ИНҮТ-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс ээлжит мэдээллийн цаг арга хэмжээг өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд зохион байгууллаа. Энэ удаад “Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгооны ач холбогдол” сэдвийн хүрээнд өвчин эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх, эхэн үед нь оношлуулахын давуу тал, ач холбогдол болон эрүүл зөв хооллолтын талаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг хариуцсан их эмч Б.Сүхбаатар, Хоол зүйч эмч н.Наранжаргал нар мэдээлэл өглөө.
Орон даяар явагдаж буй урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо нь 0-5 нас, 6-17 нас, 18-30 нас, 31-45 нас, 46-60 нас, 61-ээс дээш насны ангиллаар явагдаж, тухайн насны бүлэгт тохирсон үзлэг, оношилгоог хийдэг байна. Эрт илрүүлгийн гол ач тус нь өвчлөл эхлэхээс урьдчилан сэргийлэх болон өвчлөлийн эхэн үед нь оношилж эмчлэн тухайн хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалахад оршдог. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд тогтмол хугацаагаар хамрагдаж байхыг их эмч Б.Сүхбаатар зөвлөлөө.
Мөн хүний биед хэрэгтэй амин дэм, эрдэм бодисоо хоол хүнсээр дамжуулан
хэрхэн зөв авах, хооллолт болон хоол хүнсээ сонгохдоо анхаарах зүйлсийн талаар
хоол зүйч эмч дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ажилтнуудын сонирхсон асуултад хариулсан
юм.
ИНҮТ-өөс нийт ажилтнуудыг эрүүл
мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулж байна. Мөн
ИНҮТ-өөс ажилтнуудынхаа эрүүл мэндээ хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор
дэргэдээ “Сэргээн засах клиник” байгуулж, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх
үзлэг, сэргээн засах үйлчилгээг хийхээр бэлтгэл ханган ажиллаж байгааг сургалтын
үеэр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга С.Батхуяг
танилцууллаа.
Тус сургалтад
ИНЕГ, ИНҮТ түүний харьяа салбар, нэгжийн болон орон нутгийн нисэх
буудлын ажилтнууд танхимаар болон цахимаар хамрагдав.
Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс Иргэний нисэхийн ерөнхий газрын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлийг Хан-Уул дүүргийн “Тэргүүний эцэг эхийн зөвлөл”-өөр шалгаруулсан байна. Өнөөдөр “Батламж”-ийг ИНЕГ ын дарга Ч.Мөнхтуяа, зөвлөлийн дарга Р.Амарбаясгалан, зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Замбуулин нарт Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Ганболд гардуулан өглөө. Иргэний нисэхийн ерөнхий газрын дэргэдэх Эцэг эхийн зөвлөл нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шинэчлэгдэн байгуулагдаж, олон талт ажил арга хэмжээг зохион байгуулсаар иржээ. Тухайлбал, 2023 онд ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлөөс гаргасан санаачилгын дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар 0-16 хүртэл насны хүүхдийн төрсөн өдрөөр 1 өдрийн, тухайн насны хүүхэд өвчилсөн тохиолдолд 5 хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгохоор шийдвэрлүүлсэн, ажилтнуудын хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний авьяас чадварыг нээн илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулсан уралдаан тэмцээн болон ОУ-ын олимпиадад оролцсон хүүхдүүдэд үзүүлсэн санхүүгийн дэмжлэг, ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлийн санаачилгаар ИНҮТ Байгалийн түүхийн музейтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, 2023 оныг дуустал тус музейг гэр бүлээрээ үнэ төлбөргүй үзэх боломжийг салбарын ажилтнууддаа олгосон, ИНЕГ БНСУ-ын ХАНСЕО их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа салбар нэгжийн ажилтнуудын ахлах ангийн 8 сурагчийг тус улсад зохион байгуулагдсан “МОНГОЛ-СОЛОНГОС СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР”-т хамруулсан гэх мэт оновчтой томоохон ажил арга хэмжээнүүд нь гол шалгуур үзүүлэлт болсныг Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Ганболд онцоллоо. Иргэний нисэхийн ерөнхий газар дэргэдээ Нийслэлийн 250 дугаар цэцэрлэгийн “Буянт-Ухаа” салбар цэцэрлэгийг байгуулан ажиллуулж, ажилтнуудын хүүхдүүд болон ойр орчмын төрийн байгууллага, оршин суугчдын хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж байгааг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа хэллээ.
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 99 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Салбарын аварга шалгаруулах Е-спортын тэмцээн” 2024 оны 4 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд Дота-2, Counter Strike-2 гэсэн төрлүүдээр амжилттай явагдаж өндөрлөлөө. Иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудаас идэвхтэй оролцсон нийт баг, тамирчдадаа баяр хүргэе. Тэмцээний шилдгүүдээр дараах багууд шалгарлаа. ДОТА 2 ТӨРЛӨӨР: 1-р байр Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэхийн холбоо навигаци ажиглалтын албаны "CNS" баг 2-р байр ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111-р ангийн "111" баг 3-р байр МИАТ ТӨХК “Team Unity” баг COUNTER STRIKE 2 ТӨРЛӨӨР: 1-р байр МИАТ ТӨХК “Team Unity” баг 2-р байр МИАТ ТӨХК “Team Winglet” баг 3-р байр МИАТ ТӨХК “Team ACE” баг тус тус шалгарлаа. Иргэний нисэхийн салбарын хэмжээнд Е-спортын тэмцээнийг 2012 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн бөгөөд Ковид-19 цар тахлын үед онлайн орчинд зохион байгуулж байсан юм. 99 жилийн ойг тохиолдуулан тус тэмцээнийг амжилттай зохион байгуулсан “Нисэхийн Е-спортын клуб”-ын хамт олонд талархал илэрхийлье.