харилцааны ур чадвар нь ажлын үр дүнг шууд тодорхойлдог.
Ямар хандлага, ямар тактикаар та ажилтантай харилцана, тийм л үр дүнг хүртэнэ гэсэн үг. Тэгэхээр хүүхдийн байгууллагын
удирдлага хүний хувьд өөрөө
байнга суралцаж, ажилтнуудаа илүү их хөгжүүлж байж, ажилтнуудаа зөв чиглүүлэхийг орчин үеийн харилцаа
менежментийн тогтолцоо шаардаж байна. Иймд ажилтнууддаа шаардлага
тавихаас гадна ажлын чиг үүрэг, хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаатай
танилцуулах, багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг дэмжиж, шийдэх зэрэг суралцагч
болон хамт олноо эрүүл аюулгүй, эко орчинд сурч хөгжих боломж бүрдүүлэхийг
хичээж, “Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө” гэсэн уриан дор:
1.
Хувиа хичээхгүй, бусдын бодлыг хүндэтгэх
2.
Хариуцлагыг бусдад тохохгүй, найрсаг харилцаатай байх
3. Бусдад тохиолдсон таагүй явдалд шийдэл эрж, зөв зүйтэй
шийдвэрлэх
4. Нэгнээ уучилж, багаар хамтарч ажиллах
5. Хамт олноороо амжилтаа хуваалцах гэсэн багийн 5 системээр ажиллаж,
эерэг зөв хандлагатай баг хамт олон бүрдүүлэн өглөөнөөс үдшийн бүрий хүртэл,
ажил мэргэжлийнхээ төлөө сэтгэл оюунаа зориулан ажиллаж байна. Үүний нэг тод илрэл
нь Ази тивийн 6 дахь удаагийн нийтийн
гимнастикийн ЖИМНАЕСТРАДА-2024 соёл, спортын наадамд амжилттай оролцож, ШИЛДЭГ
ҮЗҮҮЛБЭР цом, алтан медалийн эзэд болсноор удирдлага баг, хамт олны амжилтыг
бид гаргасан.
Энэ дашрамд бяцхан
гимнастикчин хүүхдүүд, удирдлага, дасгалжуулагч
багш нар, эцэг эхчүүд, хамт олныг дэмжиж, хамтран ажилласан Э.Төрбаяр дарга Иргэний нисэхийн үндэсний төв, Нисэхийн спорт цогцолборын Б.Цолмонтуяа захиралтай хамт олон та бүхэнд талархал
илэрхийлье.
250 дугаар цэцэрлэгийн бяцхан гимнастикчдаа
танилцуулаач. Дүүрэг, хот, улсын аварга, азийн наадам гээд маш их амжилт
гаргажээ.
А.Өлзийтогтох
/Бүлгийн багш/
Манай цэцэрлэгийн бэлтгэл ангийн 200 гаруй хүүхдээс шигшигдсэн
15 охин, 15 хөвгүүн, нийт 30 хүүхдийн бүрэлдэхүүнтэй баг байгаа. Гимнастикийн
бэлтгэлээ 2024 оны 2 дугаар сараас хийж эхэлсэн. Бидний эхний тэмцээн 2024 оны
3 дугаар сард Хан-Уул дүүргийн цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт
гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Тэргүүн байр эзэлсэн. Дараа
нь 4 дүгээр сард Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд Тэргүүн байр, 5
дугаар сард Монгол Улсын Аварга шалгаруулах тэмцээнд мөн Тэргүүн байр эзэлж,
МОНГОЛ УЛСЫН АВАРГА баг тамирчид болсноор Ази тивийн 6 дахь удаагийн нийтийн
гимнастикийн ЖИМНАЕСТРАДА-2024 соёл, спортын наадамд оролцох эрхийг авсан юм. Ингээд 2024 оны 9 дүгээр сарын 13-15-ны
өдрүүдэд тус наадамд амжилттай оролцож, “ШИЛДЭГ ҮЗҮҮЛБЭР” цом, алтан медалийн эзэд
болсондоо маш их баяртай байна.
Цэцэрлэг үүсэн байгуулагдсан цагаасаа хойш
хэчнээн хүүхдийг сургав. Мөн бусад хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаасаа
танилцуулаач?
