ИНЕГ-ЫН ХАМТ ОЛНЫ МОДОН МОГОЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН ЗОЛГОЛТ БОЛЛОО

2025/03/31

Хаврын тэргүүн шар бар сарын хөх нохой өдөр ИНЕГ-ын хамт олны Модон могой жилийн сар шинийн золголт боллоо.

Золголтыг нээж ИНЕГ-ын дарга Э.Төрбаяр хамт олондоо 17 дугаар жарны “Элдэв эрдэнэт” хэмээгч модон могой жилийн сар шинийн мэнд дэвшүүлж, урган гарч буй жилдээ амьдрал нь сайн сайхнаар бялхаж, ажил үйлс нь амжилтаар арвин байхыг хүсэн ерөөлөө. 

Золголтод ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан, техникийн ухааны доктор, хурандаа Л.Лхагва болон М.Дагва, 2 удаа ИНЕГ-ын даргаар ажилласан С.Батмөнх нар, мөн ИНЕГ-ын дэд дарга, “МИАТ” ХК-ийн захирлаар ажиллаж байсан С.Хүрэлбаатар, ахмад инженер П.Эрдэнэ-Очир, Иргэний нисэхийн Ахмадын хорооны дарга З.Наранцэцэг оролцож, хамт олонтойгоо сар шинийн золголтоо хийлээ. 

Холбоотой мэдээ

МОНГОЛЫН БОЛОН ОЛОН УЛСЫН НИЙТ 20 МЭРГЭЖИЛТЭН ИРГЭНИЙ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗААВАРЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
2024/04/12

Иргэний нисэхийн ерөнхий газар нь Ази, Номхон далайн бүсийн Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн гишүүн ба тус хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн даргын үүргийг 2023-2024 онуудад гүйцэтгэж байгаа. Уг хөтөлбөрийн 2024 оны төлөвлөгөөнд “Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Иргэний нисэхийн аюулгүй байдлын зааварлагч” бэлтгэх олон улсын сургалтыг Монгол улсад зохион байгуулахаар тусгагдаж батлагдсаны дагуу сургалтыг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 5 хоног The Corporate Hotel & Convention Centre-д амжилттай зохион байгуулж дууслаа. Уг сургалтыг ИНҮТ-ийн харьяа НСТ нь хариуцан зохион байгуулсан бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгуудаас гадаадын суралцагч нар ирж хамрагдлаа. Тухайлбал, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Филиппин Улс, Камбожийн Хаант Улс, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс буюу нийт 6 улсаас Иргэний нисэхийн ерөнхий газар, Тээврийн аюулгүй байдлын газар, Иргэний нисэхийн академи зэрэг байгууллагуудын аюулгүй байдал хариуцсан 10 мэргэжилтэн, ИНҮТ-ийн Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын алба, Нисэхийн сургалтын төв болон “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК, “Хүннү Эйр”ХХК, “Изинес Эйрвэйз”ХХК-ийн 10, нийтдээ 20 мэргэжилтэн хамрагдаж, амжилттай төгсөн гэрчилгээжиж, иргэний нисэхийн аюулгүй байдлын зааварлагчид болон бэлтгэгдлээ. Уг сургалт нь ICAO-ийн стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөр боловсруулах арга зүйгээр боловсруулагдаж баталгаажсан бөгөөд суралцагч нарт нисэхийн аюулгүй байдлын сэдвээр сургалтыг хэрхэн чанартай явуулах, заах арга зүйн ур чадварыг олон улсын түвшинд хүргэн хэрхэн хичээлийг зааж сургах зэрэг онолын болон практик дадлагыг олгосон өндөр ач холбогдолтой сургалт болж өндөрлөлөө.   Цаашид, ICAO-ийн нэгдсэн нэг стандарт шаардлагаар боловсруулагдаж, батлагдсан олон улсын түвшний сургалтуудыг эх орондоо зохион байгуулж, ICAO-аас гэрчилгээжүүлэн, иргэний нисэхийн салбарын хүний нөөцийг бага зардлаар сургаж, бэлтгэх томоохон зорилгыг хэрэгжүүлэхээр ИНЕГ болон ИНҮТ-ийн хамт олон зорин ажиллаж байна.

АНУ РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ИНЕГ АНУ-ЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗАХИРГАА ХООРОНД ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
2024/04/26

Монгол Улсаас АНУ руу үйлдэх шууд нислэгийн бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр /2024.04.26 “Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон баримт, мэдээлэл болон түүнд хамаарах АНУ-ын аюулгүй байдлын эмзэг мэдээлэл солилцох тухай гэрээ”-г Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа болон АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яамны Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргааны дэд дарга Гари Ренфроу нар байгууллаа. Энэхүү гэрээг байгуулснаар хоёр улс нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон баримт, мэдээллийг харилцан солилцох хүрээг тогтоож байна. Мөн Олон улсын иргэний нисэх, тээврийн аюулгүй байдлын системд учирч болзошгүй аюул заналхийллийг илрүүлэх, тус тусын нисэхийн болон тээврийн аюулгүй байдлын тогтолцоо, дүрэм журам, үйл ажиллагааг сайжруулахад солилцсон туршлага, баримт, мэдээллийг хамгаалахад ач холбогдолтой юм. Түүнчлэн энэхүү гэрээ нь Монгол Улс, АНУ-ын агаарын тээврийн харилцааг улам өргөжүүлэх бөгөөд АНУ-ын Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргаа болон Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг олгоно. Ингэснээр шууд нислэг үйлдэх эхний бэлтгэл ажил хангагдаж, дараа дараагийн үе шатыг богино хугацаанд амжилттай төлөвлөх боломж бүрдэж байгаа юм.