Т.Соёл-Эрдэнэ
/Аргазүйч/
Та бүхэнд энэ өдрийн
мэндийг хүргэе. Намайг Тогтохын Соёл-Эрдэнэ гэдэг. Тус цэцэрлэгийн аргазүйчээр
3 дахь жилдээ ажиллаж байна. Манай цэцэрлэг 2017 онд үүсэн байгуулагдсанаас
хойш ажиллаж байгаа ууган ажилтан. Цэцэрлэг 240 хүүхдийн хүчин чадалтай хэдий ч
жил бүр 520-550 хүүхдийг хүлээн авдаг бол байгууллагын дэргэдэх “Буянт-Ухаа”
салбар цэцэрлэг маань 150 хүүхдийн хүчин чадалтай ч жилд 180-200 хүүхдийг
хүлээн авч, сургалт, үйл ажиллагаагаа явуулж байна. Ингээд нийтдээ давхардсан
тоогоор төв цэцэрлэг 8 жилийн хугацаанд 4200 гаруй хүүхэд, “Буянт-Ухаа” салбар 4 жилийн хугацаанд 760
гаруй хүүхдэд сургалт, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар ирсэн байна.
Хийж хэрэгжүүлсэн онцлог
ажил гэвэл мэдээж эхний ээлжид цэцэрлэгийн гадаад болон дотоод орчны тохижилт
мөн суралцагчдад сургалт, үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор
гарын доорх материал ашиглан үзүүлэн, тараах материалыг жил бүр хүүхдийн насны
онцлогт тохируулан баяжилт хийдгээрээ цэцэрлэгийн хамт олны давуу тал гэж би
хувьдаа бодож, хамт олноороо бахархаж явдаг.
Хүний нялх үрстэй ажиллана
гэдэг маш их хариуцлага, тэсвэр тэвчээр шаардсан ажил байдаг байх.
Заримдаа шантрах үе гардаг уу?
Д.Дэнсмаа
/Бүлгийн багш/
Тиймээ. Ээжийнхээ мөөмнөөс ч гараагүй нялх, олон айлын
өөр өөр орчин нөхцөлөөс
ирсэн хүүхдүүдийг хүлээн авч, нийгэмшүүлж, сургаж хүмүүжүүлнэ гэдэг тийм ч амар ажил биш. Хэн дуртай нь цэцэрлэгийн багш болчихдоггүй гэж боддог. Хүүхдийн төлөө гэсэн
сэтгэлтэй,
өөрийн хүүхэд, гэр
бүлээ орхиод л
өглөө үүрээр гэрээсээ гарч, үдшийн
бүрийгээр л ордог доо бид. Хүүхдүүдийн шуугиан гэдэг хэцүү л дээ. Тэгэхдээ
бид дасчихсан. Зуны амралтаар ангийнхаа хамгийн хөдөлгөөнтэй хүүхдийг маш их санадаг.
Сүүлийн үед зарим хүүхдүүдийн ярих чадвар сул, хөдөлгөөний дутагдалтай хүүхэд ч их болжээ. Манай
эцэг эхчүүд хүүхэдтэй тоглож наадахгүй, харилцан
ярилцахгүй, ихэнхдээ утсаа хараад л тэр гэрт амьд харилцаагүй болсонтой холбоотой. Сүүлийн үед нийгэмд багш
нартай муухай харилцах,
хүүхдүүдээ хэт их өмөөрөх, багшийн шаардлагыг хүлээн авахгүй бусдыг
буруутгах хандлага их болсон байна. Багш
нарыг үл хүндлэх, гэрийн
үйлчлэгч шиг хандах, үг
хэлээр доромжлох нь их болсонтой холбоотойгоор залуу багш нар ажил хаяж гарах
тохиолдол ч их
болж байна.
Таны ажлын онцлог. Таны
ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол?
Сургалтын үйл ажиллагаа
өдрийн дэглэмийн дагуу явагддаг. Бага насны хүүхэдтэй ажиллана гэдэг сайхан бас хэцүү. Миний
хувьд өглөө 6 цаг 20 минутад ажилдаа ирдэг. Ингээд:
Өглөөний хүлээн авалт - Эхний хүүхэд 6 цаг 30
минут гээд л ирдэг. Эхний хүүхэд болон багш нар өглөөний цай уугаад ямар ажил
хийх талаараа ярилцана. Бас гэртээ болсон хөгжилтэй зүйлсээ ярилцаад 10-15 минут орчим болдог. Тэгээд л ар араасаа
хүүхдүүд маань аав ээжийнхээ хамт ирнэ дээ. Хүүхдүүдийн болон сургалтын тухай
эцэг эхчүүдтэй ярилцана.
Өглөөний тойргийн цаг - Хүүхдүүдтэй цаг агаар,
улирал гээд төрөл бүрийн сэдвээр харилцан ярилцана. Үүний дараа өглөөний дасгал
хийдэг.
Өглөөний цай - Хүүхдүүд ширээгээ засаж,
цайгаа ууна. Бие засаж, сургалт эхлэхэд бэлдэнэ.
Сургалтын цаг - Бага бүлэг 15 минут, дунд
бүлэг 20 минут, ахлах бүлэг 25 минут, бэлтгэл бүлэг 30 минутаар тус тус сургалт
явагдаж дуу шүлгээ давтана.
Тоглоомын цаг - Хүүхдүүдээ чөлөөтэй
тоглуулдаг. Тоглох явцад нь сайтар ажиглана. Хоорондоо хэрхэн харилцан ярьж
байна. Ямар зан гаргаж байна гээд л анги дүүрэн харахыг хичээдэг дээ.
Бага үдийн цай - Хүүхдүүдийг зөв дадал
хэвшил олгоход анхаарч ажиллана.
Өдрийн хооллолтын цаг - Хүүхдүүдийн хамт
ширээгээ засаж, хамтын хөдөлмөрт сургадаг.
Нойрсолтын цаг - Хүүхдүүдээ бие
засуулаад, хувцсыг нь тайлуулаад, унтлагын хувцсыг нь өмсүүлээд унтуулна. Бүүвэйн
дуу дуулах, ая сонсгох эсвэл үлгэрийн ном уншиж өгнө. Унтлагын цагаар багш нар
бичиг цаасны ажлаа амжуулна. Эсвэл хурал
цуглаан, сургалтад хамрагдана. Хүүхдүүд босоод ирэхээр ор хураах, хүүхдүүдийнхээ
үсийг нь самнаж байхдаа шүлэг дуугаа давтдаг.
Эрүүл ахуйн дадал олгох цаг - Хүүхдүүдийг чийрэгжүүлэх
буюу дасгал хөдөлгөөн зааж давтах үйл ажиллагаа явагдана.
Оройн цайлалт
Хөгжөөн баясах цаг - Үлгэрийн орчинд
хүүхдүүдийн хэл яриаг хөгжүүлж ажиллана.
Таралтын цаг - Гараас гарт хөтөлбөрийн
хүрээнд аюулгүй ажиллагааг ханган ажиллана. Үлгэр уншиж өгч чөлөөтэй тоглуулдаг,
эцэг эхчүүдээс асуусан зүйлсэд хариулах харилцан ярилцах гээд л бидний ажил дуусахгүй дээ. Тэгээд л хүүхдүүдээ
тарааж дуусаад гэр рүүгээ явна даа.
Салбар цэцэрлэг дээр ИНЕГ, ИНҮТ-ийн ажилтнуудын
цаг бүртгэлийн төхөөрөмж суурилуулсан. Үүнд эцэг эхчүүд хэр сэтгэл хангалуун
байдаг вэ?
Б.Батдэлгэр
/Бүлгийн багш/
Намайг Бодров овогтой
Батдэлгэр гэдэг. “Буянт-Ухаа” салбар бүлэг үүсэн байгуулагдсан үеэс бүлгийн
багшаар ажиллаж байна. Цэцэрлэг дээр ажилтнуудын цагийн бүртгэл суурилуулаагүй
байхад эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ бараг ангийнх нь үүд рүү түлхээд л ажлынхаа
цагтай уралдаад яаран гарч явдаг байсан. Цэцэрлэг дээр бүртгэлийн төхөөрөмж
суурилуулснаар эцэг эхчүүдтэй хүүхдийн болон ангид өрнөж байгаа зүйлсийн талаар
ярилцаад сууж байхад эцэг эхчүүд, бяцхан шавь нар болон багш миний сэтгэл маш
хангалуун байгаа.
Та хэдэн жил ажиллаж байна вэ? Ажилдаа сэтгэл ханамж
хэр байдаг бол?
Э.Батнавч
/Эрхлэгч/
Би боловсролын байгууллага, тэр дундаа сургуулийн өмнөх боловсролын
байгууллагад тасралтгүй 33 жил ажиллаж 2014 оноос хойш одоог хүртэл цэцэрлэгийн
эрхлэгчээр ажиллаж байна. Багаасаа л
удирдагч болно гэсэн чин хүслээр сурч хөдөлмөрлөн хичээн зүтгэж, энэхүү амжилтдаа
хүрч, хамтран ажиллаж байгаа бүхий л хүмүүсийн хайр энэрлийг хүртэж ажиллаж байгаа
учир өөрийн ажилдаа сэтгэл ханамж өндөр байдаг.
Та мэдлэг, чадвараа дээшлүүлэх тал дээр хэрхэн
анхаардаг вэ? Өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна?
Э.Сонинцэцэг
/Бүлгийн багш/
Өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж байгаа энэ эрин зуунд хүрээлэн буй орчноосоо болон техник технологиос суралцах зайлшгүй шаардлага өдөр тутмын сургалт, үйл ажиллагаанд тулгардаг. Тиймээс хэрэглээний программ болон бусад зүйлсээс суралцаж, Z үеийн бяцхан суралцагчаасаа түрүүлж мэдлэг чадварт суралцаж, өдөр бүр, цаг тутамд өөрийгөө хөгжүүлэн, түүнийгээ ажлын байран дээрээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
Ажил болоод хамт олныхоо талаарх сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцаач?
В.Сүхбат
/Хөгжмийн багш/
Миний нэрийг В.Сүхбат
гэдэг. Хөгжмийн багшийн мэргэжилтэй. СӨБ-ын байгууллагад 24 дэх жилдээ ажиллаж
байна. ИНЕГ-ын дэргэдэх "Буянт-Ухаа” салбар цэцэрлэгтээ 3 дахь жилдээ
ажиллаж байна. Миний бахархаж явдаг зүйл нь ИНЕГ гэдэг бол маш их хариуцлага
шаарддаг байгууллага. Олон арван хүний аюулгүй байдал, амь насыг хариуцан
ажилладгийн хувьд ар гэр, үр хүүхдэдээ
санаа зовох зүйлгүй байх нь амжилттай ажиллахын үндэс учраас тэдний үр
хүүхдүүдийг санаа зовох зүйлгүй асран хамгаалахын төлөө гар нийлэн ажилладаг
эвсэг хамт олны дунд явдагтаа туйлын их бахархдаг. Ингээд түүхт ойгоо угтан,
шаргуу хөдөлмөрлөж яваа ИНЕГ-ын хамт олондоо ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл
энх, аз жаргалыг хүсэн ерөөе.
Нисэхийн салбарын ажлын онцлогийн талаар таны
бодол? Та энэ салбарын юугаар бахархдаг вэ?
Э.Батнавч
/Эрхлэгч/
Миний аавын найз Баасанхүү ах минь нисэхэд ажиллаж байхад би онгоцонд нь
сууж үзээд энэ салбарын ажилтан болох юмсан гэсэн хүүхэд насны мөрөөдөлтэй
байлаа. Ах маань дуулдаг, бүжиглэдэг гээд маш олон төрлийн авьяастай хүн байсныг
одоо ч бахархан бодож явдаг юм. Бага насны хүүхдийн хүсэл мөрөөдлөөр нисэхийн
салбарт ажиллаж байгаадаа маш их баяртай байдаг. Нисэх гээд л бодох төдийд
сэтгэл сэргэж, өөрийн эрхгүй л энэ салбараар, энэ салбарын ажилчдаар бахархаж
явдаг аа.
Хичээлийн шинэ жил эхлээд 1 сарын хугацаа өнгөрч
байна. Энэ жилийн хувьд та бүхний төлөвлөсөн онцлог ажлууд юу байгаа вэ?
2024-2025 оны хичээлийн жил эхлээд хэдий ганцхан сар өнгөрч байгаа ч манай байгууллага, хамт олны хувьд амжилт бүтээл, бахархам сайхан зүйлс олон өрнөж өнгөрлөө. Тодруулбал, 2024 оны багшийн гүйцэтгэлийн үнэлгээгээр манай 16 багш амжилттай үнэлэгдсэн дүн гарсан. Мөн дээр хэлсэнчлэн Уран хөдөлгөөнт гимнастикийн баг хамт олон минь Азийн 6 дахь удаагийн соёлын наадамд оролцохоор баг хамт олноороо дор бүрнээ ажлын хариуцлага өндөр байж, энэ бүхний ард гарлаа. Ингээд цаашдын болон энэ хичээлийн жилийн хувьд манай хамт олон Нийслэлийн шилдэг менежменттэй цэцэрлэг шалгаруулах журмын дагуу шалгуулахаар зорьж байна. Мөн цаашлаад Уран хөдөлгөөнт гимнастик-2025 уралдаанд баг хамт олны хүчээр амжилтаа бататгаж оролцохоор зорьж байна. Энэ мэт олон олон ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.
Aviation photo news -ийн энэ удаагийн дугаарт оролцсон Нийслэлийн 250
дугаар цэцэрлэгийн хамт олондоо баярлалаа. Ажлын амжилт хүсье.
ИНЕГ "Шатахуун хангалтын албаны ажилтнуудын хөдөлмөр хамгааллын хувцас"-ны тендер зарлалаа.Тендерийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.